Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрээсээ хичээлдээ явахаар гараад алга болсон найман настай Д.Сэржмядаг охины хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Тэгвэл түүнийг эрэн хайх ажил одоо ч үргэлжилж байгаа юм байна. Д.Сэржмядаг охин нь Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангид суралцдаг байсан. Сургуульдаа явахаар ягаан хүрмээ өмсч, ягаан цүнхээ үүрээд гарсан охин одоог хүртэл олдоогүй байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Охины авга ахыг бага насны хүүхэдтэй бэлгийн хавьталд орохыг завдсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэг охин алга болохоос өмнө гарсан. Д.Сэржмядаг алга болох үед авга ах нь цагдан хоригдсон байсан гэж Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс мэдээлсэн. Охиныг эрин хайх ажиллагааг цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна” гэв. Охины авга ахыг долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх асуудлаар шалгаж байгаа аж.
Т.Энхэлээ