УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн , эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир болон Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хариуллаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Эдийн засгийн өсөлт айл гэрт шууд хүрэхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн. Энэ нь валютын ханштай холбоотой. Төв банкны тухай хуульд тус банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал нууц гээд оруулаад өгчихсөн байсан. Ингээд тус банкны Ерөнхийлөгч нь гадныханд үйлчилсэн. Монгол төгрөгөө унагаж, гадны хөрөнгө оруулалттай компаниудад тусалсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа Төв банкны Ерөнхийлөгчийн дураараа гаргадаг шийдвэрийг хэрхэн хязгаарлаж өгсөн бэ? Бүх шийдвэрээ нууц гэж хуулиар хамгаалуулаад, өөрийнхөө хоёр найзад байр өгсөн байсан. Гишүүд Монголбанкнаас мэдээлэл өгөх гэхээр өгдөггүй. УИХ-тай хэр холбогдох вэ?
УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Төв банкны Ерөнхийлөгч замбараагүй үйлдэл гаргуулахгүй байх үүднээс хязгаарлалт хийж өгсөн. Өөрөөр хэлбэл Төв банкны Ерөнхийлөгч дангаараа нууц шийдвэр гаргах боломжийг хаасан. Мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталдаг асуудал хэвээрээ байгаа. Дээрээс нь санхүүгийн зах зээлийн байдлыг тайлагнадаг нь хэвээрээ. УИХ Монголбанкийг хянадаг нь мөн хэвээрээ байгаа. Хариуцлагын хувьд өмнө нь байсан хамгаалалтыг авсан. Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч адилхан хариуцлага эдэлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Банкны хуулиудыг хэлэлцэхэд Хөрөнгө оруулалтын банкны хуулийг хамтатган хэлэлцэх байсан гэж бодож байна. Төв банкны гол үүрэг бол арилжааны банкууд дээр асуудал үүсэхээс өмнө зохицуулж байх ёстой. Энэ нь хамгийн чухал үүрэг. Төв банкны удирдлагуудын эрх ямба нэмэгдсэн үү?" гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Өнгөрсөн жилүүдэд арилжааны банкуудыг дампууруулахгүйн тулд 600 гаруй тэрбум төгрөгийг гаргасан байдаг юм. Алдагдлыг зөвхөн татвар төлөгчдөд үүрүүлэхгүйн үүднээс шинэ механизм гарч ирж байгаа. Энэ нь Тогтворжуулалтын сан юм. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт шинэчлэл гарна" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Хулан