ЧУУЛГАН
Х.БАТТУЛГА: Монголчууд бидний хэзээ ч үл мартагдах түүх бүтээгдсэн өдөр юм
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил өнөө жил тохиож байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр "Өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдрүүд Монголчууд бидний хэзээ ч үл мартагдах түүх бүтээгдсэн өдөр юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тусгаар тогтнолын үйл хэргээ энэ өдөр баталгаажуулж чадсаныг түүхчид нотолдог. Чингис хааны угсаат язгуурт, язгуурын үндсээ хадгалж тэмцлээ эхэлсэн. Үүнийг та бид хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна. Бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол хэзээ ч үл мартах өдөр юм. Байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангаргаа хичээнгүйлэн хайрлана гэдэг үгийг өнөөгийн төрийг барьж буй хүмүүс өдөр бүр санах хэрэгтэй. Шинэ мандсан Монголын төр дотоодын эдийн засгаа боломжоороо өөд нь татах, өөрийн ард түмнээ дэлхий дахинтай танилцуулах их үйл хэргийг хийж ирсэн. Түүх бол алдаа онооны оньс юм. Түүх бол өнгөрснөөс одоог дайрч, ирээдүйд одох галт тэрэг. Монголчуудын итгэл эвдэрч явсан түүхийг бид бас мартаж болохгүй. Ийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бид бас санах хэрэгтэй. 1921, 1990 оны хувьсгалууд нь 1911 оны хувьсгалын их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл юм. Нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн ахмад үеийнхний үргэлжлэл нь өнөөдрийн бид нар билээ. Энэ жил бид шинэ жил тэмдэглэхээс илүү, алдсан алдаагаа ухаарч, урагшлах нь чухал байна. Залхуу нь ажиллаж, алдсан нь гэмшлээ ухаарч ажиллах ёстой” гэлээ.
Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж гишүүн жижиг тоосго барьчихаад, М.Энхболд дарга таныг огцруулахаар явж байгаа
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах үеэр маргаан гарлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж " Төв банкны тухай хуулийн төсөл, Банкны тухай хуулийн төсөл нь зөрчилтэй байна гэж хэлээд байхад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хүч түрэн хэлэлцэж, хууль зөрчсөн. Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт хариуцлага тооцож өгнө үү. Хэрэв өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулиудыг хэлэлцвэл УИХ-ын дарга М.Энхболд таныг Цэцэд өгнө. Ц.Нямдорж гишүүн жижиг тоосго барьчихаад, М.Энхболд дарга таныг огцруулахаар явж байгаа. Түүнд олз болох болно” гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Банкны тухай хуулийг Төв банкны хуулийг баталсны дараагаар хэлэлцэх хэрэгтэй. Төв банк монгол төгрөгийн тогтвортой байдлыг хариуцдаг. Гэтэл төгрөгийн ханш суларсан байгаа. Гэтэл Төв банкны тухай хууль дээр Монголбанк ханшийн өөрчлөлтийг хариуцахгүй байхаар орж ирж байна. Зөвхөн үнийн асуудлыг хариуцана гэсэн нь буруу" гэв.
УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ "Утааны байдал хүндэрлээ. 2019 онд утаагүй байх боломжтой гэж шинжээчид бичдэг. Энэ асуудлаар хаалттай хуралдаан хийж, Засгийн газар, ҮБАЗ хамтраад хэлэлцмээр байна. Баахан ажлын хэсэг гардаг юм билээ. Утааны асуудлаа шийдэх хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Утааны асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Манай дарга нар утаатай газарт очиж шоудаж байхаар шийдэмгий ажлыг даруйхан эхлүүлэх шаардлагатай байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Утааны асуудал зөвхөн Улаанбаатарын асуудал биш боллоо. Бүх аймгууд утаатай байна. Жирэмсэн ээжүүдэд утаа маш сөрөг нөлөө үзүүлж байна. Хүн амын эрүүл мэнд удмын сангаас өөр чухал асуудал байхгүй учраас энэ асуудлыг он гаргаад бүх түвшиндээ сууж байгаад ярилцъя" гэв.
Т.Хулан