Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр “Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонссон юм. Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийсэн.
Тус мэдээллийг хийх үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Манай улсын хэрэглээний сагсны 40 хувь нь цэвэр импортын бараа, бүтээгдэхүүн байгаагийн дээр дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний орцыг импортоор авдаг. Нийт зээлийн 20 гаруй хувь нь гадаад валютын зээл байна.
Манай улс жилд дунджаар гадаад өрийн хүүний төлбөрт 800 сая ам.доллар, үндсэн төлбөрт 1.7 тэрбум ам, доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлж байна. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт нь инфляцид нөлөөлөхийн зэрэгцээ чанаргүй зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад өрийн дарамтад нөлөөлдөг.
Монголбанк макро эдийн засгийн болон тогтвортой байдлыг хангах чиг үүргийн хүрээнд валютын ханшийн тогтвортой байдалд анхаарч ирсэн гэдгийг дурдлаа. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны хоёрдугаар хагасаас огцом сулрахад үндсэн гурван зүйл нөлөөлсөн.
Үүнд:
- 2016 оны эхний хагаст Засгийн газраас хэрэгжүүлэх сайн хөтөлбөрүүдийг Төвбанкны оролцоотой санхүүжүүлсэн нь эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах суурь шалтгааныг бүрдүүлсэн
- 2016 оны 06 дугаар сарын сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг үндэсний компани худалдан авах үед дотоодын банкны салбараас их хэмжээний валют гадаад төлбөрт шилжсэн нь валютын зах зээлд том цочрол бий болгосон.
- Өмнөх жилүүдэд Засгийн газар, Хөгжлийн банкны хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдэж, үүнээс үүдэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт нэмэгдэх бүрийд валютын зах дээр интервенци хийж ирсэн.
Энэ үед төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, төгрөгөөс гадаад валютруу зугтах үзэгдлийг зогсоох, төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн, санхүүгийн салбарын, төлбөрийн тэнцлийн хямралаас сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Монголбанкны Захирлуулын зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрээр бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
Үүний үр дүнд төгрөгийн ханшийн эрчимтэй уналтыг зогсоож, санхүүгийн салбарт тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн. Гадаад валютын зах зээлд тогтворжилт ажиглагдаж эхлэхэд бодит эдийн засгийг дэмжих шаардлагыг харгалзан бодлогын хүүг шат дараатай хоёр удаа буулгаснаар одоо бодлогын хүү 11 хувьтай байна.
Инфляци, эдийн засгийн идэвхжил, ханшийн цаашдын төлөв нь бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулах эсэх шийдвэрт нөлөөлнө гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөлд Засгийн газар, Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлгээг шуурхай хийж, бодлогын шийдвэрийг зоригтой гаргасан.
Энэ нь эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүлээгдэж буй том дүнтэй гадаад төлбөрүүдийг Монгол Улс дан ганц өөрийн санхүүгийн боломжоор даван туулж чадахгүй. Харин олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бусад улс орнуудын тусламжийг авах явдал юм” гэлээ.