Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шvv
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан vгсийг хамтад нь шивнэлээ. Хаа сайгүй сүрлэг ногоон гацуур их хотод маань үзэмж нэмэн гялалзах нь хоёр он солигдох мөч ойртсоныг гэрчилнэ. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Байр суурь: УИХ-ын гишүүд утааны асуудлаар юу гэж ярив
Өчигдөр нийслэл Улаанбаатар хотод агаарын бохидол өмнөх өдрүүдээс хэд дахин ихэссэн. Утаа их байсны улмаас 100 метрийн зай дахь үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. 100 айл орчмын хэмжилтээс агаарын чанарын харьцуулалтыг хийхэд 24 цагийн дотор агаарын чанар нь 10 дахин муудсан байв. Үүнтэй холбоотойгоор иргэд бухимдаж нийслэлд онц байдал зарлахыг цахим орчинд уриалж байсан юм. Мөн төр, засгийн түвшинд утааны асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байв. Ингээд утааны асуудлаар иргэдээс гаргасан санал, гомдлын талаар УИХ-ын гишүүдээс байр, суурийг нь сонслоо.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: УТААГ БУУРУУЛАХ АСУУДЛААР ЯРИХГҮЙ БИШ МАШ ИХ ЯРИЛЦАЖ БАЙГАА
-Утааны асуудлаар маш их ярилцаж байна. Ярилцахгүй байгаа зүйлгүй. Өргөдлийн байнгын хорооноос Ерөнхий сайдтай хамт утаа ихтэй бүсэд явж үзсэн. Мөн утааг бууруулах тодорхой санаачлагтай ажиллаж буй айл, өрхийн гэрээр нь хүртэл явсан. Өргөдлийн байнгын хорооноос найман заалт бүхий шаардлагыг утаа эхлэхээс олон сарын өмнө Засгийн газарт хүргүүлсэн. Үүний үр дүнд утааны 40 хувийг гаргаж буй уурын зуухуудыг буулгахаар болсон. Одоогийн байдлаар 47 уурын зуухыг буулгах ажил ид явагдаж байна. Энэ нь утааг бууруулах тодорхой хэмжээний ажил болж байна. Нөгөөтэйгүүр гэрийнхээ дулаан алдалтыг бууруулахаар ажиллаж буй айлуудыг “Улаанбаатар цэвэр агаар сан” болон гадны улсуудын зээл тусламжаар дэмжих ажлыг хийж байна. Гэхдээ хамгийн чухал ажил бол түүхий нүүрсийг түлэхгүй байх юм. Үүнд л анхаарах ёстой. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дотоодын 100 гаруй сая доллар, гадаадын зээл тусламжийн 200 гаруй доллар зарцуулсан байгаа юм. Гэтэл утаа буураагүй л байна. Тэгэхээр нэг цонхны урсгалаар агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа мөнгөнд хяналт тавихгүй бол ихэнх нь судалгаа, сурталчилгаанд зарцуулагдаад алга болчихоод байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төслийг шалгаруулдаг ч нөгөөх нь үр дүнгээ өгөхгүй нэг жилийн настай л ажил болоод байна. Ерөнхий сайд утаатай бүсэд ажилласныхаа маргааш нь агаар цэвэршүүлэгчийг бүх сургууль, цэцэрлэгт байршуулъя гэдэг шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ нь нэг удаагийн гал унтраах арга юм. Шахмал түлш түлэх эсвэл цахилгаан халаагуур ашиглах гэх мэт янз бүрийн аргуудыг бид туршиж үзэж байна. Хамгийн чухал нь хөрөнгө, мөнгөний асуудал байна. Үүнийг шийдэхэд асар их мөнгө хэрэгтэй. Ядаж л гадаадын зээл тусламж, дотоодын мөнгөн эх үүсвэрээ нэг урсгалтай болгохгүй бол наана нь үрэн таран хийж тарамдаад байна. Засгийн газрын зүгээс яг энэ бололцоог судалж айлуудыг түүхий нүүрс түлүүлэхгүй байх талаас нь туршилтын ажлыг хийж байна. Энэ нь маш сайн үр дүнгээ өгөөгүй л байгаа юм. Хүүхдүүд ханиад, томуу томуу төст өвчин тусах гэх мэт хүндрэлтэй асуудлууд маш их гарч байна. Тэгэхээр цаашид Улаанбаатар хотоос захууд болон их дээд сургуулиудыг гаргах гэх мэт цогц арга хэмжээнүүдийг авахгүй бол болохгүй байна. Энэ ажлыг хийхийн тулд үүрэг, даалгавар өгөөд шахаж, шаардаад ажиллаж байна. Дунд шатанд хэрэгжилт муу байгаа учраас хариуцлага алдсан, ажил хийхгүй байгаа хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авъя гэж хүртэл ярьж байгаа. УИХ-ын чуулган энэ асуудлаар хуралдах шаардлагатай гэж би харж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТАВИЛАА ГЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ. ТЕХНОЛОГИ ХАЙЯ
-Би өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажилласан. Нөхцөл байдалтай танилцсан. Утааны асуудал маш хүнд байгаа. Би анхнаасаа байр, сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Дүүргүүдийг бүсчлээд бүсийн нэмэгдэлтэй болгох шаардлага тавигдаж байна. Олон технологиуд шалгагдаж байна. Өмнөх Засгийн газрын үед болон шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хийгдэж байсан бодитой санаачлагуудыг би танилцуулж байсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан шөнө нь залгаж хоноод өдөр нь дулаанаа барьдаг зуухыг хүртэл танилцуулсан. Энэ зуух бол утаа гаргадаггүй. Ийм ажлуудыг дэмжиж даруйхан асуудлыг шийдмээр байна. Түүнээс биш агаар цэвэршүүлэгчийг тавилаа гээд асуудал шийдэгдэхгүй, түр гал унтраах ажил юм. Би тойргийнхоо гурван айлд лагаар нь газ гаргадаг технологийг хэрэглүүлж байгаа. Түүнийг хэрэглэмээр байна. Төв аймат утааны зуух туршигдаад Зуун мод утаагүй болчихсон байна гэсэн. Тэр зуухыг үзмээр байна. Технологи л хаймаар байна. Хэрвээ тохирох технологи байвал эх оронч худалдан авалтаар нь дэмжье. Хөрөнгө оруулалт хиймээр байна. Нүхэн жорлонг шийдэх Азийн хөгжлийн банкны гурван сая доллар Байгаль орчны яаманд байна. Нэмээд Азийн хөгжлийн банкны 100 гаруй сая долларын тусламж байгаа. Утааг бууруулах 16 тэрбум төгрөг байгаа. Тэр мөнгийг ийшээ оруулах хэрэгтэй. Ер нь бол утааг бууруулахын тулд бүсийн нэмэгдлийг шийдэхээс өөр арга үлдээгүй шүү. Дагуул хотоо хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Би нэг зүйлийг санаачилж байгаа. Нийслэл хотын удирдлагууд нэг жилд 560 сая төгрөгийн бензинийг машиндаа хийдэг. Үүнийгээ болимоор байна. Цахилгаан машин авмаар байгаа юм. Хэрвээ цахилгаан машин унавал 560 төгрөгийн 56 саяыг л машинд зарцуулна. Ядаж л улсаас өгдөг машинуудыг цахилгаан машинаар сольмоор байна. Энэ мэт дорвитой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол утааг бууруулах ажил урагшлахгүй. Манай дүүрэгт ханиад томууны асуудал үнэхээр хүнд байна. Цаашид технологийг дэмжихгүй бол “Нүүрс битгий түл” гэж хэлэх арга байхгүй. Миний яриад буй зуухыг авч хэрэглэснээр ядаж л тогтмол температуртай гэрт амьдрах гээд байгаа юм. Энэ нь өөрөө ханиад томуугаар өвчлөх нэг хүчин зүйлийг байхгүй болгож байна гэсэн үг. Сурагчид амарч буй нэг сарын хугацаанд бид зүгээр суухгүй шийдэл хаймаар байна. Лондон, Франц улс ядуурлыг зогсоож хүмүүсийг ажилтай болгож байж утаанаас салсан. Эх оронч худалдан авалтыг дэмжсэнээр Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд маш олон хүн ажилтай болно. Агаар цэвэршүүлэгч технологи авах бол Монголын үйлдвэрүүдэд ажлыг нь өгчихье гэж би яриад байгаа юм. Ингэснээр хүмүүс ажилтай болно. Ажилтай, орлоготой хүн ядаж л урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох эсвэл нүүрс түлэхээс өөр арга хайна биз дээ. Утаатай хамт ядууралтай тэмцэх ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА: “УТАА ГАРГАЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ ХҮНЛЭГ БУСААР ШААРДАЖ БОЛНО ГЭЖ ҮҮ. БИ ТЭГЭЖ ЗҮРХЛЭХГҮЙ
Их утаатай учраас онц байдал зарлъя гэсэн иргэд олон байна. Гэхдээ хийх ажлын төлөвлөгөө байхгүй байхад онц байдал зарлаад үр дүнгүй юм. Онц байдал зарласан хэд хоногийн хугацаанд цахилгаан станц барихгүй. Олон жил дамнаж хийх ажил шүү дээ. Мөн ядуурлын асуудлыг онц байдал зарласан хоёр долоо хоногийн хугацаанд шийдэж чадах уу. Ер нь бол эдийн засгийг чадахжуулах нь их чухал. Нүүрсээ худалдаж авч чадахгүй байгаа айлуудыг “Утаа гаргаж болохгүй” гэж хүнлэг бусаар шаардаж болно гэж үү. Би тэгэж зүрхлэхгүй. Дагуул хотууд хөгжүүлэх, их дээд сургууль болон бусад төрийн байгууллагыг хотоос гаргах ёстой. Түүнээс бус иргэдийг хаа нэг тийшээ нүүхийг шаардах эрхгүй шүү дээ. Иргэд хаана амьдрахаа өөрөө шийднэ. Мэдээж бид бүх түвшиндээ ярилцах ёстой. УИХ-аас утаатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг гаргасан. Гэхдээ хэрэгжилт ямар байгаа нь өөрөө их эргэлзээтэй. Мөн үр дүнтэй хөтөлбөр болж чадсан уу гэдэг чухал.
УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ: БИ 11 ДҮГЭЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ. ЯГ ГАМШГИЙН БҮС
Утаанд 200 гаруй тэрбум төгрөг, 40-50 гаруй сая доллар зарцуулаад ямар ч үр дүнд хүрээгүй гэж Өргөдлийн байнгын хорооны хурал дээр ярьж байсан. Хамгийн их утаатай гэхнийслэл хот мөнгөгүй байна уу гэхээр мөнгөтэй юм шиг л царай гаргаж байгаа. “Аз жаргалтай хот”-ын индекс боловсруулах судалгааны ажилд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байна. Өнөөдөр утаанаас хамгаалах асуудал л ярихаас утааг гаргаж байгаа янданг цөөрүүлэх асуудлыг ярихгүй байна. Ийм концевцийн зөрүүтэй бужигнасан, манарсан орчинд л байна. Ядаж албан газрууд, хувийн хэвшил, томоохон үйлдвэрүүд утаанаас ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндээр нь хамгаалах чиглэлээр ажил хийхийг төрөөс дэмжье.. Тухайлбал, агаар цэвэршүүлэгч хэрэглэх, маск зүүлгэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл татвараас чөлөөлөх ёстой. Бид нарын чадах зүйл энэ юм. УИХ-ын гишүүд худлаа ярьж Засгийн газрыг шүүмжлэхээс илүүтэйгээр дээрх ажлыг хийсэн нь илүү үр дүнтэй юм. Оюутолгой гэх мэт гадны томоохон хөрөнгө оруулчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утааны эсрэг тодорхой хөрөнгө гаргах ёстой. Би 11 дүгээр хороололд амьдардаг. Яг гамшгийн бүс. Өчигдөр бүр их утаатай байсан.
ТОСК-ийн захирал асан А.Гантулгын хэргийг прокурорт шилжүүлжээ
Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдсан байсан. Тэгвэл “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “ТОСК” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Н.Гантулгыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2016 оны сүүлээс эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Түүнийг 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Н.Гантулгыг баривчлан хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн.
Мөн А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан юм.
Н.Гантулгыг цагдан хорьж шалгасны дараа гадуур байцааж эхэлсэн байдаг. Түүнийг хөгжлийн банкнаас авсан хөрөнгийг дур зоргоороо зарцуулсан. Мөнэнэ зарцуулалтаараа дамжуулан хувьдаа хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа нь энэ аж.
chuhal.mn: 2017 оны "10 ХАР ҮЙЛ ЯВДАЛ"
Урсан өнгөрөх цаг хугацааг дурсамж, дурдатгал дүүрэн үдэж, айсуй цагийн түрүүч айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2017 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг нэгэн оноор урагшлуулж байна. Мэдээ мэдээллийн Чухал.мн веб сайт 2017 улс орондоо болсон үйл явдлыг цувралаар тоймлон хүргэж байгаа. Өнгөрч буй 2017 он олон онцлох сайн мэдээллүүд гарсантай зэрэгцээд сайны хажуугаар саар мэдээлэл ч мөн гарлаа. Цувралын энэ удаагийн дугаарт 2017 оны "10 ХАР ҮЙЛ ЯВДАЛ-ыг хүргэж байна.
ТЭНГЭРТ ХАЛЬСАН 17 УУЛЧИН
Шиврээ бороо зөөлөн орноо
Өнгийн цэцгүүд өндийн сэргэнээ
Аавтайгаа хамт дуулан баясаад
Аглаг ууланд алхах сайхан
Цуутай монголынхоо суутай ухаантай хүү
Сутай их хайрханы оргилын хүү
Энэ л миний аав аа
Эрэлхэг уулчин аав минь.
МУГЖ Х.Лхагвасүрэнгийн дуулсан энэ дуу бол уулчин аав ээжтэй хүмүүсийн сүлд дуу. Яагаад энэ дууг онцолж байгааг уншигч та гадарласан биз ээ. 2017 онд уулчид төдийгүй монгол түмний сэтгэл зүрхэнд хар толбо үлдээсэн он жил байлаа. Тодруулбал, Одоогоос хоёр сарын өмнө Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан 27 уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд, монголчууд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдэлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангаагүй Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэний улмаас ид хийж бүтээх насандаа эрэлхэг 17 уулчин амь насаа алдлаа. Энэ хар үйл явдал уулын спортоор хичээллэж байгаа тамирчид, иргэдэд аюулгүй байдлаа сайн хангах ёстой хамгийн том анхааруулга болсон. Эрэлхэг дайчин уулчид минь тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.
“МӨХӨЛ ДАЙРСАН МОНГОЛ БӨХӨН”
Монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэн ховордож, мөхөх аюул тэднийг тойрсонгүй дайраад гарлаа. Энэ оны эхэнд ганцхан сарын хугацаанд 14 мянгаар тоологдох бөхөнгийн 2-3 мянга нь хорогдсон, сэтгэл эмзэглүүлсэн он жил байлаа. Улсын хэмжээнд хорогдсон бөхөнгийн 27.8 хувь нь шаргачин, 1.3 хувь нь ооно, үлдсэн нь янзага эзэлж байгааг судалгаагаар тогтоосон. Монгол бөхөн бол монгол оронд анхнаасаа байсан төрөл зүйлийн амьтан. Улаан дансанд дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтаны аймагт багтсан бөгөөд Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтаны тоонд багтсан байдаг. Гэтэл энэ жил бөхөнгийн тоо толгой маш ихээр хорогдсон бөгөөд хорогдож байгаагийн шалтгааныг бог малаас зэрлэг амьтанд шилждэг мялзан төст өвчин байж магадгүй гэсэн оношийг судлаачид эрдэмтэд тавьсан. Хэдхэн сарын дотор цөөн тоогоор тоологдох монгол бөхөнг 2-3 мянгаар хорогдсон сэтгэл эмзэглүүлсэн жил байлаа.
“ЗОВЛОГО ЗОВОХООС ЗОРИЛГО МОХОХГҮЙ”
Одоогоос хоёр сарын өмнө Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодсон хэрэг гарсан. Тодруулбал, Их аварга Харумафүжи Таканоива А.Баасандорж нар өөр хоорондоо маргалдаж, тус хэргийн улмаас Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлсан туйлаас харамсалтай жил байлаа. “Зовлого зовохоос зорилго мохохгүй” гэж хэлэх дуртай Ама Бямбадорж энэ хэргийн дараа албан ёсоор зодог тайлна гэж хэлэхэд монголчууд нүдэндээ нулимастай, түүний мэдэгдэлийг харж суулаа. Монголын сүмочдын энэ маргаан “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэсэн монголын сайхан зүйр цэцэн үгийг тод томруун харуулж, маш том анхааруулга болсон. Мөн үүнээс гадна тус маргаан болоход хажууд нь байсан Хакүхо М.Даваажаргалыг уг маргааныг таслан зогсоогоогүй гэсэн шалтгаанаар торгуулийн шийтгэл ногдуулаад байгаа юм.
“ЭР ХҮН ДЭЭД, ДООД ХОЁР ХООЛОЙНООСОО БОЛЖ СҮЙРДЭГ”
Өнгөрсөн зургаадугаар сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож дуулиан тарьсан. Энэ асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа олон нийтэд ил болгож олны анхаарлын төвд оруулсан юм. Монгол улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Гантулга өнгөрөгч орон нутгийн сонгуулийн дараахан хамгийн залуу төрийн түшээгээр тодрон мандан бадарч явсан цаг саяхан. 28-хан настай энэ залууг ирэх жилүүдэд хэр тод гялалзахыг олон нийт анхааралтай ажиглаж байсан цаг саяхан. Гэтэл эрхэм гишүүнд хусаад, хусаад ч арилахгүй “бандааш” нэр хоч зүүлээ. Хэдэн сар үргэлжилж буй тус хүчингийн хэрэг ойрын үед нам жим байгаа ч гэсэн өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох заалтыг хүчингүй болгосон. Цаашид энэ хэрэг хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ. “Эр хүн дээд, доод хоёр хоолойноосоо болж сүйрдэг” хэмээх ардын мэргэн цэцэн үг түүний амьдралд биеллээ олжээ гэхэд хилсдэхгүй болов уу. Эрхэм гишүүнд зориулан цахим хэрэглэгчид шүлэг хүртэл зохиосон. Түүнд зориулсан бэсрэг “шүлгийг” сонирхуулбал:
Эрээн асрын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй, бяртай эрчүүдтэй гар зөрүүлж яваагүй ч
Сараа бүсгүйн гэрээс бандаашаа өмсөөд гарснаа
Саарал ордны индрээс батлан тангарагласан удаатай
Би Их хурлын гишүүн хөөөн...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ 13 НАСТАЙ ОХИН ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДЛАА
Энэ оны хар үйл явдлуудын тоонд 13 настай охин зочид буудалд амиа алдсан хэрэг яах аргагүй орж байна. Хичээлийн шинэ жилийн эхлэхийн өмнө хичээлийн хэрэгсэлээ бэлдэхээр ээжрүүгээ явсан 13 настай бяцхан охиныг хоёр хоногийн дараа “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олсон. Тус талийгаач охины хэрэгт холбогдуулан 19-20 насны гурван этгээдийг шалгаж байгаа бөгөөд нэг хэсэг цагдан хоригдоод гадуур байцаагдаж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээр охин архины хордлогын улмаас нас барсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдоод байгаа юм. Талийгаач охины ар гэрийнхэний зүгээс “Шүүх шинжилгээний үндэсний төвд охины цогцосыг очиж үзэхэд бүх шүд нь байхгүй, цус харвасан, маш их зодуулсан байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Энэ хэрэг охин үртэй, эмэгтэй дүүтэй, эгчтэй хүн бүрийн сэтгэл зүрхийг шархлуулсан “хар” үйл явдал байв.
Г.НОМУУНДАРЬ БА ХҮЧИН, ХАР ТАМХИНЫ ДУУЛИАН
Энэ оны сүүлээр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн Г.Номуундарь гэх охин өөрийн цахим хуудаснаа нэгэн бичлэг хийсэн. Бидний толгойд байтугай зүүдэнд ч ороогүй хүчин, хар тамхины хэргийн талаар 18 настай бяцхан охин ярьж, санаанд оромгүй зүйлийг олон нийтэд ил болгосон. Г.Номуундарь өөрийгөө болон дүү охиноо хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа бичлэгийн үеэр ярьсан бөгөөд монголын баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи хэрэглэж, хүчин хийдэг талаар шууд бичлэг хийсэн юм. Тус хэргийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд үнэн мөнийг тогтоогоогүй байгаа учраас энд хэн нэгний нэрийг бичих нь илүүц биз ээ. Ямартай ч дөнгөж насанд хүрч байгаа охин өөрийгөө бусдад хүчиндүүлсэн, архи дарс хэрэглэсэн, манай дүүг хэсэг залуус групп секс хийж хүчиндсэн хэмээн яриад сууж байгаа нь монголын өнөөгийн нийгмийн эмгэнэл. Хэрэг цаашаа хэрхэн хөврөх бол....
“БЭЛЭГ ИХ ӨГӨХИЙГ БЭЛГИЙН ДАРАМТ ГЭЖ ОЙЛГОДОГ 29 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛЫН ДУУЛИАН”
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 29 дүгээр сургуулийн асуудал нийгэмд дуулиан тарьсан. Тус сургуулийн сурагчид хичээлээ ойлгохгүй мөн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг талаараа хэвлэлд ярилцлага өгсөн нь нэлээд шуугиан тарьсан. Тус дуулиан дэгдсэний дараа 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн хэлсэн жинхэн энэ жилийн тренд сенсаци байлаа. Эрхэм захирлын хэлж буйгаар бол багш нар бэлгийн дарамт үзүүлдэггүй харин ч дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг болов. Тус сургуулийн гураваас дээш хүүхэд бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан байхад тус сургуулийн захирал багш нар харин ч өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийж, олны дургүйцэлийг төрүүлсэн. Хэдийгээр тус хүүхдүүд төрөлхийн сонсголгүй ч гэсэн бэлэг өгөх, бэлгийн дарамт гэдгийг ойлгох ухаантайгаа байгаа шүү, эрхэм захирлаа.
НЭРТ СЭТГҮҮЛЧ DZ MAN БУЮУ БИЗЪЯАГИЙН ДАШЗЭВЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР ХОРИГДОВ
74 настай нэр сэтгүүлч, улсын тоймч, сэтгүүлч DZ man буюу Бизъяагийн Дашзэвэг 7 настай зээ охиноо хүчирхийлэхийг завдсан хэрэг энэ онд мөн гарлаа. Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэхийг завдсан үйлдэл нь нотлогдоод байгаа юм. Мөн тэрбээр өмнө нь чалх сайжруулах тариа хийлгэсэн гэх мэдээлэл хэвлэлээр мөн гарсан. Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэдэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 12,1 дүгээр зүйл ангийн дагуу нэгээс таван жил хүртэл хугацаагаар, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Мөн энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна.
МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРЛОО
Европын холбооноос анх удаа татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалт гаргаж 17 бүсийг нэрлэсэн.Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан. Тус хар жагсаалтад манай улсаас гадна Хонконг, Жерси, Бермуд болон Кейман арлууд, Швейцарь, Турк зэрэг орнууд орсон. Panama Papers, Paradise Papers зэрэг нууц мэдээллүүд ил болж, тус холбооны гишүүн орнуудын компани, хувь хүмүүс татвараас зайлсхийж байсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авчээ.
Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:
Америкийн Самоа§
Бахрейн§
Барбадос§
Гренада§
Гуам§
Өмнөд Солонгос§
Макао§
Маршаллын арлууд§
Монгол§
Намиби§
Палау§
Панам§
Сэйнт Лусиа§
Самоа§
Тринидад ба Тобаго§
Тунис§
АНЭУ§
Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлж ийн хар жагсаалтад оруулаад байгаа юм. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцлийг харж үзэж, Монгол Улсын хар жагсаалтад оруулжээ.
ТАВАН НАСТАЙ ОХИНЫГ ХОЙД ЭЦЭГ НЬ ХҮЧИНДСЭН АЙМШИГТАЙ ХЭРЭГ ГАРАВ
Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэргийн талаар мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард гарсан. Хохирогч охин шүүх эмнэлэгийн хүлээн авах байран дээр хүнд байдалтай ирсэн талаар фэйсбүүкийн хэрэглэгч @Zolboot Batbold анх сошиал сүлжээнд тавьж, олны анхаарлыг татсан. Хүчирхийлэлд өртсөн охины тухай энэ мэдээллийг анх цахим сүлжээгээр түгээсэн залуу “Охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэсэн бөгөөд уг мэдээллийг цахим сүлжээнд байрлуулснаар энэ жигшүүрт хэрэг нийгэмд ил болсон юм. 5 настай охины нагац эгчийнх нь хэлснээр охины хойд эцэг орцны жижүүр, харин ээж зун самранд явсан хойгуур тус хэрэг гарсан хэмээн хэлсэн. Охиныг хүчирхийлсэн Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн хорих ял оноосон байна.
Бөмбөгөр худалдааны төв орчимд зүүн эргэхийг хориглов
Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд уулзварын хойноос урагш чиглэлд зүүн эргэлтийг түр хугацаагаар хориглолоо.Шинэ жилийн баяртай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарлаж байна. Иймд жолооч нарыг замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох албаныхан сануулж байна.
“Нарантуул” захад гал гарчээ
Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор Баялаг ундраа төвийн хойно цахилгаан барааны павьлион шатаж байна. Энэхүү галын дуудлага 12:53 цагт Нийслэлийн онцгой байдлын шуурхай утсанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Бид энэ талаар мэдээллийг эргэн хүргэх болно.
АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэхгүй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гараагүй, харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэлцэж буй тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа хэлээд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг дахин авч үзэх шаардлагатай болсон гэдгийг тэмдэглэв. Блокчейн технологи, цахим орчин дахь санхүүгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хяналтын технологи шаардлагатай болсныг дурдсан. Иймд Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд цахим санхүүгийн хэрэгслээ хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах эсэх, цаашид энэ талаарх төсөөлөл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Мөн иргэд олон нийтийн төөрөгдүүлээд байгаа олон төрлийн мэдээлэл яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар нэгдсэн мэдээлэл хийж, үүнд улс төржилтгүй, эрүүл саруул дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэв.
Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүрэн эхээр нь уншиж хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Ийнхүү тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тус тогтоолын төслийг УИХ-д ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон Тамгын газар судалгаа хийсэн. Уг төслөөр цалин нэмэхгүй, харин тус байгууллагын цалингийн нэмэгдлийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтад нийцүүлэхээр хэлэлцүүлж буй төсөл гэдгийг хэллээ. Дараа нь Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тогтоолын төслийг уншиж танилцуулаад санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Ийнхүү “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Х.Бат-Ялалт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар халз мэтгэлцэнэ
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр "Шүүхийн ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам" сэдвээр халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа ийнхүү мэдэгдсэн юм. Халз мэтгэлцээн ирэх нэгдүгээр сарын 13-ны өдөр болох юм байна. Х.Бат-Ялалтын хэлснээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг халж мэтгэлцээнд дуудаж байгаагаа албан ёсоор өчигдөр бичгээр мэдэгдсэн байна.
Тэрбээр "Уг мэтгэлцээний талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ мэтгэлцээнд ирэх ёстой. Ирэхгүй байх учиргүй" хэмээв.
УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог жишгийг дэмжье
Улс төрийн өндөр ёс суртахуунтай оронд парламентын гишүүн нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон бол аль хэдийн өөрөө уучлал гуйгаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байгаа. Харин манайд “Би дотуур өмдөө орхиж биш өмсөж гарсан” гээд хэлээд зогсож байх жишээтэй. УИХ-ын гишүүд нь ингэж ёс зүйгүй авирлаж байхад бусдаас нь хууль сахиулахыг шаардах боломжтой гэж үү. Ёс бус зүйлд нэр холбогдсон гишүүн нь өөрийгөө буруугүй хэмээн хэлж буй ч зарим иргэд түүнд хариуцлага тооцох эсэхийг хуулийн хүрээнд өөрсдийн түвшинд тодорхой болгохоор Цэцэд хандсан. Цэцээс уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгтэй нь холбогдуулан шалгах гэхэд “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт тээг болоод байсныг хүчингүй болгосон юм.
Тэгэхээр Д.Гантулга болон түүнээс хойшхи эрх мэдэлтнүүд бага ч болов айж, эмээх зүйлтэй болж байна гэсэн үг. Ямартай ч халдашгүй дархан эрх гэдэг халхавчаар хариуцлагаас мултардаг гишүүд цаашид анхаарч сэрэмжлэх зүйлтэй боллоо. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эрх нээгдэж байна гэсэн үг. Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг УИХ олонхиороо шийддэг учраас одоо УИХ-ын хуралдааны шийдвэрийг харах л үлдлээ. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авбал түүнийг шалгах эрх нь нээгдэж байна. Шалгаад буруутай нь тогтоогдвол бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эрхтэй болно.
Хуралдаа суудаггүй Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах уу?
Д.Гантулгын асуудал намжаагүй байхад Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар энэ сарын 22-нд Цэцэд гомдол гаргаад байна. Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь парламентад хоёр удаа сонгогдохдоо хуралдаа суудаггүй гэх шүүмжлэлийг байнга хүртсээр ирсэн. Түүний хуралдаа суудаггүй байдал нь УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх эргэлзээг үүсгэсэн тул эгүүлэн татах асуудлыг тавихад хүргэжээ. Хамгийн гол нь Дундговьчуудын дуу хоолойгоо хүргэх эрх зөрчигдөж байна гэсэн үг юм.
Хэрэв цэц дээрх гомдлыг үндэслэлтэй гэж үзэх юм бол үндсэн ажлаа хийдэггүй гишүүний тоо ганц Б.Наранхүүгээр хязгаарлахгүй. С.Жавхлан гээд олон гишүүн хуралдаа суудаггүй хэрэгт унана.
О.Баасанхүү ч бас Цэц дээр очив
Цэцээр хэлэлцүүлэх бас нэгэн гишүүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү боллоо. О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд амралтын өдөр зохион байгуулж өөрөө намын даргаар сонгогдсон. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хувийн зорилгодоо ашигласан гэх маргааныг үүсгэх үндэслэл болжээ. Учир нь Төрийн ордны Их танхимд хурал зохион байгуулах эрхийг УИХ-ын дарга, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын аль нэгийнх нь зөвшөөрлийг авч хийдэг журамтай юм байна. Мөн хурал зохион байгуулах төсвийг нэр бүхий хүнээс хандиваар авсан гэдгээ хэвлэлээр мэдээлсэн. Хурлыг нийт 150 сая төгрөгөөр зохион байгуулсан нь Улс төрийн намын тухай хууль зөрчих бас нэгэн үндэслэл болсон гэж А.Гантамир нарын хуульчид буруутгаж байна. Тэд О.Баасанхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өнгөрсөн долоо хоногт Цэцэд гомдол гаргажээ.
Хуулиараа Цэц дээр гомдол ирэхэд Цэцийн дарга найман гишүүдээсээ нэгийг нь сонгон маргааныг хуваарилдаг. Хуулийн хугацаа нь 14 хоногоор хязгаарлагддаг. Улмаар Цэцийн гишүүн маргаан үүсгэх үндэслэл байна гэж үзвэл холбогдох мэдээллийг 30 хоногт багтаан цуглуулж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангадаг дэгтэй. Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн маргааныг УИХ-аар хэлэлцүүлдэг. УИХ олонхиороо Цэцийн шийдвэрийг хүлээн авах эсэхээ шийддэг.