УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм. 2017 оны байдлаар 18 аймаг, хотын 43 сум, дүүргийн 1929.67 га бүхий 143 талбайд бичил уурхайн дүгнэлт гарсан бөгөөд нийт 19 аймаг, нийслэлийн 2 дүүрэг, 82 суманд 580 нөхөрлөл ажиллаж, бичил уурхай эрхлэгч 6055 хүн, хувиараа ашигт малтмал олборлогч 4915 хүн байгаа талаар судалгаа гарчээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна гэлээ.
Холбогдох төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаагаар бичил уурхай эрхлэгчдийн 70.9 хувь нь эрэгтэй, бичил уурхайчдын дундаж нас 37.14 байгаа бөгөөд ам бүлийн хувьд дунджаар 4-5 хүнтэй байгаа аж. Судалгаанд хамрагдсан бичил уурхайчдын 43.1 хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 12.1 хувь нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байна. Тиймээс цаашид төрийн зүгээс бичил уурхай эрхлэгч иргэдэд ажил, мэргэжлийн өөр төрлийн, богино хугацааны сургалт, давтан сургалт явуулах, дадлагажуулах хугацаанд тэдгээрт түр хугацааны тэтгэлэг олгох, үр дүнг нь харгалзсан санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч хэллээ.
Төсөл санаачлагч болоод ажлын хэсгийн гишүүдийн хэлж буйгаар 18 аймаг, 43 суманд ажиллаж буй 6000 гаруй иргэн, 500-гаад нөхөрлөл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин тэдгээр хүмүүс, нөхөрлөлийн хажуугаар албан ёсны зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсаар байгаа гэлээ. Монголын бичил уурхайн нэгдсэн холбоонд бүртгэлгүй, гишүүнчлэлгүй атлаа техник хэрэгсэлтэй хүмүүс хууль бусаар бичил уурхайн олборлолт явуулаад байдаг хэмээн тус холбооны Гүйцэтгэх захирал Д.Баярмаа хэллээ. Ийм хүмүүсийн зарим нь гэмт хэрэгтнүүд, бөхчүүд, боксчид байдаг гэж тэрбээр тодотгоод тиймээс цаашид албан ёсны бүртгэлтэй, зөвшөөрөлтэй хүмүүсийг үнэмлэхжүүлээд, кодлоод явах нь зүйтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол хамгийн олон гарсан газар нь Налайхын уурхай болохыг тодотгоод 2006-2016 онд тус газарт 300 гаруй удаа осол гарч 125 хүн амиа алдсан гэлээ. 2017 онд л гэхэд 13 хүн амиа алдсан бөгөөд ийм газраас олборлолт хийхийг хүчээр зогсоосон ч иргэдийн амьжиргаа болохоор буцаад л ажиллаад эхэлдэг аж. Тиймээс бичил уурхайн зэрэгцээ ажлын байрыг бий болгож, иргэдийг мэргэшүүлэн шилжүүлэх асуудлыг тогтоолын төсөлд тусгаад байгаа гэсэн юм.
Бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлын байр руу шилжүүлэхийн тулд мэргэшүүлэх сургалтад хамруулах асуудлыг судалж үзсэн хэмээн төсөл санаачлагч хэлж байгаа юм. Энэ арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ хэд хэдэн олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчдийн зүгээс мэдэгдээд байгаа бөгөөд улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй хэмээн тооцож байгаа юм байна. Олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар 2015-2017 онд 247 га-д, бичил уурхай эрхлэгчид дундын сангаасаа санхүүжүүлэн 120 га газарт нөхөн сэргээлт хийсэн аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.
Т.Хулан