8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цэцэгдэлгэрэх: Албан тушаалтнууд оффшор дансаа маргаашийн дотор хаах ёстой

2018-01-03 09:20:00

АТГ-ын Мэдүүлэг бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-АТГ-аас оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үйл ажиллагааг нь зогсоох хугацаа маргааш дуусгавар болж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- ХОМ гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд, оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх хуулийн этгээдийг үүсгэхийг хориглосон байгаа. Энэ хориглосонтой холбогдуулан хуульд заасны дагуу оффшор бүс нутгийн жагсаалтыг Засгийн газраас баталж өгсөн. Үүний хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар оффшор бүс нутагт дараах орнуудыг оруулж өгнө гэж 49 орныг шинэчилж баталсан. Энэ бүс нутгийн жагсаалт өнгөрсөн аравдугаар сарын 4-ны өдөр АТГ-т ирсэн. Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

Хуульд зааснаар аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд дээрх бүс нутагт мөнгөн хөрөнгө барйшуулах, үл хөдлөх хөрөнгөтэй байвал 3 сарын хугацаанд захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх арга хэмжээ авах ёстой. Энэ хугацаа маргааш буюу энэ сарын 4-ны өдөр дуусгавар болно. Албан тушаалтнууд энэ тухайгаа АТГ-т ирэх хоёдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай.

-Энэ хугацаанд оффшор дансны мэдээллээ өгсөн хүн бий юу. Тоо гарсан уу?

-Хуулийн хугацаа хараахан дуусаагүй байна. Тийм болохоор одоогоор оффшор дансны мэдээллээ өгсөн этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин хугацаа нь дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгнө.

-Тухайн заасан хугацаанд мэдээлэлээ гаргаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх ямар зохицуулалт, заалттай байна вэ?

-Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай.

Тиймээс мэдүүлэг гаргагч нар энэ асуудалд маш их ач холбогдол өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан хугацаанд мэдээлэгчид мэдээлэлээ гаргаагүй тохиолдолд нийтийн албанаас халах арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.  Мөн улс төрийн албан тушаалтаныг эгүүлэн татна.

-Сүүлд шинээр зарлаж батлагдсан 15 улсын оффшор бүсэд хамраалалтай этгээдүүд хэзээ мэдээллээ өгөх бэ. Хуулийн хугацаа нь өөр өөр байх уу?

-Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан оффшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар ирэх дөрөвдүгээр дүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай. Хугацааны хувьд арай өөр байгаа. 

-Шинээр батлагдсан хуулиар оффшор бүсэд данс эзэмшсэн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь өөрчлөгдсөн гэсэн. Ямар өөрчлөлт орсон бэ?

-Энэ хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Шинээр батлагдахдаа ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгаж өгсөн. 

Тухайлбал, ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эргүүлэн татна. Харин томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Ингэсээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага нь нэмэгдэнэ. 

-Оффшор бүсээс мэдээлэл авахад бэрхшээлтэй, нууцлагдмал гэж байна. Ямар шугамаар мэдээллээ цуглуулж олж, авч байна вэ?

-Оффшор бүсээс мэдээлэл авахад ихээхэн хаалттай, мэдээлэл нь нууцлагдмал байдаг. Олон улсын гэрээний дагуу мэдээллээ олж авдаг.   

-Одоогоор 40 гаруй иргэн оффшорын асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа. Шалгалтын талаар мэдээлэл өгөх боломж бий юу?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст оффшорын асуудлаар 40 гаруй хүн шалгагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас  одоогоор  илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлсэн үү?

-Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ талаар холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 15-ны дотор АТГ бүх төрийн байгууллагуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх албан тушаалтнуудын нэрийг гаргуулж авна. Ингээд мэдүүлгээ хүлээж авна. Хоёрдугаар сарын 15-нд мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа дууссана.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Khulgai khiisen khymyysiig uyg ni nuutsalad baidag uym ve .
2018/01/03 185.75.139.248
Shar tokhoi
Mongol ulsiig zolomson khymyysiig ingeed l boloo uy shiitgel ni arai zoolon bna aa .Booronkhiilch nuuj baigaad l suragyi bologokh uym bna l daa .
2018/01/03 185.75.139.248
Хнз
монголын хөрөнгийг буруу замаар оруулж нууц дансанд хийж биднийгээ идээд дээр нь хуурсан луйварчидыг хатуу цээрлүүлэе.МАН байгаа цагт энэ хийгдэхгүй байхаа даа.Яаж шуу 2020он хүргэндээ.
2018/01/03 182.160.33.151
  • Recent
  • Most Read
  • Most Comment