Хэл ам, эсэргүүцэл тэмцэлтэйгээр БНСУ-д Элчин сайдаар суух эрхээ авсан Б.Хурц хоёр хоногийн өмнө Солонгосыг зорьжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг батламжилснаар ийнхүү Солонгосыг зорьсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамтаар явсан гэнэ.
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттайгаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Түүнийг тус улсад Элчин сайдаар томилохыг УИХ-ын нэр бүхий гишүүдээс эхлэн олон хүн эсэргүүцэж байсан билээ. Тиймээс ч Ж.Батзандан Л.Болд тэргүүтэй гишүүд Б.Хурцаас болж хохирсон иргэдийг цуглуулан нээлттэй хэлэлцүүлгийг хүртэл зохион байгуулсан юм. Хэдий ингэсэн ч УИХ хаалттай хуралдаад түүнийг дэмжээд томилсон нь өнөөдөр олон хүний дургүйцлийг хүргээд байгаа юм.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Хурцыг БНСУ-ын талаас хүлээж авахгүй байх асуудал гарч магадгүй гэж буй.