А-92 шатахуун хомсдсон учраас шатахууны үнэ нэмэгдэх нь гэх мэдээлэл өнөөдөр өглөө олон нийтийн сүлжээнд яригдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг шатахуун импортлогчдоос асуухад "А-92" шатахуун хомдсон гэхдээ үнэ нэмээгүй гэж хэлэв. Учир нь ОХУ-ын талаас арваннэгдүгээр сард Монгол Улсад импортлох хэмжээгээ бууруулснаар шатахуун импортлогч компаниуд нөөц багатай байгаа аж.
Одоогийн байдлаар “Тэс петролиум”-аас бусад нь үнэ нэмээгүй байгаа юм. Харин “Тэс петролиум” нь 20 төгрөгөөр үнээ нэмж 1650 төгрөгөөр шатахууныг зарж байна. Петровис, Жаст ойл, Шунхлай, Содмонгол, Синчи ойл, Магнай трейд зэрэг компаниуд А-92 шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байна. Эдгээрээс “Магнай трейд” ХХК-ний шатахуун түгээх станцууд өдөрт тодорхой хэмжээгээр бензинээ өгч байгаа аж.
Харин Уул, уурхайн яамны зүгээс шатахууны үнийг нэмэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ шинэ оны эхний сараас шатахууны онцгой албан татвар нэмэгдэх учраас жижиглэнгийн үнэ нэмэгдэнэ гэж шатахуун импортлогчдын зүгээс мэдэгдэж байгаа юм. Гэхдээ үнэ нэмэх эсэхийг "Үнийн зөвлөл" хуралдаж байж шийдэх аж. Харин Уул уурхайн яамнаас аль болох шатахууны үнийг нэмэхгүй байх талаас нь ажиллана гэж буй.