Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ.
Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2017 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.Энэ жил Эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм.2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажилл агааны явцад 3,412,008,181 төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29,338,941,434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ.