УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авав. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг асуудлыг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөж байна.
Учир нь үдээс хойш Агаарын бохирдолтой холбогдуулж гурван байнгын хороо хуралдахаар товлосон байна. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж Дэд ажлын хэсгийг байгуулах, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах зэрэг тодорхой чиглэл өгсөн тогтоолын төслийг бэлтгэж хэлэлцүүлэх аж.