Ойрын өдрүүдэд агаарын бохирдол ихсэж утааний аюултай түвшин нэмэгдэж байгаа учраас онц байдал зарлахыг иргэдийн зүгээс шаардаж байгаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар л гэхэд утааны асуудлаар дорвитой арга хэмжээ авахыг УИХ-ын гишүүд холбогдох албаныханаас хүсч байлаа. Мөн утааны асуудлаар нам гэж талцалгүйгээр шийдэл хайя, даруйхан дорвитой шийдвэр гаргаж ажиллъя гэж байсан юм. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлах асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр онц байдал зарлах буюу сургууль, цэцэрлэгийг амраах гэх мэт арга хэмжээг авах санаачлагыг гаргаж буйгаа энэ үеэр дуулгалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга "Утаанаас үүдэлтэй өвчлөл маш их байна. Би өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн хүүхдийн эмнэлгүүдээр явсан. Тэгэхэд ханиад томууны өвчлөл маш их байна. Ингээд холбогдох албаныханд үүрэг, даалгавар өгсөн. Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй байсан учраас зарим хүүхдийг цэргийн госипиталь эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг гаргаад байна. Цаашид бид утаатай тэмцэх ажлыг яаралтай эхлүүлмээр байна. Дагуул хот байгуулах ёстой. Дагуул хот байгуулж байж утаанаасаа салсан орон олон. Дагуул хот байгуулах асуудлаар төлөвлөлт гаргаад хавраас ажилдаа оръё. Ашиглалтад орсон 3680 орон сууцанд төрийн албаны үйлчилгээний ажилчдын цалинг нь барьцаалааднэн яаралтай оруулъя. Дагуул хотуудыг байгуулах асуудлаар шууд шийдвэр гаръя. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Харин би үүнийг хэлэлцүүлэхээр УИХ-д саналаа өгч байна" гэлээ.
Т.Энхэлээ