Улс төрийн өндөр ёс суртахуунтай оронд парламентын гишүүн нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон бол аль хэдийн өөрөө уучлал гуйгаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байгаа. Харин манайд “Би дотуур өмдөө орхиж биш өмсөж гарсан” гээд хэлээд зогсож байх жишээтэй. УИХ-ын гишүүд нь ингэж ёс зүйгүй авирлаж байхад бусдаас нь хууль сахиулахыг шаардах боломжтой гэж үү. Ёс бус зүйлд нэр холбогдсон гишүүн нь өөрийгөө буруугүй хэмээн хэлж буй ч зарим иргэд түүнд хариуцлага тооцох эсэхийг хуулийн хүрээнд өөрсдийн түвшинд тодорхой болгохоор Цэцэд хандсан. Цэцээс уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгтэй нь холбогдуулан шалгах гэхэд “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт тээг болоод байсныг хүчингүй болгосон юм.
Тэгэхээр Д.Гантулга болон түүнээс хойшхи эрх мэдэлтнүүд бага ч болов айж, эмээх зүйлтэй болж байна гэсэн үг. Ямартай ч халдашгүй дархан эрх гэдэг халхавчаар хариуцлагаас мултардаг гишүүд цаашид анхаарч сэрэмжлэх зүйлтэй боллоо. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эрх нээгдэж байна гэсэн үг. Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг УИХ олонхиороо шийддэг учраас одоо УИХ-ын хуралдааны шийдвэрийг харах л үлдлээ. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авбал түүнийг шалгах эрх нь нээгдэж байна. Шалгаад буруутай нь тогтоогдвол бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эрхтэй болно.
Д.Гантулгын асуудал намжаагүй байхад Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар энэ сарын 22-нд Цэцэд гомдол гаргаад байна. Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь парламентад хоёр удаа сонгогдохдоо хуралдаа суудаггүй гэх шүүмжлэлийг байнга хүртсээр ирсэн. Түүний хуралдаа суудаггүй байдал нь УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх эргэлзээг үүсгэсэн тул эгүүлэн татах асуудлыг тавихад хүргэжээ. Хамгийн гол нь Дундговьчуудын дуу хоолойгоо хүргэх эрх зөрчигдөж байна гэсэн үг юм.
Хэрэв цэц дээрх гомдлыг үндэслэлтэй гэж үзэх юм бол үндсэн ажлаа хийдэггүй гишүүний тоо ганц Б.Наранхүүгээр хязгаарлахгүй. С.Жавхлан гээд олон гишүүн хуралдаа суудаггүй хэрэгт унана.
Цэцээр хэлэлцүүлэх бас нэгэн гишүүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү боллоо. О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд амралтын өдөр зохион байгуулж өөрөө намын даргаар сонгогдсон. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хувийн зорилгодоо ашигласан гэх маргааныг үүсгэх үндэслэл болжээ. Учир нь Төрийн ордны Их танхимд хурал зохион байгуулах эрхийг УИХ-ын дарга, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын аль нэгийнх нь зөвшөөрлийг авч хийдэг журамтай юм байна. Мөн хурал зохион байгуулах төсвийг нэр бүхий хүнээс хандиваар авсан гэдгээ хэвлэлээр мэдээлсэн. Хурлыг нийт 150 сая төгрөгөөр зохион байгуулсан нь Улс төрийн намын тухай хууль зөрчих бас нэгэн үндэслэл болсон гэж А.Гантамир нарын хуульчид буруутгаж байна. Тэд О.Баасанхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өнгөрсөн долоо хоногт Цэцэд гомдол гаргажээ.
Хуулиараа Цэц дээр гомдол ирэхэд Цэцийн дарга найман гишүүдээсээ нэгийг нь сонгон маргааныг хуваарилдаг. Хуулийн хугацаа нь 14 хоногоор хязгаарлагддаг. Улмаар Цэцийн гишүүн маргаан үүсгэх үндэслэл байна гэж үзвэл холбогдох мэдээллийг 30 хоногт багтаан цуглуулж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангадаг дэгтэй. Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн маргааныг УИХ-аар хэлэлцүүлдэг. УИХ олонхиороо Цэцийн шийдвэрийг хүлээн авах эсэхээ шийддэг.