Энэ сарын 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч, говийн аймгийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарсан байна. Гэвч оны өмнө ихэнхи нутгаар хүйтэрнэ. Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар цас ахиухан орж, цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41-46 градус хүрч хүйтрэх тул малчид, ард иргэд та бүхнийг шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Зарим нутгаар -41-46 градус хүрч хүйтэрнэ
2017-12-27 13:47:20