ЧУУЛГАН
УИХ-ын чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Б.Нарантуяагийн хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл цацагдсан ч өөрөө үгүйсгэсэн юм. Тэрбээр Дархан аварга Г.Өсөхбаярын гэргий юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар ярихдаа "Уг нь өнөөдөр нэг хүний албан тушаал ярьж байхын оронд дэгдээд байгаа томуу, эмнэлгийн орны асуудал яривал сайн. Б.Нарантуяа нь түр орлон гүйцэтгэгч. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээ. Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэв.
Д.Сарангэрэл сайдын мэдэгдлийн дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Т.Энхэлээ