8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэхгүй

2017-12-26 15:30:00

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гараагүй, харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэлцэж буй тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа хэлээд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг дахин авч үзэх шаардлагатай болсон гэдгийг тэмдэглэв. Блокчейн технологи, цахим орчин дахь санхүүгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хяналтын технологи шаардлагатай болсныг дурдсан. Иймд Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд цахим санхүүгийн хэрэгслээ хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах эсэх, цаашид энэ талаарх төсөөлөл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Мөн иргэд олон нийтийн төөрөгдүүлээд байгаа олон төрлийн мэдээлэл яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар нэгдсэн мэдээлэл хийж, үүнд улс төржилтгүй, эрүүл саруул дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын  тогтоолын төслийг бүрэн эхээр нь уншиж хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Ийнхүү тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тус тогтоолын төслийг УИХ-д ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон Тамгын газар судалгаа хийсэн. Уг төслөөр цалин нэмэхгүй, харин тус байгууллагын цалингийн нэмэгдлийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтад нийцүүлэхээр хэлэлцүүлж буй төсөл гэдгийг хэллээ. Дараа нь Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тогтоолын төслийг уншиж танилцуулаад санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Ийнхүү “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment