МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэвэрийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн эхэнд тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байр сууриа илэрхийлж, шаардлага хүргүүлсэн юм. ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхлээд байгаагийн зэрэгцээ энэ байдал даамжирвал нийгэм, иргэдийн дунд бухимдал нэмэгдэж тогтворгүй байдал үүсч болзошгүй байна. Иймд МҮЭ-ийн холбооны зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандаж мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа онцолсон юм. .
Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хандсан мэдэгдэлд Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах шаардлагатай байгаа талаар дурдсан байна. Мэдэгдлийн хариуг 2018 оны 01 сарын 10-ны дотор ирүүлэхийг хүссэн байна.
Харин Засгийн газарт хандаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, Нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардсан байна.