Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлж буйгаар эрүүл мэндийн салбарт хоёр л асуудал хөндүүртэй, хүнд байгаа гэнэ. Нэг нь ханиад томууны дэгдэлт, эмнэлгийн орны хүртээмж асуудал бол нөгөө нь Эрүүл мэндийн хөгжлийн газрын дарга Б.Нарантуяагийн асуудал аж.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд чуулганы хуралдаанд ярьсан бөгөөд ярихдаа ханиад томуугаа биш Б.Нарантуяагийн албан тушаал, сандал ширээтэй холбоотой асуудлыг тодотгож нь хачирхал төрүүлэв. Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Д.Сарангэрэл сайд хэлэлцэж буй асуудалтай холбоогүй тэс хөндлөн зүйл ярьсан нь Б.Нарантуяагийн асуудал байв. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь Дархан аварга Г.Өсөхбаярын гэргий бөгөөд авлига авсан хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлээр гарсан. Одоо түүнийг сулласан бөгөөд гадуур шалгаж байгаа гэх. Харин Дархан аварга Г.Өсөхбаярын гэр бүлээс Б.Нарантуяаг саатуулсан, шалгасан зүйл огт байхгүй гэх мэдээллийг өгөөд юм байгаа юм.
Түүний энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы хуралдаанд “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг би ярьж байна. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээ. Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна.Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэсэн.
Түүний ярианаас дүгнэвэл удахгүй Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөх нь тодорхой аж. Гэхдээ салбар хариуцсан сайдын хувьд баталгаатай баримтад үндэслэхгүйгээр дээрх мэдээллийг өгчих шиг санагдав. Өөрөөр хэлбэл, хэн нэгний хов живээр Б.Нарантуяаг буруутгаж байгаа мэт харагдлаа. Уг нь салбар хариуцсан сайд нь ажлаа булаалгасан, булааж авсан гэх хоёр нөхрийг хамтад нь суулгаж асуудлыг нь сонсоод зохих журам, дүрмийн дагуу шийдвэрээ гаргасны дараа хоёр талын байр, суурийг нийтэд хүргэх ёстой. Түүнээс хэн нэгнийг муулж ярьсан яриа эсвэл эсрэг мэдээллээр нь нөгөөхийг нь буруутгах нь сайдын хийх ажил биш. Тэгээд ч энэ асуудлыг салбар хариуцсан сайд бус хуулийн байгууллага шийдэх юм шиг харагдаж байна. Хуулиар хэн нэгний гэм буруутай нь нотлогдоогүй бол түүнийг гэмт хэрэгтэнд тооцож болдоггүй хуультай. Гэтэл өнөөдөр Б.Нарантуяа болон өмнөх дарга хоёрынх нь чухам хэн нь буруутайг албан ёсоор хуулийн байгууллагаас тогтоогоогүй байхад салбарын сайд нь нэгнийг нь буруутган ярьж боломгүй санагдана.
Тэгээд УИХ дээр энэ мэт хов, жив ярих нь Д.Сарангэрэл сайдыг өөрийг нь эрх ашгийн зөрчилтэй мэтээр хүнд ойлгуулж байна. Ер нь уг асуудал Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш болж буй нь өөрөө анхаарал татна.
Хүний зовлонг хүн ойлгоддоггүй гэдэг. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж буйгаар Б.Нарантуяагийн ажлыг нь булааж авахын тулд шоронд орсон гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан гэнэ.
Яг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ярихдаа “Ажлаа хийж яваа хүнийг ажлыг нь авахын тулд шоронд орсон гэдэг худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараалаа. “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Эрүүл мэндийн Хөгжлийн газрын дарга Б.Нарантуяа шоронд оржээ” гэж гүтгэн нэр хүндэд нь халдлаа. Зорилго нь юу вэ гэхээр тухайн хүний ажлыг нь авах санаархал цаана нь яваад байгаа юм. Үүний ард гүтгүүлсэн хүний нэр хүнд, гэр бүл цаашлаад тухайн байгууллага, салбарын нэр хүнд давхар унаж, хохирч байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар иймэрхүү увайгүй, зарчимгүй явдлыг таслан зогсоож, зохион байгуулалттайгаар ийм ажил хийж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцдог стандартыг нэвтрүүлж, оруулж ирэх ёстой. Энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс Дархан аварга Г.Өсөхбаяр аваргын эхнэрээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Би Архангай аймгийн “Бөхбилэгт” дэмжээний тэргүүний хувьд үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цаашдаа ёсзүйн стандартын код гэдгийг Засгийн газар улс төрийн албан тушаалын чиг баримжаандаа оруулж ирэх хэрэгтэй. Энэ асуудлыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар анхааралдаа авах хэрэгтэй. Салбарын яамыг удирдаж байгаа хүмүүс төрийн албанд мөрөөрөө ажиллаж байгаа нэгнийхээ ажлыг булааж авахын тулд шоронд орлоо гэх гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж ажиллаж болохгүй. Хэрвээ асуудал ийм дээрээ тулбал УИХ дээр жинхэнэ стандарт ярина шүү” гэсэн юм.
Ямартай ч Эрүүл мэндийн хөгжлийн газарт асуудал гарсан нь үнэн байна. Үүнийг салбарын сайд нь бүр асуудал болголгүй шийдвэл сайнсан.