8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Туул: Ходоод гэдсийг цочроож хямраах хүнс хэрэглэхгүй байх нь хоолны хордлогоос сэргийлж чадна

2017-12-28 09:13:00

Шинэ жилийн үеэр хоол хүнсээ зөв хадгалах, хэрхэн зөв боловсруулж хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох, хоолны хордогоос сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туулаас  тодрууллаа. 

-Хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах, сонгох вэ? 

-Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх хамгийн энгийн зөвлөмж буюу ДЭМБ-ийн гаргасан аюулгүй хоол хүнсний таван түлхүүр зарчим байдаг. Үүнийг өдөр тутмдаа эзэгтэй нар баримталж хэвших хэрэгтэй. Нэгдүгээрт цэвэр байлгах: Гарын болон хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй. Гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэргийг сайтар цэвэрлэх шаардлагатай.Бохир гарт 200 сая орчим нян агуулагдаж байдаг. Хоол бэлтгэх болон хийхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдох тохиолдол бүрт гарыг сайтар савандаж угаах ёстой. Үүнийг хүн бүр мэддэг хэрнээ тэр бүр хэвшүүлдэггүй. Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50 хувь бууруулдаг.

Хоёрдугаарт болгосон болон түүхий хүнсийг тусад нь байлгах: Хүнсийг бэлтгэх болон хадгалах үед түүхий хүнс болон тэдгээрийн шүүс болсон буюу шууд хэрэглэх хүнсэнд хүрэхээс хамгаалан тусад нь хадгалах хэрэгтэй. Мөн түүхий мах, ногооны ганбанз модон дээр болсон хүнс хэрчиж бэлтгэхгүй байх нь чухал. Түүхий бүтээгдэхүүн ганбанз модыг хэрэглэсний дараа халуун усаар сайтар угааж хэрэглэнэ. Гуравдугаарт хоол хүнсийг гүйцэд чанаж болгох: Мах, махан бүтээгдэхүүнийг гүйцэд болгох хэрэгтэй. Хоол хүнсийг гүйцэд болгосноор аюултай бичил биетүүд устдаг.

Дөрөвдүгээрт хүнс хоолыг зохих хэмд хадгалах: Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонезээр амталсан бүтээгдэхүүн зэргийг хөргөгч, хөлдөөгчид хадгалах хэрэгтэй. Хүйтэн орчинд ихэнх төрлийн өвчин үүсгэгч нянгийн өсөлт зогсдог. Тавдугаарт аюулгүй хүнс сонгож хэрэглэх:  Хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан баталгаатай эх үүсвэрээс худалдаж авах хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй нөхцөлд хадгалж байнуу үгүй юу, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг авахгүй байх, мэдрэхүйн үзүүлэлт хэвийн эсэх, бяцарсан, гэмтсэн бол худалдаж авахгүй байх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал зэрэгт анхаарах хэрэгтэй.

-Хоолны хордлого ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Гүйлгэнэ, суулгана, бөөлжинө, халуурна, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдэг та болон таны эргэн тойронд байгаа хэн нэгэнд илэрвэл шууд эмчид хандаж зөвлөгөө мэдээлэл авах нь чухал.

-Хордлого авсан тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?

-Шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Мөн  шингэн сэлбэх уусмал буюу хорсол бэлтгэж өгнө. Мэдээж хамгийн түрүүнд харъяа өрхийн эмнэлэг, түргэн тусламжид хандаж болно.

-Хамгийн их хордлогод оруулдаг хүнсний бүтээгдэхүүн?

-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг буруу нөхцөлд хадгалж хэрэглэх, дутуу боловсруулах үед хордлого үүсдэг. Үүнд сүү цагаан идээ, жимс, мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонез гэх мэт хүнс ордог. Эдгээр хүнсийг хөргөгчинд 40С-с бага хэмд хадгалах ёстой. Ер нь болсон хоол хүнсийг тасалгааны хэмд 2-оос илүү цаг хадгалсан бол хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

-Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх үү, юуг анхаарвал зохилтой вэ?

-Хувийн болон хүнсний аюулгүй байдлыг сайтар сахих, гараа аль болох угаах, гараа угаах боломжгүй бол нойтон салфеткаар арчиж байх, эсвэл гар ариутгагч ашиглах байх хэрэгтэй. Мөн хоолоо тохируулж хэрэглэхийг хэрэгтэй. Нэг дор хэт их идэхгүй байх, хурц амттай халуун ногоо, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн их хэрэглэх нь гэдэс ходоодыг цочроох нөлөө үзүүлдэг. Иймээс өөрсдийн бие махбодийн онцлогт тохируулан ходоод гэдсийг цочроож хямраах хүнс хэрэглэхгүй байх нь хоолны хордлогоос сэргийлж чадна. 

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment