8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховдод юу болоод байна вэ?

2017-12-27 10:38:00

Эх орны баруун хязгаар Ховд нутагт удирдлагын эрхээ булаалцалдсан хэсэг нөхөд төрийн ажлыг жинхэнэ утгаар нь бужигнуулж байгаа сурагтай. Хамгийн ноцтой нь тэдний эрээ, цээргүй энэ байдал нь иргэд болон нутгийн албан хаагчдад хүндрэл учруулж байгаа гэнэ. Саяхан тус аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн бөгөөд өчигдөр буцаан томилжээ. Түүнийг жилийн 365 хоногийн ихэнх өдөрт нь томилолтоор гадагшаа яваад үндсэн ажлаа хийдүүлдэг мөн эхнэрийнхээ компанид давуу эрх олгосон гэх мэт асуудалд буруутган хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байдаг. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл албан тушаалдаа үлдэж ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох аж. Эсрэгээрээ буруутай гэж үзвэл ажлаас нь бүр мөсөн чөлөөлнө. 

Ховдын Засаг даргынх нь асуудал ийнхүү намжаагүй байхад ИТХ-ын даргыг огцруулах асуудал хэлэлцэгдэж эхэлжээ. Аймгийн ИТХ-ын V хуралдаан энэ сарын 04, 05-ны өдөр хуралдаж ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд нийт төлөөлөгчдийн 59,4 хувийн саналаар огцруулсан байна. Гэтэл хуралд оролцогчдын зарим нь яг тогтоол батлахын өмнө завсарлага авчээ. Харин зарим нь хурлыг үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ.  Ингээд бөөн маргаан дунд ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулсан тогтоолыг батлаад, хуралдааныг 12 сарын 16-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулахаар товложээ. Ингээд 12 сарын 16-нд дахин хуралдаад Б.Амгаланбадрахыг аймгийн ИТХ-ын даргаар сонгожээ. Б.Амгаланбадрахыг сонгохдоо бас бөөн хэрүүл, шуугиан эсэргүүцэл, тэмцэл дунд сонгожээ. Тухайлбал, зарим нь хуралдаа ирэлгүй тас гүрийж тэднийх нь ирцийг хууль бусаар бүрдүүлсэн гэх мэдээлэл байна.

Тогтоолыг хуралдаан даргалагч уншиж танилцуулахад ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан “22 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 22 хүн дэмжиж Б.Амгаланбадрахыг ИТХ-ын даргаар баталсугай гэж бич, хувь тавьж болохгүй шүү тэгвэл  но-той болно” гэж байсан гэнэ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг АН-5, МАН-6 тэргүүлэгчтэй байхаар тогтож, шинэчилжээ. Гэхдээ Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байгаа юм. 

Зарим төлөөлөгчдийн зүгээс хурал зохион байгуулах саналаа илэрхийлж, шаардлага ирүүлж байхад яагаад хуралдаанд оролцож үйлчлэхгүй байгаа тухайгаа аймгийн ИТХ-ын ажлын алба тайлбарлахдаа “V хуралдааны үеэр “ИТХ-ын даргын албан ёсоор томилсон хуралдаан даргалагч хуралдааныг зохион байгуулах тухай үүрэг, чиглэл өгөөгүй учир хуралдаанд үйлчлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, ингэвэл хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн байна. Гэвч Засаг даргын Тамгын газраас хурлын ажлын алба ажлаа хийдэггүй, хариуцлагагүй гэсэн мэдээллийг фэйсбүүк, вэб сайтаараа дамжуулан гаргаснаас гадна энэ сарын 22-нд болсон ИТХ-ын хуралдаанд ИТХ-ын хурлын ажлын албаныхны оронд Тамгын газрын мэргэжилтнүүд уг хуралдаанд үйлчилж, зохион байгуулсан. Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл хэмээн ажлын албаныхан байр сууриа илэрхийлж байгаа аж. Ховд аймгийн ИТХ нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Г.Пүрэвганди, мөн V хуралдааны гэнэтийн нөхцөл байдлын үр дүнгээр сонгогдоод байгаа Б.Амгаланбадрах гэсэн хоёр даргатай болжээ. Хоёр дарга болон сөргөлцөж буй талууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул асуудлыг хуулийн байгууллагад хандаж шийдүүлэхээр болоод байгаа бололтой.

Энэ мэт дарга нарын эцэс, төгсгөлгүй улстөржилт нь тус аймгийн иргэдийг залхааж эхэлсэн байна. Хамгийн гол нь энэ хугацаанд улсын ажлууд ард хоцрогдсоор.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gvj
buh aimagt i geh heregtei. odoo 60 terbumiinhan aimaguudad daramguilal togtooj bn
2017/12/29 103.212.116.178
pkxn
Dawarsan garuud yumaa
2017/12/27 150.129.143.210
Oirdiin huu Tsoros
Nusgainuud yamar yasaa hemleldeed baigaam. Nutgiin ner baasdaad baival chini bugdiig chini ambaardaj hoono shuu. Ta nar ugaasaa naad hovdiin honkhriin huuhduud bish hodooruugee yavj malaa hariulara aa
2017/12/27 202.21.117.210
Ts.Batsukh
Erunkhiilugch - zuvkhun neg toirgiin bish ard tynii olonkhiin erkh ashgiig khamgaalagch shyy dee.
2017/12/27 103.10.21.32
  • Recent
  • Most Read
  • Most Comment