Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шvv
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан vгсийг хамтад нь шивнэлээ. Хаа сайгүй сүрлэг ногоон гацуур их хотод маань үзэмж нэмэн гялалзах нь хоёр он солигдох мөч ойртсоныг гэрчилнэ. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Х.Бат-Ялалт: Ц.Нямдоржоос хууль зүйн салбарт ялзрал явагдаж байхад та хаана байсан вэ? гэж асууна
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч, судлаач Х.Бат-Ялалттай ярилцлаа.
-"Шүүхийн ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам" сэдвээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Яагаад энэ сэдвийг онцлох болов?
-Монгол эх оронд минь шудрага бус явдал газар авч, албан тушаал, эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төсвийн, нийтийн өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлэн шамшигдуулж байна. Монгол улсын нийт хүн ард түмний аж амьдралд тооцоолж барашгүй хор хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Би чадна, би чадна. Намайг сонгоод өг, намайг дарга болгоод өг. Би шударга ёсыг тогтоогоод өгье. Би та нарыг сайхан амьдруулаад өгье гэж Ц.Нямдорж 27 жил төрийн эрх мэдэлд монголын улс төрд явж ирлээ.
Энэ хугацаанд долоон удаа УИХ-д сонгогдсон. Таван удаа хууль зүйн сайд хийсэн. УИХ дарга нэг удаа, УИХ-ын дэд даргыг хоёр удаа хийсэн хүн. Энэ хүн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо манай шүүх, шүүх засаглал ялзарчихсан гээд сууж байгаа нь харамсалтай. Ногоочин ногоо тарьчихаад та нарт өгөхдөө ногоо ялзарчихсан гэвэл нар тэр ногоог нь худалдаж авах уу.
Хууль Зүйн салбар ялзарчихсан, Үндсэн хуульд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй гэдгийг миний сүүлийн 20 жилийн судалгаа харуулж байна. Манай төрийн бус байгууллага 10 гаран жил шүүхийн алдаатай шийдвэрээс болж хохирсон иргэдийн гомдол мэдээллийг цуглуулж тэдний эрхийг хамгаалахын төлөө зүтгэж байна. Монголын хуулийн салбар шудрага бус байгааг та бид бүгд харж байна. Салбарын сайд нь хүртэл “шүүх тэгэж л ялзарсан” гээд хэлээд сууж байгаа нь ой гутмаар байна. Хуулийн салбар бол тоглож болохгүй салбар. Тиймээс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд халз мэтгэлцээнд дуудаж байна.
-Мэтгэлцээнд халз дуудсанаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж албан ёсоор мэдэгдсэн үү. Танд ямар нэгэн хариу ирсэн үү?
-Өчигдөр /энэ сарын 25-ны өдөр/ албан бичгээр мэдээлэл хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Үндсэн хууль иргэн хүн төрийн дээд өндөр албан тушаалтанд санал хүсэлт хүргүүж болно. Төрийн дээд албан тушаалтанд түүний хариуг өгнө гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр надад ямар ч хаиу ирээгүй байна. Би өмнө нь өөр олон асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандаж байсан. Тэр бүрт нэг ч удаа хариу ирээгүй. Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хүн шүү дээ.
-Мэтгэлцээн хаана болох бэ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэтгэлцээнд ирэхгүй бол яах вэ?
-Худалдаа аж үйлдвэрийн танхимд ирэх нэгдүгээр сарын 13-ны өдөр болохоор төлөвлөж товлосон байгаа. Мэтгэлцээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ирэх ёстой. Ирэхгүй байх учиргүй. Сайд ирэхгүй гэвэл түүний хэлсэн шиг шүүх засаглал ялзарсан болж байна. Энэ ялзрал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ажиллаж байх үед бий болсон. Тиймээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ирэх учиртай юм. Хэн ч орж бид хоёроос асуухыг хүссэн зүйлээ асууж болно. Энэ мэтгэлцээн бүх хуульчдад нээлттэй.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таныг ТЕГ-т ажиллаж байсан гэж гүтгэсэн гэж та хэллээ. Та ТЕГ-т ажиллаж байсан уу?
- “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ц.Нямдорж орохдоо Х.Бат-Ялалт бол тагнуулын газар ажилладаг гэж худлаа гүтгэсэн юм. Гүтгэлэг болохыг ТЕГ-ЫН албан бичгээр нотолсон. Гэтэл Ц.Нямдоржийн цагдаа гүтгэлэг биш гэж хэргийг хаасан. Тэгэхээр нь Монгол улс хуультай улс юм чинь гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өглөө. Агуулга нь Бат-Ялалт тагнуулын газар ажиллаж байсан уу үгүй юу гэдэг асуултанд хариулах юм. Тагнуулын Ерөнхий газраас Х.Бат-Ялалт нь тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаагүй гэсэн хариуг 2017.12.13-ны өдөр өгсөн байна. Энэ нь Ц.Нямдорж худлаа ярьсан гэдэг хангалттай нотолгоо.
Хатуухан хэлэхэд Ц.Нямдоржид УИХ-ын дэд даргын суудлыг хөсөр хаяж хууль зүйн сайд болох ямар шалтгаан байв. Энэ асуултыг асуугаад энгийнээр бодоод үзэхэд бүх зүйл илт харагдана. Эргэн тойрноо, өнөөдрийн нийгмийг ажиглаад үз.
Хэн нь худалч, хэн нь баян, хэн нь ядуу, хэн нь Монголд эзэн болж байгаа нь бидний нүдэн дээр харагдаж байна.
-Та өмнө нь Х.Тэмүүжинг сайд байхад нь хэд хэдэн удаа халз мэтгэлцээнд дуудаж байсан. Гэхдээ Х.Тэмүүжин сайд ирээгүй. Харин энэ удаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ирэх болов уу. Та юу гэж бодож байна.
-Өмнө нь би Х.Тэмүүжинг хууль зүйн сайд байхад нь халз мэтгэлцээнд хэд эдэн удаа дуудаж байсан. Х.Тэмүүжин ирж байгаагүй. Ц.Нямдорж ирэх байх гэж бодож байна. Ирэхгүй бол би ирүүлнэ.
-Яаж?
-Энэ салбарын сайд хүн шүү дээ. Амьдралынхаа багагүй хугацааг энэ салбарт өнгөрүүлсэн хүн. Илүү тайлбар хэрэггүй.
-Мэтгэлцэгчээсээ асуух олон асуулт байгаа байх. Хамгийн эхэнд ямар асуулт тавих бэ?
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос асуух маш олон асуулт байна. Энэ хүний хэлж байгаагаар манай улсын хууль зүйн салбар ялзарсан, ялзрал явагдсан. Өөрөө ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан.
Тиймээс хамгийн түрүүнд хууль зүйн салбарт ялзрал явагдаж байхад та хаана байсан вэ? гэж асууна. Үүнийг заавал эхэнд нь асуух ёстой. 37 жилийн турш хууль зүйн салбарт удирдах албан тушаал хашиж ирсэн Ц.Нямдорж, яагаад өнөөдөр гэнэт энэ салбар ялзарч, хэн нэгний халаасанд байгааг мэдэв. Салбар нь ялзарч, доройтоход түүний ч гэсэн хувь нэмэр байсан гэдгийг түүний хуулийн салбарт ажилласан ажлын намтар хэлээд өгч байгаа юм.
-Өрсөлдөгч тань хэрвээ ирвэл танд маш олон асуулт тавих нь тодорхой. Та энэ бүхэнд бэлэн үү?
-Би бэлэн байна. Надад бэлтгэж сүр болох зүйл байхгүй. Би бүх зүйлийг баримттайгаар ярина.
-Тухайлбал?
-Мэтгэлцээний асуулт хариулт, мэтгэлцэгч талуудын хариулт энэ бүгдийг харуулах байх. Мэтгэлцээн маш сонирхолтой болно.
-Таныг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын найз гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Найз нөхдийн харилцаа байхгүй. Гэхдээ би хуульч хүний хувьд монголын ар түмэн нэг л өдөр Б.Хурцад баярлаж, талархах, үнэнийг хэлсэн гэж сайшаах өдөр ирнэ гэж хэлмээр байна.Яагаад гэвэл Б.Хурц монголын шүүхийн үнэн дүр төрх, байр байдлыг шууд хэлсэн хүн.Нам дамнасан бүлэглэл түүнийг гар хөл бологсод шүүхийн байгууллагыг завхруулж байгааг хэлсэн шүү дээ. Үүнийг сөрж хууль зүйн сайд нь бас мэдээлэл хийсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Ховдод юу болоод байна вэ?
Эх орны баруун хязгаар Ховд нутагт удирдлагын эрхээ булаалцалдсан хэсэг нөхөд төрийн ажлыг жинхэнэ утгаар нь бужигнуулж байгаа сурагтай. Хамгийн ноцтой нь тэдний эрээ, цээргүй энэ байдал нь иргэд болон нутгийн албан хаагчдад хүндрэл учруулж байгаа гэнэ. Саяхан тус аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн бөгөөд өчигдөр буцаан томилжээ. Түүнийг жилийн 365 хоногийн ихэнх өдөрт нь томилолтоор гадагшаа яваад үндсэн ажлаа хийдүүлдэг мөн эхнэрийнхээ компанид давуу эрх олгосон гэх мэт асуудалд буруутган хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байдаг. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл албан тушаалдаа үлдэж ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох аж. Эсрэгээрээ буруутай гэж үзвэл ажлаас нь бүр мөсөн чөлөөлнө.
Ховдын Засаг даргынх нь асуудал ийнхүү намжаагүй байхад ИТХ-ын даргыг огцруулах асуудал хэлэлцэгдэж эхэлжээ. Аймгийн ИТХ-ын V хуралдаан энэ сарын 04, 05-ны өдөр хуралдаж ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд нийт төлөөлөгчдийн 59,4 хувийн саналаар огцруулсан байна. Гэтэл хуралд оролцогчдын зарим нь яг тогтоол батлахын өмнө завсарлага авчээ. Харин зарим нь хурлыг үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ. Ингээд бөөн маргаан дунд ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулсан тогтоолыг батлаад, хуралдааныг 12 сарын 16-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулахаар товложээ. Ингээд 12 сарын 16-нд дахин хуралдаад Б.Амгаланбадрахыг аймгийн ИТХ-ын даргаар сонгожээ. Б.Амгаланбадрахыг сонгохдоо бас бөөн хэрүүл, шуугиан эсэргүүцэл, тэмцэл дунд сонгожээ. Тухайлбал, зарим нь хуралдаа ирэлгүй тас гүрийж тэднийх нь ирцийг хууль бусаар бүрдүүлсэн гэх мэдээлэл байна.
Тогтоолыг хуралдаан даргалагч уншиж танилцуулахад ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан “22 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 22 хүн дэмжиж Б.Амгаланбадрахыг ИТХ-ын даргаар баталсугай гэж бич, хувь тавьж болохгүй шүү тэгвэл но-той болно” гэж байсан гэнэ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг АН-5, МАН-6 тэргүүлэгчтэй байхаар тогтож, шинэчилжээ. Гэхдээ Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байгаа юм.
Зарим төлөөлөгчдийн зүгээс хурал зохион байгуулах саналаа илэрхийлж, шаардлага ирүүлж байхад яагаад хуралдаанд оролцож үйлчлэхгүй байгаа тухайгаа аймгийн ИТХ-ын ажлын алба тайлбарлахдаа “V хуралдааны үеэр “ИТХ-ын даргын албан ёсоор томилсон хуралдаан даргалагч хуралдааныг зохион байгуулах тухай үүрэг, чиглэл өгөөгүй учир хуралдаанд үйлчлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, ингэвэл хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн байна. Гэвч Засаг даргын Тамгын газраас хурлын ажлын алба ажлаа хийдэггүй, хариуцлагагүй гэсэн мэдээллийг фэйсбүүк, вэб сайтаараа дамжуулан гаргаснаас гадна энэ сарын 22-нд болсон ИТХ-ын хуралдаанд ИТХ-ын хурлын ажлын албаныхны оронд Тамгын газрын мэргэжилтнүүд уг хуралдаанд үйлчилж, зохион байгуулсан. Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл хэмээн ажлын албаныхан байр сууриа илэрхийлж байгаа аж. Ховд аймгийн ИТХ нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Г.Пүрэвганди, мөн V хуралдааны гэнэтийн нөхцөл байдлын үр дүнгээр сонгогдоод байгаа Б.Амгаланбадрах гэсэн хоёр даргатай болжээ. Хоёр дарга болон сөргөлцөж буй талууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул асуудлыг хуулийн байгууллагад хандаж шийдүүлэхээр болоод байгаа бололтой.
Энэ мэт дарга нарын эцэс, төгсгөлгүй улстөржилт нь тус аймгийн иргэдийг залхааж эхэлсэн байна. Хамгийн гол нь энэ хугацаанд улсын ажлууд ард хоцрогдсоор.
А-92 шатахууны нөөц багассан учраас үнэ нэмэгдэх магадлалтай байна
А-92 шатахуун хомсдсон учраас шатахууны үнэ нэмэгдэх нь гэх мэдээлэл өнөөдөр өглөө олон нийтийн сүлжээнд яригдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг шатахуун импортлогчдоос асуухад "А-92" шатахуун хомдсон гэхдээ үнэ нэмээгүй гэж хэлэв. Учир нь ОХУ-ын талаас арваннэгдүгээр сард Монгол Улсад импортлох хэмжээгээ бууруулснаар шатахуун импортлогч компаниуд нөөц багатай байгаа аж.
Одоогийн байдлаар “Тэс петролиум”-аас бусад нь үнэ нэмээгүй байгаа юм. Харин “Тэс петролиум” нь 20 төгрөгөөр үнээ нэмж 1650 төгрөгөөр шатахууныг зарж байна. Петровис, Жаст ойл, Шунхлай, Содмонгол, Синчи ойл, Магнай трейд зэрэг компаниуд А-92 шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байна. Эдгээрээс “Магнай трейд” ХХК-ний шатахуун түгээх станцууд өдөрт тодорхой хэмжээгээр бензинээ өгч байгаа аж.
Харин Уул, уурхайн яамны зүгээс шатахууны үнийг нэмэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ шинэ оны эхний сараас шатахууны онцгой албан татвар нэмэгдэх учраас жижиглэнгийн үнэ нэмэгдэнэ гэж шатахуун импортлогчдын зүгээс мэдэгдэж байгаа юм. Гэхдээ үнэ нэмэх эсэхийг "Үнийн зөвлөл" хуралдаж байж шийдэх аж. Харин Уул уурхайн яамнаас аль болох шатахууны үнийг нэмэхгүй байх талаас нь ажиллана гэж буй.
Зул асааж орхисноос болж 22 павьлион галд өртжээ
Өчигдөр Нарантуул худалдааны төвийн хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно байрлах цахилгаан барааны павилонд гал гарсан. Онцгой байдлын гурван ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор гал гарсан албан дүгнэлт гараагүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар павьлион түрээслэгч А нь павьлиондоо зул асаагаад яваад өгсөн байна. Үүнээс болж гал алдаж, нийт 22 павьлион галд өртжээ. Цагдаа нар А-г дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэрбээр мэдүүлэг өгөхдөө зул асаагаад орхиод явснаа хэлсэн байна.Үргэлжлүүлсэн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Орон сууцанд мөнгөн ус асгарчээ
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны гуравдугаар давхрын хогийн сувгийн хажууд мөнгөн ус асгарсан байна гэх дуудлага өчигдөр 14:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 15:03 цагт очиж, тус байрны хоёрдугаар орцны гуравдугаар давхрын шатнаас нэгдүгээр давхрын шал хүртэл 18 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авчээ. Улмаар мөнгөн усыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Жүжигчин Б.Батзаяад байр бэлэглэлээ
Хошин урлагийн жүжигчин МУГЖ Б.Батзаяад Нийслэлийн соёл урлагийн газраас орон сууц бэлэглэжээ. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр, "Магнууш” уран бүтээлийн нэгдлийг байгуулж, багагүй хугацааг үдсэн байна. Уран бүтээлийн нэгдэл маань сүүлийн таван жил хөдөө орон нутгийн үзэгчдэдээ тоглолт хийж байна. Удахгүй тайз, дэлгэцийн бүтээл хийхээр бэлтгэлээ базааж байна" хэмээн ярьж байжээ. Гэсэн ч тэрбээр бие нь чилээрхүү байгаа тул уран бүтээлдээ орж чадахгүй байгаа аж. Б.Батзаяа нь 1978 онд хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөж, тэр жилдээ “Хүүхдийн төв театр” -т жүжигчнээр ажилд орж байжээ. Тэрбээр хэдэн нөхдийн хамт 1989 оны сүүлээр хошин урлагийн театр байгуулж байсан түүхтэй. Тухайн үед түүнтэй хамт Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Б.Туяа, И.Одончимэг, жүжигчин О.Энхтуул, н.Амгалан нарын жүжигчид хошин урлагийн түүхийг эхлүүлж байсан байна. Монголын нийгэм эдийн засгийн доройтолд орж, бүх юм картын системд шилжихэд урлагийн байгууллагууд бүгд хаалгаа барьж байсан тэр жилүүдэд хошин урлагийн тоглолтууд үзэгч ихтэй байсан гэдэг. Тэд орон нутгаар аялан тоглолт хийж, “Монголын нэг өдөр” хэмээх бүрэн хэмжээний шоу хөтөлбөрийг толилуулж, "Соёлын төв өргөө"-г дүүргэж байсан түүхтэй.
ЗГ: Хүүхдийн мөнгө олгох тухай асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр Засгийн газрын энэ оны отгон хуралдаан болно. Уг хуралдаанаар 15 асуудал хэлэлцэхээр товлосоны дотор Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2018 оны хэмжээг тогтоох тухай, Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний тухай, Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим төсөл хэрэгжүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Ингээд хэлэлцэх асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
№ |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
|
Дунд хугацааны стратеги батлах тухай |
Ө.ЭНХТҮВШИН |
|
Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай |
Г.ЗАНДАНШАТАР |
|
2018 оны энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах, олон улсын хамтарсан сургалт дадлага зохион байгуулах тухай |
Н.ЭНХБОЛД |
|
Ерөнхийлөгч чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсний мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухай |
Д.ЦОГТБААТАР |
|
Олон улсын хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан дахь хувь хэмжээг нэмэгдүүлэх болон Монгол Улсыг төлөөлөх төлөөлөгч томилох тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
|
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2018 оны хэмжээг тогтоох тухай |
С.ЧИНЗОРИГ |
|
Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний тухай |
С.ЧИНЗОРИГ |
|
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
Ж.БАТ-ЭРДЭНЭ |
|
Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим төсөл хэрэгжүүлэх тухай |
Ц.ДАВААСҮРЭН |
10. |
Бусад асуудал* |
У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
|
||
11. |
Словак Улсын Шадар сайдын айлчлалын дүнгийн талаар |
Ө.ЭНХТҮВШИН |
12. |
Албан даалгаврын биелэлтийн талаар |
Ө.ЭНХТҮВШИН |
13. |
Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар |
Г.ЗАНДАНШАТАР |
14. |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналын талаар |
Г.ЗАНДАНШАТАР |
15. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Н.ЦЭРЭНБАТ |
ЗЦГ: Шинэ оны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн шинэ оны анхны нарыг харах иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорих үеэр замын цагдаагийнхан хамгаалалтад гарч, хөдөлгөөний зохицуулалт хийж ажиллах аж.
Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцоорой. Мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай буй тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарахыг цагдаа нар зөвлөв.
Ингэхдээ тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулж уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт байрлуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав. Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.