Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн өдөр үргэлжилсээр. Өнөөдөр улс, нийгмийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа.
Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төрд авах шийдвэр гаргалаа
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 51/49 хувийн төлөөлөлтэйгээр хуралдсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан нь энэ аж. Энэ талаар дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ.
Ч.Хүрэлбаатар: Монголиан коппер корпорейшн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа Монгол улсын холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчсөн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “Монголын зэс” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төрд авах шийдвэр гаргалаа. 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкинд байшуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. Ингэснээр 49 хувийг УИХ-ын 2017 оны 23-р дугаар тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх, төрийн өмчит авахаар болж байна. ОХУ-ын 49 хувийн эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголын зэс” корпораци төлсөн. Үүнийг УИХ-ын 23-р тогтоолын дагуу харилцан суутгал хийж, шийдвэрлэх саналын Засгийн газар дэмжив. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээг хүчингүй болгож, түүний суутгалд 217 тэрбум төгрөгийг тооцох, “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгийг “Монголын зэс” корпораци руу шилжсэн мөнгийг тус тус харилцан суутгал хийхээр болжээ. Энэхүү суутгалууд нь нийлээд ойролцоогоор нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцан суутгал хийсэн. Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлж байгаа. Монголиан коппер корпорейшн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа Монгол улсын холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчсөн” гэлээ.
Ц.Нямдорж: Хуйвалдаан болсон гэдэг нь тодорхой
Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж ““Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь улсын өмч болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх заалтад арга хэмжээ аваагүй. Ийм байхад Улсын бүртгэл “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ. Тэрэнтэй нь холбоотой гомдол шүүхээр явсаар байгаад 49 хувь дээр бүртгэ гээд шийдвэр нь гарсан. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, улсаас шууд болон тойруугаар авсан мөнгөний дүн тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчийн шийдвэр гэдгийг гаргасан. Одоо Засгийн газар болон УИХ-ын шийдвэр хэрэгжинэ. “Монголын зэс” компани арбитрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн тогтоол хууль бус гэдгийг УИХ-аас гарсан ажлын хэсэг баталсан. Бүх баримтыг дэлгэсэн. 2016 оны зургадугаар сард Засгийн газар энэ асуудлыг шийдэхээс өмнө дөрөвдүгээр сард таван сая долларын төлбөр Орос руу хийгдчихсэн байсан. Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээр болон Засгийн газрын давуу эрхээ эдлэх заалт нь хүчинтэй байхад төлбөр хийгдээд эхэлчихсэн байна гэдэг нь хуйвалдаан болсон гэдэг нь тодорхой. Монголын зэс компани арбитрын шүүхэд хандах эсэх нь өөрсдөд нь хамаатай. Энэ нь Засгийн газарт ямар ч хамаагүй” гэлээ.
Г.Занданшатар: Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулж ашиглуулах, хувьчлах асуудлыг судална
Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “"Эрдэнэт" үйлдвэрийн компанийн засаглалыг нь сайжруулж үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулж ашиглуулах, хувьчлах асуудлыг ойрын үед судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт даалгаад байна. Стратегийн орд газрын 10 хувийг олон нийтэд эзэмшүүлнэ гэсэн зарчимтай” гэлээ.
Ж.Энхбаяр: МАН татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн
Энэ он гараад 3 төрлийн татвар нэмэгдсэн. Тухайлбал, Архи, тамхины онцгой албан татвар, нийгмийн даатгалын сангийн шимтгэл, хувь хүний орлогын албан татвар гэсэн 3 төрлийн татвар нэмэгдэж байгаа. Ийнхүү гурван төрлийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас байр суурийг нь сонслоо.
Тэрбээр "2016 оны сонгуульд МАН татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн. Энэ амлалтыг сонссон ард түмэн биднийг сонгосон. Тэр амлалт болон ард түмний сонголтонд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ утгаараа шинэ төрлийн татварыг хүлээж авахгүй байгаа. Татвар нэмэгдсэнээр 50 орчим тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа.
Энэ нь 72 мянган хүнтэй холбоотой татварын өөрчлөлт болж байгаа юм. Нэг хүний ард дор хаяж 3-5 хүн амьдарч байна. Тэгэхээр энэ зөвхөн 72 мянган хүний асуудал биш эргээд 300, 400 мянган хүний асуудалд болж хувирч байна. Энэ цалингийн системийг дагаад найман хувийн зээлнээс авахуулаад автомашин, тавилга бусад хэрэглэлүүдийн зээлүүд уяагдсан. Цалингаас нь авч байгаа татвар тэр хүний нэг сарын ипотекийн зээлийг төлөх мөнгө болоод байна.
Үүнийг дагаад хүмүүсийн амьдралд хөдөлгөөн, доргилт үүснэ. Үүнийгээ зохицуулна гээд эргээд банк, санхүүгийн байгууллагад хандах хэрэг гарна. 1 сая 500 мянган төгрөгийн цалингийн асуудал биш санхүүгийн, нийгмийн томоохон асуудал үүсэх нөхцөл байдал үүсэх вий. Миний хувьд энэ нь эргээд улс төрийн намуудын, сонгогчдын итгэлийг алдсан зүйл гэж хэлмээр байна. Энэ хууль нэгэнт яваад эхэлсэн. Нэг жилийн хугацаанд зурагт авалт хийгээд үзнэ. Нэг жилийн хугацаанд орлого нэмэгдэж үү, буурч уу гэдгийг харах хэрэгтэй. Үүнийг хаа хаанаа сайтар хянаж, шалгаж үзэх хэрэгтэй. Аль байр суурь нь зөв байсныг харцгаая” гэв.
Д.Мурат: Хохирсон хүн нь би. Эвлүүлэг зураг тараасан байна лээ
УИХ-ын гишүүн Д.Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Тодруулбал тэрбээр Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж тэр бүү хэл өөрийн нүцгэн зураг болон бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай дуулиан гараад буй. Бид уг асуудлыг УИХ-ын гишүүн Д.Муратаас тодруулахаар утсаар холбогдлоо.
- Сайн байна уу та. Таныг ёс бус үйлдэл гаргасан гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнд ямар тайлбархийх вэ?
-Хохирогч нь би юм шүү дээ. Би нэр төрөө сэргээлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Би Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар руу онгоцоор нисээд очно. Хуулийн байгууллага миний гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж байгаа. Наад нэг бүсгүй чинь худлаа ярьж, дарамтлаад байгаа юм. Би өөрөө гомдол гаргасан байгаа.
- Тэгэхээр таны тэр бүсгүйтэй фэйсбүүк мессенжерээр харилцаж байсан зүйлүүд болон бусад зураг нь эвлүүлэг гэж хэлэх гээд байна уу. Зурган дээрх хүний зүүсэн бөгжийг таных гэж байгаа шүү дээ?
-Эвлүүлэг. Юу гэж тийм зүйл байхав. Цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа.
Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлжээ
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг АТГ-аас авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан гэх мэдээлэл оны өмнө гарсан. Үүний дараа энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуулийн зөвлөх М.Цэнгүүн мэдэгдсэн юм.
Уг дуулиантай зэрэгцэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг би ярьж байна. Ярихад ичгэвтэр боловч өмнөх Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээ. Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би энэ талаар тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэсэн юм.
Тэгвэл түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
"Г.Номуундарийг хүчиндээгүй. Тэр охин биднийг гүтгэж байна" гэжээ
УИХ-д гурван удаа сонгогдсон, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарийн хар тамхи, хүчингийн хэргийн тухай бичлэг олон нийтийн анхааралын төвд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газраас Б.Баттөр, Бэлгүүнтэй, Э.Энх-Очир, А.Тэргэл нарыг шалгаж мэдүүлэг авч эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Г.Номуундарийг хүчиндээгүй. Тэр охин биднийг гүтгэж байна гэсэн агууллагатай мэдүүлэг өгсөн гэнэ.
Автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ
"Приус" маркын автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарсан байна. Тодруулбал энэ сарын 2-ны өдөр "Приус" маркын автомашин галт тэргэнд мөргүүлжээ. Уг осол Толгойт өртөөний 391 дүгээр км-ын гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад болсон байна. Одоогоор ослыг холбогдох байгууллага шалгаж байгаа бөгөөд ослын улмаас хүний амь нас эрсдээгүй аж.
Хэргийн талаарх эх сурвалжийн мэдээллийг удахгүй хүргэх болно.
Э.Эрдэнэжамъяан: О.Баасанхүү намынхаа эсрэг ажилласан учраас намын гишүүнээс нь хасна
МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаа дараа хууль зөрчиж, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, намынхаа эсрэг ажилласан учраас намын гишүүнээс хасч байгаагаа мэдэгдсэн юм.
Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. МАХН-ын зүгээс О.Баасанхүүг Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйл буюу дураараа аашлах 22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 23.3 дугаар зүйл. Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух 23.4 дүгээр зүйл. Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа мөн дурдсан юм. Энэ нь О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэдгийг тодотгов.
Харумафүжи Д.Бямбадоржийг 500 мянган иенээр торгожээ
Харумафүжи Д.Бямбадорж нь нутаг нэгт бөх болох Таканоива А.Баасандоржийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлсан.
Тэгвэл түүнийг бусдын биед халдаж, танхайрсан хэрэгт буруутган Тоттори хотын шүүхээс 500 мянган иений торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.
Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харумафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй юм. Түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон билээ. Харин хэрэг гарах үеэр зохих арга хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.
САЙН МЭДЭЭ: Цагдаагийн дэд ахлагч хүний амь аварчээ
Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ын гэр 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг эрсдэхээс аварч чадсан байна.
МҮЭ: Тэтгэвэрийн нас, татвар нэмэгдүүлсэнийг дэмжихгүй байна
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэвэрийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн эхэнд тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байр сууриа илэрхийлж, шаардлага хүргүүлсэн юм. ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхлээд байгаагийн зэрэгцээ энэ байдал даамжирвал нийгэм, иргэдийн дунд бухимдал нэмэгдэж тогтворгүй байдал үүсч болзошгүй байна. Иймд МҮЭ-ийн холбооны зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандаж мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа онцолсон юм. .
Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хандсан мэдэгдэлд Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах шаардлагатай байгаа талаар дурдсан байна. Мэдэгдлийн хариуг 2018 оны 01 сарын 10-ны дотор ирүүлэхийг хүссэн байна.
Харин Засгийн газарт хандаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, Нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр банкуудад эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтоож, энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН болон Төрийн банктай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381 гаруй мянган хүн 10 банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Эдгээрээс 230 гаруй мянган хүн 680 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар тэтгэврээ барьцаалж авчээ.
БАЙР СУУРЬ: Төрийн өндөрлөгүүд болоод хотын удирдлагууд утааг бууруулах асуудлаар юу гэж ярив
Засгийн газар болоод хотын захиргаанаас УТААГ бууруулах арга замыг эрэлхийлсээр байна. Өчигдөр Төрийн ордонд утааг бууруулах асуудлаар УИХ-ын гишүүд болоод иргэд оролцсон өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулсан. Мөн утааг бууруулах технологийн шийдлүүд үзэсгэлэн Төрийн ордонд дэлгэгдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга Су.Батболд нар үзэж сонирхсон юм. Уг үзэсгэлэнд халаалтын төхөөрөмжүүд мөн зуух, сайжруулсан нүүрс, дулаалгын материал зэрэг олон бүтээл тавигдсан байв.
Мөн өчигдөр Засгийн газар хуралдаж утааг бууруулах аргуудын талаар хэлэлцсэн юм. Хуралдаанаар 60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлснээ мэдэгдсэн. Тодруулбал, томоохон цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой юм байна.
Ямартай ч утааг бууруулах асуудлаар төр засгийн түвшинд өргөн хүрээнд ярилцаж, судалгааны ажил болон бусад ажлыг эхлүүлж буй нь сайшаалтай. Хамгийн чухал нь үр дүнд хүрэх юм. Бага ч болов үр дүнд хүрэхийн тулд зөв, тууштай бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд буй.
Ингээд утааг бууруулах асуудлаар төрийн өндөрлөгүүд болон хотын удирдлагууд юу гэж ярьсаныг "ЧУХАЛ БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ хавраас эхлэн дагуул хотуудыг байгуулах ажлыг эхлье. Төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах ёстой гэсэн билээ. Харин Ерөнхий сайд, УИХ-ын дарга, хотын дарга нар юу гэж ярив.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: УТААНААС САЛАХ АЖИЛД БҮГДЭЭРЭЭ Л ХИЧЭЭЖ АЖИЛЛЪЯ
- Засгийн газрын хуралдаанаар бүх сайд нар утааны эсрэг хийж, хэрэгжүүлж болох ажлуудыг ярилцана.Бидэнд хүндрэл бэрхшээлтэй ганц асуудал бол утааны асуудал. Хөрөнгө санхүүгийн асуудлаа бас шийдвэрлэх ёстой. Гол нь айлууд гэр, орноо дулаалах асуудалд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Ингэж чадвал гал бага түлнэ. Гэхдээ дунджаар дулаалгад шаардлагатай 5-6 сая төгрөгийг мэдээж иргэд тэр бүр гаргах боломжгүй. Иргэдийн зүгээс олон шийдэл санаа гаргаж байна. Тухайлбал, хонины нэхийгээр гэрээ дулаалах аргыг бас танилцууллаа. Мөн түүхий нүүрс шатаахгүй байх тал дээр анхаарах. Засгийн газрын хуралдаанаар утааны асуудалд хэрхэх вэ гэдгээ ярилцах болно. Утааны эсрэг ажлуудад Нийслэлийн засаг дарга мөн ирж оролцлоо. Утаагаар улс төр хийгээд байна. Утааны асуудлыг төр засаг нь анхаарах нь чухал. Айл өрх, аж ахуй нэгж, төр засгийн түвшинд аль аль талдаа анхаарцгаая. Бүх ажил буруудсан гэж хэлж болохгүй байх. Алдаж, оносон ажил байгаа гэж бодож байна. Утааг тодорхой хэмжээнд багасгахын төлөө энэ мөнгөнөөс зарцуулагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ жил бүр утаа гаргадаг яндангийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Улаанбаатараа утаанаас салгах ажилд бүгдээрээ л хичээж ажиллацгаая.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: УТААГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮД ТОДОРХОЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
- Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой. Өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж ажиллахаар болж байна. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ түүнээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой нэг шийдэл дээр тогтмоор байгаа юм. Засгийн газар, хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг дүгнэнэ. Хоёрдугаарт, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Гэхдээ урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа. Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
ХОТЫН ДАРГА СУ. БАТБОЛД: 2020 ОН ГЭХЭД УТААГ 80-85 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖУУД БАЙГААГ ХЭЛЭЛЦЭХ БОЛНО
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд дунд хамгийн гол нь гэр орноо иргэд сайн дулаалах, дараа нь ямар халаалтын хэрэгсэл сонгох вэ, түлшний асуудал, цахилгааны арга хэмжээ гэсэн дөрвөн аргыг хэлсэн. Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлын тухайд бол бодитойгоор яндангийн тоог бууруулах асуудлыг л яриад байгаа. Нийслэлд газар чөлөөлж 5000 орчим айлыг орон сууцанд оруулсан байна. 5000 айлын 1008 айл нь яндангаа хураалгаад орон сууцанд орсон байгаа юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд газар чөлөөлж орон сууцанд оруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Айл газрынхаа оронд орон сууцанд ороод, яндангаа хураалгаад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд орон сууцанд ордог байх ёстой. Энэ ажлыг үргэлжлүүлэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг нарийн ярина. Бүсчлээд хийгдэх ажлуудаа ярих нь зүйтэй юм. 2020 он гэхэд ёсоороо утааг 80-85 хувиар бууруулах ямар боломжууд байгааг хэлэлцэх болно. УИХ-аас мөн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зохион байгуулалтыг сайжруулаад нэг гарт зангидаж чадвал илүү үр дүнтэй болно гэж харж байгаа.
Оффшороос 4 сая гаруй ам.доллараа татсан Ч.Давааням гэж хэн бэ
Өнгөрөгч 2016 онд манай улсын 40 гаруй иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг гэх мэдээлэл гарах болох болсон. Уг баримт бичигт өнгөрсөн 40 гаруй жилийн архив 200 гаруй орны 214 мянган хувь хүн компанийн мэдээлэл багтсан байсан. Тэгвэл манай улс энэ жилээс оффшорчидтойгоо тэмцэж эхэлсэн.
Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сарын 24-ны оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж, захирамж гаргасан.
Дээрх дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн гэж онцолж байсан.
Мөн Авлигатай тэмцэх газраас оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнуудыг асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгсөн. Энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Энэ хугацаанд оффшор бүсээс мөнгөө татсан нэг л иргэн бий. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэг иргэн оффшор бүсээс 4 сая 370 мянган ам.доллароо оруулж ирсэн явдал юм. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол аж. Оффшор бүсээс мөнгөө татсан энэ эрхэм хэн бэ?.
Эх сурвалжийн мэдээлсэнээр Панамын баримтад дурдагдсан хүмүүсийн нэг иргэн Ч.Давааням аж. Тэрбээр НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. 1996 онд Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын хамтаар “Петровис” компанийг үүсгэн байгуулсан аж.
Иргэн Ч.Даваанямыг одоогоор Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангид заасны дагуу шалгаж байгаа гэв.
Оффшорын тухай хуульд зааснаар аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд дээрх бүс нутагт мөнгөн хөрөнгө барйшуулах, үл хөдлөх хөрөнгөтэй байвал 3 сарын хугацаанд захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх арга хэмжээ авах ёстой. Албан тушаалтнууд энэ тухайгаа АТГ-т ирэх хоёдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх ёстой. Хэрвээ энэ хугацаандаа мэдүүлээгүй тохиолдолд нийтийн албанаас халах арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Мөн улс төрийн албан тушаалтаныг эгүүлэн татах хуулийн зохицууллат хариуцлага тооцох шинэчилсэн заалт оффшорын тухай хуульд орж ирсэн байна.
Д.Болор