ХХААХҮЯ-аас өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг гаргажээ.
Нэг. Цаг агаарын хувьд:
Энэ сарын 23-ны өглөөний мэдээгээр Увс, Завхан, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий ,Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий,Ховд, ГовьАлтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0.0-20.0 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Эрдэнэтэд 20 см, Өвөрхангайн Бүрд, Орхоны Улаантолгойд 19 см, Булганы Ингэттолгой, Хангал Төв аймгийн Эрдэнэсант, Дорнодын Халхголд 18 см, Увсын Улаангом, Малчин, Хяргас, Завханы Баянтэс, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Сонгино, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Залуучууд, Нөхөрлөл, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Сүхбаатарын Асгатад 10-15 см цастай байна.
Энэ 7 хоногт цасгүй байсан Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд талаар цас орлоо.
Хоёр. Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хувьд:
НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тэжээл, тэжээлийн түүхий эдийн жагсаалтыг Засгийн газрын 335 дугаар тогтоолоор батлуулан Гаалийн ерөнхий газар, ААН-үүдэд хүргүүллээ.
Малчдын өвс, тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тодотголд 40.0 тэрбум төгрөг тусган аймгуудад борлуулалт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж хүүгүй санхүүгийн эх үүсвэрийг 34 аж ахуйн нэгжүүдэд олгох Бодлогын болон Зээлийн гэрээнүүд хийгдэж урьдчилгаа 25.0 хувь шилжсэн. Үлдэгдэл 75.0 хувь нь Баасан гарагийн 2.30 цагт эрх нь нээгдсэн. Шилжүүлгүүдийг Төрийн санд хүргүүлсэн.
Уг ажлыг “Өвөл, хаврыг өнтэй давъя” аян хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан аж ахуй нэгжүүд сонгогдсон аймгийнхаа бүх суманд 1 тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.
Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр өвс, тэжээл малчдын гарт хямд үнээр худалдаалагдах боломж бүрдсэн. Тухайлбал 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа нь дотоодод өмнө нь худалдаалагдаж байсан үнээс даруй 25-30 хувь хямдхан хүрч байна.
Гаалийн 12 сарын 21-ний мэдээгээр 1947.8 тн хивэг, 1324.1 тн хорголжин, 21.2 тн тэжээлийн бэлдмэлийг импортлон Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн малчдад хүргэн, худалдаалах ажил өрнөж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь 2018 оны 6 дугаар сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд малчдад мал, махаар солилцох, ноосны урамшууллаар суутган тэжээл худалдан авах нөхцөлийг нээлттэй болголоо.
2017 онд Үндэсний үйлдвэрт 20111 кг хонь, тэмээний ноос тушаасан 86465 малчны мэдээлэл баталгаажиж, 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болж байна.
Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумдын Мал эмнэлэг үржлийн тасагт Мал хамгаалах сангаас илгээх бөгөөд Малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг өөрийн гараар бөглөж, малчны тэмдэг дарж баталгаажуулан, МЭҮТ-ийн зөвшөөрлийн хамт тэжээлийн борлуулагч компанид өгч тэжээлээ авна.
Тухайн компани малын тэжээлээ олгон, холбогдох материалыг бүрдүүлэн Тал хамгаалах сангаас тэжээлийн үнийг суутган тооцуулах юм.
Мөн шалгарсан 34 аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн хэлцэл хийж мал, мах бэлтгэгч, тэжээл борлуулагч, 3 талын гэрээний төслийг танилцуулсан. Үүнээс Завхан аймагт “Нисэг-Агро” ХХК, Говь-Алтай, Ховд аймагт “Алтайн сүрлэг нуруу” ХХК, Баянхонгор, Төв аймгуудад “Милл хаус” ХХК-иуд мал махаар солилцох ажлыг давхар гүйцэтгэхээр гэрээ байгуулагдсан.
Гурав. Махны экспортын хувьд:
Манай улс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-д 560.0 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 23616 тн адууны мах, Иран, Катар улсад 2312 тн хонь, ямааны мах нийт 26.488 тн мах экспортолж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2872 тонноор нэмэгдсэн байна.
12 сарын 24-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24,25-нд говь талын нутгаар, 26,27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Эх сурвалж: ХХААХҮЯ