8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баярмаа: Залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн хууль 2018 оноос хэрэгжиж эхэлнэ

2017-11-28 17:30:00

-Залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн хууль 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар залуучуудын хөгжлийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд төрөөс залуучуудын хөгжлийг үндсэн таван чиглэлд дэмжих тухай тусгасан. Тодруулбал,  хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжих гэсэн хөгжлийн үндсэн таван чиглэлтэй. Хэвлэл, мэдээлэл иргэний нийгмийн оролцоотойгоор залуучуудын хөгжлийг дэмжих, ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  асуудлыг тусгаж өгсөн.  Мөн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн соёл урлаг, биеийн тамир спортын төв, цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар эрх зүйн зохицуулалтыг хийсэн.

-Монголын Залуучуудын үндэсний чуулганыг  ирэх сарын 12-нд  “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон байна. Залуучуудын үндэсний чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын нийт хүн амын 34.6, хөдөлмөрийн насны иргэдийн 50 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Үүнээс шалтгаалан манай улсын хүн амын ихэнх хувийг эзэлж буй залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Энэ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад залуучуудын асуудлаар баримтлах бодлого, эрх зүйн орчин бүрдсэн. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийг дагалдан залуучуудын хөгжлийн талаар баримтлах дунд хугацааны бодлого болох “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг бид одоогоор хийж байна. Мөн тус хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд залуучуудын хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийг танилцуулах, тэдний санаа бодлыг бусад бодлого хөтөлбөрт тусгах шаардлага бий болсон.  Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү үндэсний чуулга уулзалт нь “Залуучуудын хөгжлийг дэмжих” тухай хуулийг төр, төрийн бус байгууллага,  олон нийтийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан залуучуудын хөдөлмөрлөх зөв зан үйлийг хэвшүүлэх, амьдрах ухааны мэдлэг олгох, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг чиглүүлэх, залуучуудын бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцоог тодорхойлох зорилготой. Түүнчлэн “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т чуулга уулзалтад оролцсон залуучуудын саналыг  авна.

-Үндэсний хэмжээний чуулга уулзалт учраас залуу хүн бүр оролцож, дуу хоолойгоо өргөхийг хүсч байгаа байх. Оролцогчдыг хэрхэн сонгож байна вэ?

-Чуулга уулзалтад 21 аймаг, есөн дүүргээс нийт 800 гаруй төлөөлөгч оролцоно. Тухайлбал, хөдөө орон нутгаас 350 төлөөлөл оролцож байгаа. Үлдсэн нь нийслэлийн есөн дүүрэг, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож залуучуудтай холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Бид энэхүү чуулганд оролцох төлөөлөгчдийг сонгохдоо 21 аймаг, есөн дүүрэгтэй тодорхой хэмжээний квот өгч байгаа. Энэ квотод залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага зайлшгүй оролцоно. Мөн орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зорилтот бүлгийн залуучуудыг хамруулах чиглэлийг өгсөн.  Иймээс бид малчин залуус, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг ч оролцуулахаар зорьж байна. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд, залуучуудын асуудал маань өөрөө салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж тодорхой үр дүн гарч, асуудлууд нь шийдэгддэг онцлогтой. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ХЗДХЯ зэрэг холбогдох бүх яам оролцож,  залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн  зорилтыг хангахад залуучууд ямар оролцоотой байх гэх мэтчилэн мэдээллийг залуучуудад өгч, тэдний санаа бодлыг сонсоно.

-Чуулга уулзалтын хүрээнд сургалт зохион байгуулна  гэсэн. Сургалтын агуулга, үр дүн ямар байх вэ. Сургалтад ямар хүмүүс хамрагдах вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2013-2017 онд “Залуучууд хөгжил” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 11 аймаг, гурван дүүрэг, хоёр суманд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгууллаа.  Эдгээр төв маань өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх, тэдний хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, сэтгэлгээ, тэднийг өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаарх шийдвэрт оролцоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тухайн дүүрэг, орон нутагтаа зохион байгуулах зорилготой. Тэгэхээр энэ төвийн нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдээс гадна нийслэл болон хөдөө орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага, залуучуудын хөгжил хариуцсан мэргэжилтнүүд үндэсний чуулганы дараа үргэлжүүлэн хоёр өдрийн сургалтад хамрагдана. Сургалтаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, түүнийг дагасан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхан шатны нэгж дээрээ хэрхэн ажиллах тухай чиглэлийг өгч, тэдний чадавхийг бэхжүүлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл