Хэдхэн хоногийн дараа Монгол түмний уламжлалт баяр болох Сар шинийн баяр болох гэж байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой хамгийн их борлуулт сайтай бараа бүтээгдэхүүн тавгийн идээ, мах, цагаан бидээ гэсэн бүтээгдэхүүнүүд байна. Баяр болох гэж байгааг далимдуулж, нэгийгээ хулхидаж, илүү ашиг олчих санаатай хүмүүс ч бас олширч байгаа харамсалтай мэдээлэл гарлаа. Энэ жил махны үнэ бага, мөн ихэнхий нутгаар зудтай нүүрлэсэн гээд малчдын хувьд хүндхэн жил болсон. Өмнөх жилүүдийг бодвол махны үнэ харьцангуй хямд байгаа билээ. Гэтэл хямд махыг арай илүү үнээр зарж болох, өөрөөр хэлбэл нэгийгээ хулхидах аргыг манай зарим махны наймаачид хэрэгжүүлэх болсон байна. Тодруулбал, бүтэн хонины махны завсар чулуу хийж, жинг нь нэмэгдүүлж, бусдыгаа хулхидаж байгаа тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдах боллоо. Тиймээс иргэд та бүхэн сар шинийн хүнсээ цуглуулахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Махны завсар чулуу чихэж бусдыг залилжээ
2016-01-24 11:31:00