УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь ОХУ-аас импортоор авч буй цахилгаан, эрчим хүчийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудал юм. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Сэргээгдэх эрчим хүчийг сэргээх ажлыг дэмжиж байна. Үүнийг сайд Ц.Даваасүрэн хэрэгжүүлж чадна. Гэхдээ Ц.Даваасүрэн хоёр нүүр гаргаад байгаа шүү.Наашаа харж өөр юм ярина. Цаашаа харж бас өөр юм ярина" гэв.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Нар салхины станцын талаар товч тайлбарлахад. Манай улс үндэсний нэгдсэн тогтвортой системгүй. Ийм улс оронд нар салхины систем хязгаартай байдаг. Нөгөө талаасаа хуримтлалуурын асуудал бол үнэтэй. 5-10 жилийн дараа хослосон хуримтлалуур гарах байх. Нарны үүсгүүрийг хуримтлалууртай хийе гэхээр квт нь 15 цент болчихоод байгаа юм. Үнэтэй хуримтлалуур тавихаар хэрэглэхэд хэцүү юм. Бусад улс орны хувьд бусад бүх зохицуулалтыг нь хийгээд өгчихөөр арай өөр л дөө" гэх мэдээллийн хурлын дундуур өгсөн юм.
Уг асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 80 орчим хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ..
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Т.Энхэлээ