ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн А.Сүхбат хойшлуулах гаргалаа. Уг хуулийн төслийн гол агуулга нь бичил уурхай эрхлэгчид буюу нинжа нарыг мэргэжил сургалтад хамруулж тэднийг зохион байгуулалтад оруулах юм. Хуулийг санаачлагч Т.Аюурсайхан "Бичил уурхай эрхлэгчдэд хөдөлмөр хамгаалал байхгүй, ашиг багатай, амь нас нь аюултай нөхцөлд ажилладаг. Бичил уурхай эрхлэгчид бол уурхайн үлдэгдэл дээр нь ажиллаж байгаа хүмүүс. Амьжиргаагаа аваад явж байгаа хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Санал хураалтаар гишүүн А.Сүхбатын горимын санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. Дараагаар нь Б.Энх-Амгалан гишүүн мөн уг асуудлыг хойшлуулах санал гаргалаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй ч хөдөлмөр хамгаалал, иргэдийн эрүүл мэнд, ус, ой хамгаалалын олон асуудал бичил уурхайн эргэн тойронд яригдана гэдгийг хэлсэн юм. Тиймээс дахин Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал хураалт явууллаа. Гишүүдийн 68.6 хувийн саналаар уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тогтоолыг санаачлагчийн хувиар "Өмнө нь мэргэжлийн хяналтаас бичил уурхайнуудыг хааж ирсэн. Гэлээ ч үр дүнгээ өгч байгаагүй. Энэ онд бичил уурхайд 13 хүн амь насаа алдсан байна. Өнөөдөр манай улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байгаа үед уурхайг хааж үйл ажиллагааг нь зогсоох нь чухал биш. Бичил уурхай эрхэлж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амь насыг нь хамгаалах, уурхайд гарч болзошгүй эрсдлийг бууруулах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Томоохон аж ахуй нэгжүүд нөхөн сэргээлтийг ямар нэг хэмжээгээр хийж байхад бичил уурхайчид огт хийхгүй байна. Байгаль орчинд өнөөдөр хамгийн их хохирол учруулж байгаа бизнес бол бичил уурхай эрхлэгчид байдаг" гэсэн юм.
Т.Энхэлээ