11 жилийн турш дэлхийн 86 орноор аяласан амай буюу Ж.Золбаяр бөөрний дутагдалд орсон гэдгээ шинэ оны өмнө олон нийтэд өөрөө мэдээлсэн билээ. Амай Африк тивд явж байхдаа Малери өвчин туссан нь ийнхүү бөөрийг нь өвчлүүлжээ.
Тухайн үед тэрбээр эмнэлэгийн орон дээрээс лайв хийхдээ "Дэлхийн түүхэнд үлдэх холын хүнд хэцүү замыг туулж, даваад, Эх орондоо авчирсан мэдлэг туршлагаа сайн сайхны төлөө ашиглаж чадсангүй. Төр засагт, мэдлэг чадваргүй, Эх оронч сэтгэлгүй хүмүүс олноор шургаж орсны гайг манай үе нүдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдэрлээ дээ. Ийм муу цаг үеийг дараагийн үе битгий туулаасай. Юм хийж, бүтээж чаддаг Монгол хүмүүсээ дэмждэг болж байж бид хөгжинө шүү гэдгийг санаж яваарай" гэж хэлж байсан юм.
Тухайн үед түүнд туслах гэсэн залуус Амайгийн бичсэн номыг худалдан авах ажлыг өрнүүлээд байсан..
Тэгвэл БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа саяхан Амайгийн бичсэн номуудыг “хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн байна. Ц.Цогзолмаа сайдын хэлсэн үгэнд аялагч Амай ундууцан “Миний номыг сөхөж хараагүй байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчдыг ийн дайрч болохгүй.Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйх ёстой” хэмээжээ.
Амайгийн хувьд 11 жилийн туршид аялсан аялалын туршлага, мэдлэг болон олон орны ёс заншил, хууль дүрэм, зан ёс суртахууныг цуврал боть номондоо багтаасан байдаг билээ.