8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголбанк Мөнгөний бодлогын хүүг 11 хувь болгож бууруулж, Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хойшлуулсан өдөр

2017-12-22 18:45:00

“Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Chuhal.mn: 2017 оны ГЭГЭЭЛЭГ 10 үйл явдлыг онцолж байна

Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс болсон 2018 он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Улиран одож буй 2017 онд бид бүгдэд эргэн дурсах дурсамжтай, санан эргэцүүлэх сургамжтай, бодож баясах мөчүүдтэй, бас хөгжиr дэвшин дээдлэх гээд олон үйл явдлыг бэлэглэсэн нь гарцаагүй. Chuhal.mn сайт 2017 онд болсон “ГЭГЭЭЛЭГ 10 ҮЙЛ ЯВДЛЫГ” онцолж байна.  

Жүдогийн “ТОД ОД” Д.Сумъяа

"Эгэл бор царай нь бүсгүй биеийг чимнэ 

Эрэлхэг уран барилдаан нь дэлхийн аваргыг чимнэ  

Жирийн монгол эмэгтэй 

Жүдогийн ТОД ОД". Энэ бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа юм. Тэрбээр Унгарын Будапешт хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий аваргын алтан медалын эзэн болсон юм. Аваргын алтан медалийн төлөөх барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн нь дэлхийн аваргын түүхэнд хамгийн удаан болсон барилдаан гэж тодотгож байсан удаатай. Түүний энэ барилдаан ТЭВЧЭЭР, ЗҮТГЭЛИЙН ОРГИЛ болж монголын ард түмэн нэгэн дуугаар ухайлж, нүдэндээ баяр, бахдалын нулимастай төрийн дууллаа Будапештийн тэнгэрт эгшиглүүлсэн жил байлаа.

Ид шидийн юм шиг сүндэрлэсэн “Ид шидийн орон”

Гэр хорооллын буйдхан гудманд хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл болсон “Ид шидийн орон” сүндэрлэсэн нь энэ оны хамгийн гэгээлэг үйл явдлын нэг яахын аргагүй мөн. Хүүхэд, багачууддын цангинасан дуугаар үүдээ нээх энэхүү “Ид шидийн орон” –ыг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан анх санаачилжээ.

"Ид шидийн орон" цогцолбор нийт ес обьектоос бүрдэх бөгөөд 8x15 метрийн харьцаатай хоёр барилга, 50 хүүхэд тойрч суух саравч, 6 ханатай гэр, тоглоомын талбай, сагсны талбай, хүлэмж, харуулын сууц бүхий автобус багтах гарааш, гурван айлын жижиг гэр хотхоноос бүрдсэн аж.

Уг цогцолбор бүхэлдээ байгальд ч, хүнд ч ээлтэй бүтээн байгуулалт. Учир нь дээвэр дээр нарны эрчим хүч үйлдвэрлэх хавтанг байрлаж, гэрүүдийн дулааныг шалны халаалтаар шийдэж, хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг гаргаж өгсөн байна. Дээр нь мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй зам талбай, орц гарцууд шийдэж өгсөн нь хүүхдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ид шидийн юм шиг сүндэрлэсэн "Ид шидийн орон" сэтгэл, зүтгэл, чин хүсэл нийлсэн залуус тавхан сарын дотор бэлэн болжээ. 

Монгол эмчийн чадвар дэлхийд үнэлэгдсэн нь

Улиран өнгөрч буй 2017 онд монгол эмчийн чадвар дэлхийд үнэлэгдсэн нь хамгийн сайхан мэдээд зүй ёсоор тооцогдох нь лавтайяа. Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдгийн шилдэг таван мэс засалчийг шалгаруулахад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн тодорч 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон юм.

Дэлхийн мэс засалчдын олимп гэх тодотголтой уг шагналд энэ жил орон орны 70 гаруй мэс засалч өрсөлдсөнөөс монгол эмч анх удаа шалгарсан нь эмч нарын чадал чансаа олон улсад ямар төвшинд явааг таниулсан сайхан үйл явдал болсон юм. Улмаар монгол эмчийн чадвар дэлхийд үнэлэгдсэн жил ийнхүү улирч байна.

Мөн эрүүл мэндийн салбарт нэг томоохон ахиц гарсан нь элэг солиулах хагалгааг үнэгүй хийдэг болсон юм. 

Ц.Санчир: Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц л гэр бий

“ТАСАМ”-ийн гэх тодотголтой Ц.Санчир гэх энэ эрхэм бүсгүйн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээл 2017 оны Төрийн шагнал хүртсэн нь нүдээ олсон шагнал гэж дуу нэгтэйгээр хэлэх хүн олон бий.

Учир нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийж, ийг перс, англи, монгол хэл, бичгээр ийнхүү бүтээлээ хэвлүүлжээ.

Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн нь оны онцлоход зүй ёсоор багтаж байна. Тэрбээр шагнал авсныхаа дараахан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц л гэр бий” хэмээжээ.

Дэлхийн энтэй дуучин Г.Ариунбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар дэлхийн энтэй дуучин гэдгээ баталж “ВВС Cardiff singer of the world” тэмцээнээс аваргын цом хүртэв. Мөн олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын шилдэг 5 дуучны нэг болж мэргэжлийн ур чадвараа гайхуулж, Монгол эх орон, монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтууллаа. 

Элэг бүтэн амьдрал бэлэглэсэн эмч 

Эрдэнэт хүний амь үнэтэй, тэр тусмаа Монгол хүний амь хамгийн үнэ цэнэ.  

Нэг гэр бүлийн 5 хүний амийг аварч монгол улсын нэгэн сайхан гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн залуу эмч Б.Түмэнбаярыг онцлохгүй байхын аргагүй.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Баянхошууны замд 40 тонны контейнерт даруулсан гэр бүлийн 5 хүний алтан амийг аварсан залуу эмч Б.Түмэнбаярыг энэ оны сайн үйлтэн. Тэрбээр Увс аймгийн уугуул гэр бүлийн гишүүд нь бүгд эмч мэргэжилтэй, эмнэлгийн салбарт ажилладаг аж.

Б.Түмэнбаяр "Осол гарсан байсныг хараад хамгийн түрүүнд дуудлага дуудаж, ирэх хүртэл анхны тусламж үзүүлсэн. Хүний амийг аврах нь миний хувьд хамгийн чухал. Өргөсөн тангарагтаа үнэнч байж нэг бүлд амьдралд бэлэглэсэндээ баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд 2017” тэмцээнийг финалдав 

Компьютер график болон бүжгийн хослолыг ашиглаж өөрийн дотоод мөн чанар, авъяасаа монголдоо төдийгүй олон улсад таниулж чадсан хүн бол “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат юм. Тэрбээр "Авьяаслаг Монголчууд" шоуд оролцож байхдаа “Бурхны оронд одсон найздаа зориулсан үзүүлбэр нь үзэгчид төдийгүй шүүгчдийн сэтгэлд хүрч байсан удаатай.

Б.Шижирбат нь “Авьяаслаг Азичууд 2017” нэвтрүүлэгт амжилттай оролцож олон нийтийн саналаар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Монгол, Филлиппин, Индонез, Киргизстан, Малайз, Тайвань зэрэг улсын найман оролцогч өрсөлдсөнөөс тэмцээний ялагчаар 261 сая хүн амтай Индонезийн оролцогч, аймшгийн  үзүүлбэрээрээ оролцсон илбэчин Гэгээн Риана тодорсон юм.

Тэмцээний ялагч болоогүй ч Б.Шижирбат шилдгүүдийн тоонд дээгүүрт багтсан нь монголчуудын авъяас чадвар ямар төвшинд хүрснийг батлах тод жишээ нь болсон юм.

Монголын эрэлхэг хөвгүүдийн яруу алдар бадартугай

Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй тус дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун үргэлж гардаг. БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн  дүрвэгсдийн хуаран руу зэвсэглэсэн дээрэмчид нэвтрэн гурван иргэнийг хүнд гэмтээж, улмаар энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдахаар зэхэж байсныг таслан зогсоожээ. Хүнд гэмтсэн гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж эрүүл мэнд амь насыг нь аварчээ. 

 Монголын эрэлхэг хөвгүүдийн яруу алдар бадарч, өргөн тангарагтаа үнэн ч, эр зориг нь үргэлжид бат сайхан оршиг.

Дэлхийн чихэнд монгол хүний оюуны чадамжийг ахин шивнэсэн жил

Монгол хүний Оюун ухаан ба IQ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэг гэдгийг баталж нэг тэмцээнээс 57 медалт хүртсэн нь энэ жилийн онцлох сайхан зүйл юм. Тодруулбал Индонези Улсын Жакарта хотод энэ сарын 1-3-ны өдрүүдэд болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож үнэмлэхүү амилт гаргаж дэлхийн чихэнд монгол хүний оюуны чадамжийг ахин шивнэсэн жил байв.

Уг тэмцээнд багаараа үнэмлэхүй амжилт гаргаж 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн, багийн дүнгээр 22531 оноо цуглуулсан юм. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй оюунаа сорьжээ.

 Ээжүүд цалинтай болсон

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч хүн амын өсөлт идэвхтэй нэмэгдэж буй энэ цаг үед “Цалинтай ээж” хөтөлбөрт ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон нь сайхан мэдээ юм. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталсан юм.

Салбар хариуцсан сайд уу, "сайн дурын уран сайханч уу"

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлж буйгаар эрүүл мэндийн салбарт хоёр л асуудал хөндүүртэй, хүнд байгаа гэнэ. Нэг нь ханиад томууны дэгдэлт, эмнэлгийн орны хүртээмж асуудал бол нөгөө нь Эрүүл мэндийн хөгжлийн газрын дарга Б.Нарантуяагийн асуудал аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд чуулганы хуралдаанд ярьсан бөгөөд ярихдаа ханиад томуугаа биш Б.Нарантуяагийн албан тушаал, сандал ширээтэй холбоотой асуудлыг тодотгож нь хачирхал төрүүлэв. Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Д.Сарангэрэл сайд хэлэлцэж буй асуудалтай холбоогүй тэс хөндлөн зүйл ярьсан нь Б.Нарантуяагийн асуудал байв. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь Дархан аварга Г.Өсөхбаярын гэргий бөгөөд авлига авсан хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлээр гарсан. Одоо түүнийг сулласан бөгөөд гадуур шалгаж байгаа гэх. Харин Дархан аварга Г.Өсөхбаярын гэр бүлээс Б.Нарантуяаг саатуулсан, шалгасан зүйл огт байхгүй гэх мэдээллийг өгөөд юм байгаа юм. 

Түүний энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы хуралдаанд “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг би ярьж байна. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээ. Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна.Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэсэн.

Түүний ярианаас дүгнэвэл удахгүй Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөх нь тодорхой аж. Гэхдээ салбар хариуцсан сайдын хувьд баталгаатай баримтад үндэслэхгүйгээр дээрх мэдээллийг өгчих шиг санагдав. Өөрөөр хэлбэл, хэн нэгний хов живээр Б.Нарантуяаг буруутгаж байгаа мэт харагдлаа. Уг нь салбар хариуцсан сайд нь ажлаа булаалгасан, булааж авсан гэх хоёр нөхрийг хамтад нь суулгаж асуудлыг нь сонсоод зохих журам, дүрмийн дагуу шийдвэрээ гаргасны дараа хоёр талын байр, суурийг нийтэд хүргэх ёстой. Түүнээс хэн нэгнийг муулж ярьсан яриа эсвэл эсрэг мэдээллээр нь нөгөөхийг нь буруутгах нь сайдын хийх ажил биш. Тэгээд ч энэ асуудлыг салбар хариуцсан сайд бус хуулийн байгууллага шийдэх юм шиг харагдаж байна. Хуулиар хэн нэгний гэм буруутай нь нотлогдоогүй бол түүнийг гэмт хэрэгтэнд тооцож болдоггүй хуультай. Гэтэл өнөөдөр Б.Нарантуяа болон өмнөх дарга хоёрынх нь чухам хэн нь буруутайг албан ёсоор хуулийн байгууллагаас тогтоогоогүй байхад салбарын сайд нь нэгнийг нь буруутган ярьж боломгүй санагдана.

Тэгээд УИХ дээр энэ мэт хов, жив ярих нь Д.Сарангэрэл сайдыг өөрийг нь эрх ашгийн зөрчилтэй мэтээр хүнд ойлгуулж байна. Ер нь уг асуудал Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш болж буй нь өөрөө анхаарал татна.

Хүний зовлонг хүн ойлгоддоггүй гэдэг. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж буйгаар Б.Нарантуяагийн ажлыг нь булааж авахын тулд шоронд орсон гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан гэнэ. 

 Яг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ярихдаа “Ажлаа хийж яваа хүнийг ажлыг нь авахын тулд шоронд орсон гэдэг худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараалаа. “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Эрүүл мэндийн Хөгжлийн газрын дарга Б.Нарантуяа шоронд оржээ” гэж гүтгэн нэр хүндэд нь халдлаа. Зорилго нь юу вэ гэхээр тухайн хүний ажлыг нь авах санаархал цаана нь яваад байгаа юм. Үүний ард гүтгүүлсэн хүний нэр хүнд, гэр бүл цаашлаад тухайн байгууллага, салбарын нэр хүнд давхар унаж, хохирч байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар иймэрхүү увайгүй, зарчимгүй явдлыг таслан зогсоож, зохион байгуулалттайгаар ийм ажил хийж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцдог стандартыг нэвтрүүлж, оруулж ирэх ёстой. Энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс Дархан аварга Г.Өсөхбаяр аваргын эхнэрээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Би Архангай аймгийн “Бөхбилэгт” дэмжээний тэргүүний хувьд үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цаашдаа ёсзүйн стандартын код гэдгийг Засгийн газар улс төрийн албан тушаалын чиг баримжаандаа оруулж ирэх хэрэгтэй. Энэ асуудлыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар анхааралдаа авах хэрэгтэй. Салбарын яамыг удирдаж байгаа хүмүүс төрийн албанд мөрөөрөө ажиллаж байгаа нэгнийхээ ажлыг булааж авахын тулд шоронд орлоо гэх гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж ажиллаж болохгүй. Хэрвээ асуудал ийм дээрээ тулбал УИХ дээр жинхэнэ стандарт ярина шүү” гэсэн юм.

Ямартай ч Эрүүл мэндийн хөгжлийн газарт асуудал гарсан нь үнэн байна. Үүнийг салбарын сайд нь бүр асуудал болголгүй шийдвэл сайнсан. 

Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хойшлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.

Хохирогч Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн байгууллагад гаргасан гомдол бүрэн эхээрээ

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа нэгэн ноцтой бичлэг хийсэн. Г.Номундарь уг бичлэгээрээ УИХ-ын гишүүд болон томоохон бизнесменүүдийн хүүхдүүдийн талаар хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдээллүүдийг ил болгосон. Мөн хамт явсан найз нөхөд Г.Номуундарийн ууж байгаа зүйлд нь мансууруулах бодис хийж байгаад хүчиндсэн гэсэн ноцтой мэдээллийг хийгээд байгаа юм. Тус хүчингийн хэрэг хоёр жилийн өмнө болсон бөгөөд охины аав УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг мэдээгүй байсан, харин охиныхоо хийсэн лайваас мэдсэн хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Д.Ганхуяг тус болсон хэргийн талаар сонссоныхоо дараа хуулийн байгууллагад албан ёсоор хандсан байдаг. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг уг хэргийг шалгуулахаар ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав болон Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандсан байна. Д.Ганхуягийн гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЦЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА С.БААТАРЖАВ ТАНАА ГОМДОЛ ГАРГАХ НЬ

Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг  тогтоолгож, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна.

2015 оны зургадугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө миний охин Г.Номуундарьд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эрхтэн, сэтгэл санааны маш ноцтой хохирол учруулсан  жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Уг үйл явдал нь миний охины эрүүл мэнд, сэтгэл санаа, ах дүү төрөл төрөгсөдийн сэтгэлд сэв суулгасан жигшүүрт зүйл юм. Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Уг асуудлыг анхааралдаа авч, дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү 

СNN агентлаг Н.Түвшинбаярыг онцоллоо

Дэлхийн алдарт CNN агентлаг “Жүдогийн домог”, “Монгол улсын жүдогийн бэлгэ тэмдэг” хэмээн Н.Түвшинбаяр аваргыг онцолжээ. Жүдо бөхийн спортоор хожуу хичээллэсэн ч найман жилийн дотор олимпийн аварга болсон тэрбээр энэ жил дэлхийн аваргаас анхны медалиа авсан. Тэр дундаа хамгийн хүнд жинд буюу +100 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.

Н.Түвшинбаяр аваргын тухай “Булган аймгийн малчин гэр бүлд төрж өссөн тэрээр их тал нутагт барилдаж өссөн. Анх 18 настай байхдаа Азийн наадмын тоглолтыг үзсэнээр жүдоч болохоор шийджээ. Тэр цагаас хойш ердөө зургаан жилийн дараа Хятадад болсон олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Мөн Лондонгийн олимпийн наадамд бэртэл авсан ч мөнгөн медалийн эзэн болсон. 2017 оны дэлхийн аваргад +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө илт том бөхчүүдтэй барилдаж, хүрэл медаль авсан” талаар нь онцолжээ.

Мөн олимпийн наадмын аварга болсны дараа "Хамгийн түрүүнд аав, ээж дасгалжуулагчаа бодсон", "Монголын бүх хүн миний алтан медаль авсны баярыг тэмдэглэсэн" хэмээн хэлсэн тухай бичжээ.

“Бээжин 2008” олимпийн наадмын алт, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Түвшинбаяр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр өмнөх гурван олимпод 100 кг-д өрсөлддөг байсан бөгөөд энэ жил анх удаа +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө жин ихтэй бөхчүүдтэй барилдсан ч медалийн тавцанд зогсож чадсан юм.

Тэрбээр лхагва гаригт энэхүү амжилтаараа Монголын спортын шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно” шагналыг хүртсэн.  

Зайрмаг ундаа худалдаж аваад 500 сая төгрөг хожлоо

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтнуудад батламж гардууллаа. Өнгөрсөн аравдугаар сарын сугалааны тохирлоор  500 сая төгрөгийн супер азтан тодорчээ. Тус супер азтаны батламжийг өнөөдөр гардуулан өглөө. 500 сая төгрөгийн азтнаар Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорлоо. Тэрээр батламжаа гардан авах үеэрээ “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна.  Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс зайрмаг, ундаа аваад  500 сая төгрөг хожлоо. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” гэв. 

Монголбанк Мөнгөний бодлогын хүүг 11 хувь болгож буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа.

2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна.

Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ.  

Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэнд 25 сая төгрөг хандивлана

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан байна. Тус хуралдаанаар Хөдөлмөрийн баатар,  төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнд хандив өгөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнд   эмчилгээний зардалд нь зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10, Эрүүл мэндийн яамнаас таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэсэн байна. 

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тиймээс отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна.Тус аймагт намрын вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулжээ.

Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор арваннэгдүгээр сард ОХУ-аас нэмэлт вакцин авсан аж. Ингэхдээ 2.6 сая тун вакциныг тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр энэ онд малын вакцинд зарцуулсан төсөв 13.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн болжээ

Сурагчдын амралтыг нэг сар болгож сунгалаа

Монгол Улсын Засгийн газар томуу,томуу төст өвчний хүн амын дундах өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх шийдвэр гаргасны дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг 1-р сарын 1 -нээс эхлүүлж 2-р сарын 1-нийг дуустал нэг сар болгож сунгалаа.Энэ нь бүх ангийн сурагчдад хамаарна. Хаврын амралтын 14 хоногийг 7 болгож, зуны амралтыг 7 хоногоор хойшлуулж хичээлийг нөхнө.

Иймд дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гарч байна. Эцэг,эхчүүддээ анхааруулахад аль болох олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх,өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч,аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Амин дэм бүхий хоол ундаар хүүхдээ асарч дархлааг нь дэмжих нь вирусээр халдварлахгүй байх ач холбогдолтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment