Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойн түүхт өдөр.
Яг 106 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс гэж Азийн цээжинд нэгэн улс байдгийг ертөнцийн чихнээ дахин дуурсгасан агуу үйл хэргийг өвгөд дээдэс маань бүтээж чадсан билээ. 200 гаруй жил Манж Чин улсын дарангуйлалд байсан Монгол улсад XIX зууны сүүлч XX зууны эхэн үед үндэс угсааныхаа төлөө тэмцэх, улс гэрээ сэргээн мандуулах үзэл ухамсар бүхий шинэ цаг үеийнхэн нэгэнт тодрон гарч иржээ.
Олон улсын байдал тэр дундаа шинэ колоничлолын бодлого баримтлагч тухайн үеийн Их гүрнүүдийн шахалт хавчлага, дарамтын дор жил, сар, өдрөөр доройтол мөхөл рүүгээ дөтөлж байсан Манж Чин гүрний дотоод гадаад байдал ч Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, улс орноо тусгаарлах их үйлсэд хөтөлсөн нэг шалтгаан байсан нь түүхэн үнэн юм. Манжууд гадаад талдаа колоничлогчдын шахалтад орж, дотоодод нь хятадууд төрийн эрхийг нь авч, “Шинэ засгийн бодлого” гээчийг гарган хэрэгжүүлж эхлэхэд түүнд нь бүрэн автсан байдаг.
“Шинэ засгийн бодлого”-оороо хятадууд Монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хүчингvй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Үүнээс болж Монголын бүхий л хязгаар нутагт Манж-Хятадыг эсэргүүцсэн тэмцэл өрнөсөн. Тиймээс л Монголын эх орончдын Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн ялалтанд хүрсэн нь тун тодорхой.
Гэвч дэлхийг шинээр хуваан захирахын төлөө өрсөлдөж байсан их гүрнүүдэд Төв Азийн бөглүү хоцрогдмол Монголын тусгаар тогтнол тийм ч сонин асуудал биш байлаа. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээн зарласнаасаа хойш Монголчууд 1921 онд Ардын хувьгал хийж, 1924 онд Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхаглаж, 1945 оны Бүх ард түмний санал асуулгаар тус бүр шат ахиж, бүхэл бүтэн 16 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд 1961 онд Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-д гишүүн нь болж байж бүрэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголын тусгаар тогтнолын эхэн болохын хувьд хамгийн чухал ач холбогдолтой болохыг XX зууны Монгол улсын түүх бэлээхэн гэрчилнэ.
1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Халхын болон өвөр Монголын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг үйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүн нар явж Халхын хангуудын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ.
Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгүй байх шийдвэр гаргав. Улмаар Оросын Засгийн газар Манж, Монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан.
Харин 1911 оны 10 дугаар сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, Манжийн хааны байр суурь суларсан нь монголчуудад таатай боломж олгосон юм. Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр Засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ.
Түр Засгийн газар Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах үүрэгтэй байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод Монгол, Хөх нуур, Барга, Алашаа зэрэг бүх Монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ.
Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг Богд хаанаар өргөмжилж, Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг хийсэн. Шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаанаа залсан нь тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байжээ. Монгол бол Хятад, Төвд зэрэг бусад улсын л адил Манжийн эзэнт гүрний харьяанд багтаж байсан улс. Гэхдээ Тусгаар тогтнолоо бусдаас түрүүлэн зарлаж чадсан нь гайхамшигтай. Монголынхоо Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань хятадууд Манж гүрнийг халж БНУ-аа тунхаглахаас хэд хоногийн өмнө ийнхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан юм.