Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Д.Энхболдбаатар: Манай улсын хувьд биткойнд тавих ямар ч хяналт, зохицуулалт байхгүй
Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхболдбаатартай ярилцлаа.
-Сүүлийн иргэд цахим мөнгө буюу биткойныг ихээр олборлох болж. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Биткойн гэдэг нь цахим мөнгө. Энэ нь blockchain технологит тулгуурлан олборлодог. Дэлхий дээр одоогийн байдлаар нийтдээ 21 сая гаруй биткойн олборлох боломжтой. Үүнээс одоогийн байдлаар 16 сая гаруй биткойн олборлогдсон гэж үздэг. Бутархай болон бүхэл биткойн хаана хаана арилжаа, гүйлгээнд орж байгаа талаарх мэдээлэл биткойнтой холбоотой комьпютерт бүртгэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл нэг данснаас гарсан нэг биткойны зарлага, нөгөө дансад орсон нэг биткойны орлого орсон энэ үйлдлийг биткойнтой холбоотой бүх компьютерт холбогдож байна. Үүнийг blockchain гэж нэрлэж байгаа юм. Энэ нь цаанаа тусгай алгоритимтай. Энэ алгеритимыг тусгай аргаар бодож байж биткойн олборлоно. Манай улсад сүүлийн жилүүдэд цахим мөнгө буюу биткойн олборлох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.
-Нийтдээ 21 сая гаруй биткойн олбордогдох боломжтой. Хэмжээ нь энэ гэж байна. Тэгэхээр дахин биткойн олборлох боломжгүй гэсэн үг үү?
-21 сая биткойн олборлоод хэмжээ нь дуусна. Нэг үгээр хэлбэл олборлох биткойн хэмжээтэй гэсэн үг. Гэхдээ ахиж олборлох боломжгүй. Яагаад гэвэл өгсөн өгөгдөл нь ийм хэмжээтэй. Энэ 21 сая гаруй биткойн нь онлайн зах зээлд арилжигдаж, эргэлдэнэ гэсэн үг. Биткойныг анх Японоос үүсэл, гаралтай гэдэг. Сато хироши гэдэг хүн 2009 онд анх биткойн олборлож гаргасан гэж үздэг.
-Яг өнөөдрийн байдлаар хэчнээн хүн биткойн олборлож байгаа тоо, судалгаа бий юу?
-Байхгүй. Энэ төрлийн судалгаа мэдээлэл өнөөдөр манай улсад төдийгүй олон улсад хийгдээгүй. Харин зарим нэг улс орны санхүүгийн агентлагт судалж байгаа.
-Манай улсад биткойны үйл ажиллагаа зохицуулах зохицуулалт бий юу. Ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
-Манай улс өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр шинээр батлагдсан. Энэ хууль ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд “Цахим мөнгө нь Монгол Усын мөнгөн тэмдэгттэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус гүйлгээг цахим мөнгө гэнэ” гэж заасан байгаа.
Тиймээс үүнд төр болон манай Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс зохицуулалт хийх ямар ч боломж байхгүй. Харин Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.
-Олон улсад биткойныг хэрхэн хүлээж авч байна вэ. Янз бүрийн байр сууринаас хүлээж авч байгаа харагддаг?
-Ихэнх улсууд биткойн болон бусад криптовалютыг хэрэглэхийг хууль бус гэж үзэхгүй байгаа ч криптовалютыг валют гэж үзэх тал дээр янз бүрийн байр суурьтай байна. Хөгжиж буй эдийн засагтай улсуудын хувьд цахим мөнгийг хэрэглэх тал дээр бүрэн дэмжсэн эсвэл үгүйсгэсэн байр суурьтай байгаа. Харин барууны ихэнх улсууд болон Азийн орнуудаас Япон, Сингапур улсууд эдийн засгийн инновацийг дэмжих замаар бусад улсаас илүү уян хатан хандаж байна. Жишээ нь Япон улс биткойнд эерэгээр ханддаг. 2014 онд Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагаас өөрийн улсыг биткойны аливаа үйлчилгээг явуулахад хамгийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан. Мөн 2017 онд Япон улсын Засгийн газраас цахим валютыг албан ёсоор төлбөрийн хэрэгсэл гэж үзэхээр болсноо мэдэгдсэн. Орос улс 2017 оны 9 дүгээр сард ОХУ-ын зохицуулагч байгууллагууд ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Биткойн болон бусад төрлийн криптовалютууд албан ёсоор зохицуулагдаж байгаагаа мэдэгдсэн байна. Сангийн яам болон төв банк криптовалютыг зохицуулах хуулийн төсөл дээр ажил эхэлсэн ба энэхүү хууль нь криптовалют арилжаалах бирж болон олборлогчдийг зохицуулсан байх болно гэж мэдэгджээ. АНУ-ын Эрдэнэсийн сангаас биткойныг хөрвөх чадвартай цахим валют хэмээх ангилалд оруулсан байдаг. Муж болгон биткойны талаар янз бүрийн байр суурьтай бөгөөд цахим валютийг хуульчлах, зохицуулалт хийх, болзошгүй гэмт хэргээс сэргийлэх тал дээр ажилласаар байна. 2017 оны байдлаар АНУ-ын 13 муж блокчейн технологи болон криптовалютийг нарийвчлан судалж, журам боловсруулсан байна. Энэхүү журам нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор криптовалют арилжаалж байгаа платформуудыг зохицуулах юм. Саяхан 9 дүгээр сард Хятадулс биткойн болон бусад криптовалютын ICO гаргах, худалдах, худалдан авалт хийх, олборлохыг хориглосон шйдвэр гаргасан.
-Нэг биткойны үнэ ханш анх гарч ирж байсан үеэсээ хэд дахин нэмэгдсэн. Үүнийхээ хэрээр валютын ханшийг зохиомлоор өсгөх сөрөг талтай гэх зүйл яригдаж эхэллээ?
-Өнөөдрийн ханшаар нэг биткойн 15 мянган ам.доллар байна. Гэтэл биткойны ханш унавал хэнд ч хандах боломжгүй болно. Биткойны үнэ ханш маш өссөлттэй байгаа. Энэ хэрээр валютын ханшийг зохиомлоор өсгөх сөрөг талтай байхыг үгүйсгэхгүй. Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа. Мөн дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа. Хэрэв та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцах ёстой.
“Бор шувуу”: Б.Хурцын асуудал хурцадсан уу
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоход нэг шат ахисан гэсэн үг. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг батламжих л үлдлээ. Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг асуудалгүй батламжилчих байх. Учир нь Ерөнхийлөгч өөрөө Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг УИХ-д оруулж ирсэн. Тэгэхээр өөрийн сонгосон хүнийг батламжлаад явуулах нь тодорхой.
Гэхдээ Ерөнхийлөгч Б.Хурцыг батламжилсан ч БНСУ-ын тал хүлээж авахгүй байж магадгүй гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэний дунд яригдаж эхэллээ. Учир нь Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлууд өнгөрсөн хугацаанд УИХ-ын түвшинд яригдаж зарим нь гэрчийн мэдээллээр дэлгэгдсэн тул БНСУ-ын тал түүнийг хүлээж авахгүй байж мэднэ гэх сураг байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талаар “Уг томилгоо УИХ-ын түвшинд томилогддог процессын дагуу л явагдсан. Бид асуудлаа ном, журмынх нь дагуу Солонгосын талд тавина. Солонгосын тал хүлээж авахгүй гэхгүй байх” гэсэн юм.
Хэдийгээр Гадаад харилцааны сайд нь ингэж хэлж буй ч Солонгосын тал Б.Хурцыг хууль бус олон асуудалд холбогдсон учраас хүлээж авахгүй байх гэх “бор шувуу” саарал ордонд нисч эхлээд байгаа юм. Б.Хурцыг хурандаа Д.Энхбатын үхэлд мөн С.Зориг агсаны хэрэгт гурван иргэнийг хэлмэгдүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон гэж буй. Мөн Эрдэнэтийн 49 хувийг зарах асуудалд албан тушаалаа ашиглан оролцсон цаашлаад эхнэрийнх нь компанийг шалгасан татварын байцаагчийг шоронд хорьсон гэх мэдээллийг түүний талаар хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэд ярьсан. Дээрхээс гадна Б.Хурц нь олон хүнийг хэлмэгдүүлж шоронд хорьсон мөн Европын оронд гэмт хэрэгт нэр холбогдож хөөгдсөн гэх мэдээлэл байдаг билээ.
Энэ мэт түүнтэй холбоотой сөрөг мэдээлэл урт хөвөрнө. Тийм ч учраас УИХ-д түүнийг хатуу эсэргүүцэх олон гишүүн байгаа. Тухайлбал, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан, А.Сүхбат гэх олон гишүүн түүнийг эсэргүүцэж Б.Хурцаас болж хохирсон гэх иргэдийг цуглуулан нээлттэй сонсголыг хүртэл зохион байгуулсан. Яг энэ сонсголыг зохион байгуулах үед ордны нөгөө талд Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцээд дэмжсэн. Энэ үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Би энэ томилгоог эрс эсэргүүцэж байгаа. Миний байр суурь тодорхой байгаа. Б.Хурцтай холбоотой яригдаад байгаа бүх зүйлүүд бүгд хуулийн байгууллагаар шалгагдана. Би УИХ-ын чуулганы хуралдаанд "Ийм томилгоо хийснийхээ төлөө та нар ичих болно" гэж хэлчихээд гараад ирсэн" гэх тайлбарыг хэлж байсан билээ.
Тэгвэл эдгээр гишүүд болон нийгмийн эсэргүүцэл БНСУ-ын талын чихэнд хүрсэн бололтой. БНСУ-ын хувьд улс төрийн өндөр хариуцлага, хатуу хууль дүрэм, ёс жаяг мөрдөгдөж ирсэн орон. Тийм учраас эндээс "борвиндоо баастай" очиж буй Б.Хурцын асуудлыг нэлээн нухацтай хэлэлцэх биз.
Цэц УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хаацайлсан хуулийн заалтыг хүчингүй болголоо
Хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нарын гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр хуралдлаа. УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэхээр ийн хуралдсан юм. Гурван иргэний гаргасан холбогдох гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хуралдаж шийдвэрээ танилцууллаа.
Үүнд “Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Үндсэн хуульд заасан 6.9.1 дэхь заалт буюу “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт нь өмнөх тус хуулийн хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзсэнийг хэлэлцлээ. Тиймээс уг хуулийн “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол гаргасан цагаас хүчин төгөлдөр болохыг дурьдсугай” гэсэн байна.
Д.Сэржмядаг охины авга ахыг бага насны охин хүчирхийлсэн хэргээр саатуулжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрээсээ хичээлдээ явахаар гараад алга болсон найман настай Д.Сэржмядаг охины хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Тэгвэл түүнийг эрэн хайх ажил одоо ч үргэлжилж байгаа юм байна. Д.Сэржмядаг охин нь Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангид суралцдаг байсан. Сургуульдаа явахаар ягаан хүрмээ өмсч, ягаан цүнхээ үүрээд гарсан охин одоог хүртэл олдоогүй байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Охины авга ахыг бага насны хүүхэдтэй бэлгийн хавьталд орохыг завдсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэг охин алга болохоос өмнө гарсан. Д.Сэржмядаг алга болох үед авга ах нь цагдан хоригдсон байсан гэж Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс мэдээлсэн. Охиныг эрин хайх ажиллагааг цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна” гэв. Охины авга ахыг долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх асуудлаар шалгаж байгаа аж.
Шинэ он гартал тэгш, сондгойгоор хязгаарлах уу
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас гаргажээ.Тус санал асуулгын үр дүнгээс шалтгаалж, тэгш сондгойгоор хязгаарлах эсэхийг шийдэх аж. Санал асуулга өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд дэмжигдвэл Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар нэмэгддэг бөгөөд хэрэв захирамж гарах юм бол арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.
Та саналаа Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаар дамжуулан өгөх боломжтой.
Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур суман хүчтэй газар хөдөлжээ. Тус сумын Хармай багийн "Хар адар" гэдэг газар энэ сарын 18-ны 14.41 цагийн үед 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тухайн үед иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол учраагүй аж.
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг ирэх оны эхний улиралд олгоно
НӨАТ-ын 2017 оны буцаан олголтын мөнгийг ирэх оны эхний улиралд олгогдох юм байна. Тодруулбал ирэх 2018 оны 3-р сарын 31-ны дотор нэгдсэн байдлаар олгож дуусгах юм байна. ebarimt.mn сайтад бүртгүүлснээр 100 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд хамрагдах, тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувь буюу төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахаар болсон билээ.
Согтуу иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлэв
Шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас "Сонор" арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчид энэ сарын 18-ны өдөр Теди худалдааны төв орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Т-гийн гар утас болон бэлэн мөнгийг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь шөнийн цагаар автомашинтай явж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй хүмүүсийг дээрэмддэг болох нь тогтоогдсон байна.
Хөнгөлөлттэй эмийг маргаашаас эхлэн өдөр бүр худалдаалах шийдвэр гаргажээ
Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Тэгвэл маргаашнаас /2017.12.21/-ээс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалах шийдвэр гаргажээ. Ингэснээр иргэдийг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэгийг болиулж байна.