ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Монгол Улс төсвийн орлогоо нэмэгдүүлж , зарлагаа танах шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Тэгвэл энэ сараас нэмэгдэх гурван төрлийн татварттай танилцана уу.
Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувиар нэмнэ
Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байх юм. Ингэснээр хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгохоор тооцсон байна.
Таны сарын цалин:
1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10 хувь
1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15 хувь
2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20 хувь
3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25хувийн татвар төлнө.
Ингэснээр сарын 2,5 сая төгрөгийн орлогод 11,2 хувиар, сарын 4 сая төгрөгийн орлогод 15,1 хувиар татвар ногдох юм байна.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмнэ
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас тус бүр 7 хувиар тооцож суутгал хийдэг. Харин энэ оны нэг сараас уг шимтгэл 1 хувиар нэмэгдэж 8 хувь болох юм.
Тодруулбал, нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8,5 хувь, 2020 онд тус бүр 9,5 хувьтай байна.
Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлвөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас 2019 онд 11,5 хувиас 2020 онд 12,5 хувиас багагүй байх өөрчлөлт оруулахаар тусгаж өгсөн байна.
Архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэнэ
Энэ оноос эхлэн архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэнэ. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд хувь хүний орлогын албан татварын цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн 10-25 хувиар татвар ногдуулна.
Тодруулбал, 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмнэ.
Д.Болор