УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг хүргэе.
Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай болон тус газрын албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Түүнчлэн Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн 5 жилийн хугацаанд соёлын салбарт болон соёлын өвийг хамгаалах хүрээнд хийсэн хяналт шалгалтын дүн”-ийн талаар хэлэлцэх бол Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдах нь. Үүний зэрэгцээ Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах юм.
УИХ: Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлана
2017-12-25 08:10:00