8o
Улаанбаатар хот
mobile menu

Chuhal.mn: 2017 оны ГЭГЭЭЛЭГ 10 үйл явдлыг онцолж байна

2017-12-22 09:52:00

Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс болсон 2018 он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Улиран одож буй 2017 онд бид бүгдэд эргэн дурсах дурсамжтай, санан эргэцүүлэх сургамжтай, бодож баясах мөчүүдтэй, бас хөгжиr дэвшин дээдлэх гээд олон үйл явдлыг бэлэглэсэн нь гарцаагүй.Chuhal.mn сайт 2017 онд болсон “ГЭГЭЭЛЭГ 10 ҮЙЛ ЯВДЛЫГ” онцолж байна.  

Жүдогийн “ТОД ОД” Д.Сумъяа

"Эгэл бор царай нь бүсгүй биеийг чимнэ 

Эрэлхэг уран барилдаан нь дэлхийн аваргыг чимнэ 

Жирийн монгол эмэгтэй 

Жүдогийн ТОД ОД". Энэ бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа юм. Тэрбээр Унгарын Будапешт хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий аваргын алтан медалын эзэн болсон юм. Аваргын алтан медалийн төлөөх барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн нь дэлхийн аваргын түүхэнд хамгийн удаан болсон барилдаан гэж тодотгож байсан удаатай. Түүний энэ барилдаан ТЭВЧЭЭР, ЗҮТГЭЛИЙН ОРГИЛ болж монголын ард түмэн нэгэн дуугаар ухайлж, нүдэндээ баяр, бахдалын нулимастай төрийн дууллаа Будапештийн тэнгэрт эгшиглүүлсэн жил байлаа.

Ид шидийн юм шиг сүндэрлэсэн “Ид шидийн орон”

Гэр хорооллын буйдхан гудманд хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл болсон “Ид шидийн орон” сүндэрлэсэн нь энэ оны хамгийн гэгээлэг үйл явдлын нэг яахын аргагүй мөн. Хүүхэд, багачууддын цангинасан дуугаар үүдээ нээх энэхүү “Ид шидийн орон” –ыг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан анх санаачилжээ.

"Ид шидийн орон" цогцолбор нийт ес обьектоос бүрдэх бөгөөд 8x15 метрийн харьцаатай хоёр барилга, 50 хүүхэд тойрч суух саравч, 6 ханатай гэр, тоглоомын талбай, сагсны талбай, хүлэмж, харуулын сууц бүхий автобус багтах гарааш, гурван айлын жижиг гэр хотхоноос бүрдсэн аж.

Уг цогцолбор бүхэлдээ байгальд ч, хүнд ч ээлтэй бүтээн байгуулалт. Учир нь дээвэр дээр нарны эрчим хүч үйлдвэрлэх хавтанг байрлаж, гэрүүдийн дулааныг шалны халаалтаар шийдэж, хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг гаргаж өгсөн байна. Дээр нь мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй зам талбай, орц гарцууд шийдэж өгсөн нь хүүхдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ид шидийн юм шиг сүндэрлэсэн "Ид шидийн орон" сэтгэл, зүтгэл, чин хүсэл нийлсэн залуус тавхан сарын дотор бэлэн болжээ. 

Монгол эмчийн чадвар дэлхийд үнэлэгдсэн нь

Улиран өнгөрч буй 2017 онд монгол эмчийн чадвар дэлхийд үнэлэгдсэн нь хамгийн сайхан мэдээд зүй ёсоор тооцогдох нь лавтайяа. Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдгийн шилдэг таван мэс засалчийг шалгаруулахад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн тодорч 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон юм.

Дэлхийн мэс засалчдын олимп гэх тодотголтой уг шагналд энэ жил орон орны 70 гаруй мэс засалч өрсөлдсөнөөс монгол эмч анх удаа шалгарсан нь эмч нарын чадал чансаа олон улсад ямар төвшинд явааг таниулсан сайхан үйл явдал болсон юм. Улмаар монгол эмчийн чадвар дэлхийд үнэлэгдсэн жил ийнхүү улирч байна.

Мөн эрүүл мэндийн салбарт нэг томоохон ахиц гарсан нь элэг солиулах хагалгааг үнэгүй хийдэг болсон юм. 

Ц.Санчир: Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц л гэр бий

“ТАСАМ”-ийн гэх тодотголтой Ц.Санчир гэх энэ эрхэм бүсгүйн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээл 2017 оны Төрийн шагнал хүртсэн нь нүдээ олсон шагнал гэж дуу нэгтэйгээр хэлэх хүн олон бий.

Учир нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийж, ийг перс, англи, монгол хэл, бичгээр ийнхүү бүтээлээ хэвлүүлжээ.

Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн нь оны онцлоход зүй ёсоор багтаж байна. Тэрбээр шагнал авсныхаа дараахан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц л гэр бий” хэмээжээ.

Дэлхийн энтэй дуучин Г.Ариунбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар дэлхийн энтэй дуучин гэдгээ баталж “ВВС Cardiff singer of the world” тэмцээнээс аваргын цом хүртэв. Мөн олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын шилдэг 5 дуучны нэг болж мэргэжлийн ур чадвараа гайхуулж, Монгол эх орон, монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтууллаа. 

Элэг бүтэн амьдрал бэлэглэсэн эмч 

Эрдэнэт хүний амь үнэтэй, тэр тусмаа Монгол хүний амь хамгийн үнэ цэнэ.  

Нэг гэр бүлийн 5 хүний амийг аварч монгол улсын нэгэн сайхан гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн залуу эмч Б.Түмэнбаярыг онцлохгүй байхын аргагүй.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Баянхошууны замд 40 тонны контейнерт даруулсан гэр бүлийн 5 хүний алтан амийг аварсан залуу эмч Б.Түмэнбаярыг энэ оны сайн үйлтэн. Тэрбээр Увс аймгийн уугуул гэр бүлийн гишүүд нь бүгд эмч мэргэжилтэй, эмнэлгийн салбарт ажилладаг аж.

Б.Түмэнбаяр "Осол гарсан байсныг хараад хамгийн түрүүнд дуудлага дуудаж, ирэх хүртэл анхны тусламж үзүүлсэн. Хүний амийг аврах нь миний хувьд хамгийн чухал. Өргөсөн тангарагтаа үнэнч байж нэг бүлд амьдралд бэлэглэсэндээ баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд 2017” тэмцээнийг финалдав 

Компьютер график болон бүжгийн хослолыг ашиглаж өөрийн дотоод мөн чанар, авъяасаа монголдоо төдийгүй олон улсад таниулж чадсан хүн бол “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат юм. Тэрбээр "Авьяаслаг Монголчууд" шоуд оролцож байхдаа “Бурхны оронд одсон найздаа зориулсан үзүүлбэр нь үзэгчид төдийгүй шүүгчдийн сэтгэлд хүрч байсан удаатай.

Б.Шижирбат нь “Авьяаслаг Азичууд 2017” нэвтрүүлэгт амжилттай оролцож олон нийтийн саналаар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Монгол, Филлиппин, Индонез, Киргизстан, Малайз, Тайвань зэрэг улсын найман оролцогч өрсөлдсөнөөс тэмцээний ялагчаар 261 сая хүн амтай Индонезийн оролцогч, аймшгийн  үзүүлбэрээрээ оролцсон илбэчин Гэгээн Риана тодорсон юм.

Тэмцээний ялагч болоогүй ч Б.Шижирбат шилдгүүдийн тоонд дээгүүрт багтсан нь монголчуудын авъяас чадвар ямар төвшинд хүрснийг батлах тод жишээ нь болсон юм.

Монголын эрэлхэг хөвгүүдийн яруу алдар бадартугай

Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй тус дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун үргэлж гардаг. БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн  дүрвэгсдийн хуаран руу зэвсэглэсэн дээрэмчид нэвтрэн гурван иргэнийг хүнд гэмтээж, улмаар энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдахаар зэхэж байсныг таслан зогсоожээ. Хүнд гэмтсэн гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж эрүүл мэнд амь насыг нь аварчээ. 

 Монголын эрэлхэг хөвгүүдийн яруу алдар бадарч, өргөн тангарагтаа үнэн ч, эр зориг нь үргэлжид бат сайхан оршиг.

Дэлхийн чихэнд монгол хүний оюуны чадамжийг ахин шивнэсэн жил

Монгол хүний Оюун ухаан ба IQ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэг гэдгийг баталж нэг тэмцээнээс 57 медалт хүртсэн нь энэ жилийн онцлох сайхан зүйл юм. Тодруулбал Индонези Улсын Жакарта хотод энэ сарын 1-3-ны өдрүүдэд болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож үнэмлэхүү амилт гаргаж дэлхийн чихэнд монгол хүний оюуны чадамжийг ахин шивнэсэн жил байв.

Уг тэмцээнд багаараа үнэмлэхүй амжилт гаргаж 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн, багийн дүнгээр 22531 оноо цуглуулсан юм. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй оюунаа сорьжээ.

 Ээжүүд цалинтай болсон

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч хүн амын өсөлт идэвхтэй нэмэгдэж буй энэ цаг үед “Цалинтай ээж” хөтөлбөрт ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон нь сайхан мэдээ юм. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталсан юм.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment