8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Түүхий нүүрсийг нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглоно

2018-01-02 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн 2018 оны ажлын өдрүүд ийнхүү эхлэж байна. Та энэ жил  юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна. Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Энэ онд хэрэгжиж эхлэх хуулиуд

Энэ онд хэрэгжиж эхлэх хуулиуд

Энэ онд хэрэгжиж эхлэх хуулиудыг танилцуулж байна.  УИХ-аар хэлэлцэж баталсан шинэ хууль, журмуудын зарим хуулиуд.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ АНХНЫ ХУУЛЬ

Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай болов. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн.  Энэхүү хуулиар 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх юм байна.Уг хууль нь  7 бүлэг, 24 зүйлтэй аж. 

15-60 НАСНЫ ИРГЭД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хууль 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой юм байна.

Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана. Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд мөн хамаарахгүй юм.

ХХОАТ 10-25, НДШ ХОЁР ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Хувь хүний орлогын түвшингээс хамааран ХХОАТ, НДШ-ийг шатлалтайгаар нэмэгдэж байна. Тодруулбал, 1.5 сая ба түүнээс дээш цалинтай иргэдийн албан татварыг 15-25 хувь болгож нэмэх юм. Харин 1.5 сая хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10 хувь хэвээрээ байна. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг.

Тэгвэл энэ 84,000 төгрөгийг:

2018 онд 120,000,

2019 онд 160,000,

2020 онд 200,000,

2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна. 10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм. Харин НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэхээр болоод байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

Түүхий нүүрсний хэрэглээг танаж, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглоно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа.

Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм гэлээ. Мөн тэрээр  Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцож утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал гэлээ. Улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл  урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж  Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо

Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утаа бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Эдгээрийг зэрэгцүүлж хэрэгжүүлэхэд тухайн зорилтот бүлэгтээ хүрч илүү үр дүнг үзүүлнэ гэлээ.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй шийдэл олон байна.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгчээ. 

Анхаар: Зарим газарт -43-48 хэм хүрч хүйтэрнэ

Ойрын долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, Увс нуур болон Дархадын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм хүрч хүйтэрнэ. Харин  нутгийн зүүн хэсгээр Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -32-36 хэм хүрч, хүйтэн хононо. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-нөөс хойш ихэнх нутгаар хур тунадас орсон. Ялангуяа Сэлэнгэ аймагт 2-4 мм, Хөвсгөл, Архангай аймагт 5-6 мм зузаантай цас орсон гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяа мэдээллээ.

Улаанбаатар хотод энэ сарын 5, 6-ны өдрүүдэд бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 

 

Зөвшөөрөлгүй ТҮЦ, ил задгай худалдааг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас I сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо

УИХ-ын гишүүн С.Жавхлан 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй” аянаа гурав дахь жилдээ хийлээ. Тэрбээр шинэ оны баяр, мөн энэ сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрийг тохиолдуулан 2016 оны сүүлийн дөрвөн сарын цалин болох 6.168.844 төгрөгөөр өөрийн тойргийн иргэдээ баярлуулжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан хэлэхдээ “Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно.Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна” гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ тусалцгаая хэмээн уриалсан юм. 

Жолооч нарыг хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байхыг анхааруулж байна
 

Баяр, амралтын өдрүүдээр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 30-нд Баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0,0-14 мм цас орсноос хамгийн их нь Увсын Баруунтуруунд 14мм, Тэсд 13 мм ахиу цас орж, цасан шуурга шуурсан байна.

Харин ихэнх хугацаанд салхины хурд секундэд 6-11 метр, 27, 28-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 27 метр хүрчээ.

Цаг, уур орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна. 

Их аварга Д.Дагвадорж: Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна

Их аварга Асашёорюү  Д.Дагвадорж өнгөрсөн оны төгсгөлд Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцлоо.10 сая иений шагналын сантай  тус нэвтрүүлэгт  их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давж, монголчуудаа дахин баярлууллаа. Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарахдаа их аварга Д.Дагвадорж АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нартай хүч үзэж, ялагч боллоо. Тэрбээр нэвтрүүлгийн дараа өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцсан байна. 
Ирж байгаа 2018 онд Төрийн түшээд минь эх орноо бодсон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой гэж хүсэж байна. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний биеийн хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа. Би сэтгэлд уяатай явсан бодлоо биелүүллээ. Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна. Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийг авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж та бүхэндээ шинэ оны босгон дээр хэлмээр санагдаж байна. Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцсан байх. Сэтгэл үнэхээр сайхан байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа. Мөн сүмо бөхийн тэмцэл, бас Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү асуудал. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе” хэмээн хэлсэн байна. 

Эмээлтийн замд ноцтой осол гарч нэг хүн амь насаа алджээ

Энэ сарын 1-нд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтийн замд зам тээврийн хоёр ноцтой осол гарчээ. Тодруулбал Эмээлт уруудаад жалганд машин онхолдсон хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага онцгой байдлынханд иржээ. Газар дээр нь очиход 15.. УБУ улсын дугаартай “Приус” загварын автомашин жалганд онхолдож, 17 настай эрэгтэй Э автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Мөн 25 настай эрэгтэй Э хөнгөн гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам дээр хоёр машин мөргөлджээ. Тодруулбал “Санота-6” загварын автомашин, “Тоёото перемо” загварын автомашинтай мөргөлдөж жолооч М /25 настай, эрэгтэй/, иргэн О /26 настай, эмэгтэй/, Ц /55 настай, эмэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Ц /26 настай, эмэгтэй/, Б /3 настай, эмэгтэй/, нар хөнгөн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Таван хүүхэд төөрснийг олж эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт гэмт хэргийн шинжтэй 253 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Энэ өдрүүдэд ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд шинэ оноо тайван угтлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан юм. Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөөрснийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран пиротехникийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөлтэй “Очир-Ундраа”, “Протек” ХХК-иудын удирдах албан тушаалтан нарыг оролцуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аюулгүй ажиллагаа болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдэгдэл өгч, “Нарантуул”, “Дүнжингарав”, “Хархорин”, “Соёолж” зэрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт тавьж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд 58 ширхэг пиротехникийн хэрэгсэл худалдаалсан зөрчлийг илрүүлж ажиллажээ.

Түүхий нүүрсний хэрэглээг танаж, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглоно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа.

Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм гэлээ. Мөн тэрээр  Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцож утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал гэлээ. Улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл  урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж  Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо

Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утаа бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Эдгээрийг зэрэгцүүлж хэрэгжүүлэхэд тухайн зорилтот бүлэгтээ хүрч илүү үр дүнг үзүүлнэ гэлээ.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй шийдэл олон байна.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгчээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment