УИХ-ын чуулганы хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан боловч ирц хүрэхгүй гэх шалтгаанаар АН-ын бүлэг завсарлага авав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан асуулт асууж, нэлээд шүүмжилсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Ийм асуудлаас болоод л та нарыг огцрох ёстой гээд байгаа юм. Та нар намайг Г.Уянга биш Чингэлтэйн 120 мянган иргэн гээд харчих л даа. Хүмүүсийг сонсохгүй байхаар сүүлдээ эцэг эхийнхээ үгэнд орно байх гэж бодоод захидал бичлээ шүү дээ” гэв. Харин үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Г.Уянга гишүүний хийж байгаа үйлдлийг залуучууд ПОП гэдэг юм билээ. Шинжлэх ухааны онолоороо бол популизм. Наад популизмыг чинь ард түмэн одоо мэднэ ээ. Ажил хийж байгаа хүн шүүмжлэлд өртдөг. Та нар эдийн засгаа өсгө гэдэг. Эдийн засгаа өсгөе, идэвхжүүлье гэхээр яг эсрэгээр нь ингээд популизмдаад. Миний аав 80 настай, Баярцогтын аав бас 80 настай. Уянга гишүүн таны хажууд хийхээ хийчихээд гавъяаны амралтаа авчихаад амарч байгаа. Та улстөрөө хийх бол энэ танхимдаа ярь. Хань ижлээ алдаад ганцаараа сууж байгаа 80-тай өвгөн рүү битгий захидал бич. 40-тэй хүүхэн 80-тай өвгөн рүү захиа бичээд байх юм. Одоо боль. Ярих юм байгаа бол надтай ярь. Гэр бүл рүү битгий ор. Ажил хийж байгаа хүмүүс хүнд шийдвэрийг гаргадаг. Таны хэлсэн үг болгон алга ташуулах албагүй. Уянгаа наад улс төрөө одоо больчих. Надах чинь арай хэтэрлээ" гэв.