Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай татварын нэмэгдэл болон тэтгэврийн насыг нэмсэн асуудлаар байр, суурийг нь сонслоо.
Сүүлийн үед олон нийтийн бухимдлыг төрүүлж буй нэг асуудал нь татварын нэмэгдэл болоод байна. Сангийн яамны зүгээс “ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан учраас тэдний тавьсан шаардлагын дагуу татвараа нэмж байгаа” гэх тайлбарыг өгч байгаа. Та бол Монголын нийт ажилчдын эрх ашгийг хамгаалдаг хүн. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Өнөөдөр МҮЭХолбоо гишүүн байгууллагуудынхаа байр суурь дуу хоолойг нэгтгэн шийдвэр гаргагчдад санал, шаардлага хүргүүллээ. МУ-ын Засгийн газар, МҮЭХолбоо, Ажил олгогч эздийн холбоо Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр аливаа төрлийн татвар нэмэгдүүлэх, тэтгэврийн насны асуудлыг шийдвэрлэхдээ харилцан зөвшилцөж талуудын байр суурийг авсны дараа шийдэхээр тохирсон байсан. Гэсэн хэдий ч санхүү төсвийн хүндрэл бондын өр төлбөрийн дарамтыг төлөх, хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагын үүднээс ОУВС аас зээл авч тавьсан шаардлага нь төсвийн орлого зарлагаа тэнцвэржүүлэх, НД-ын сангийн татаасыг багасгах байсан учир татвар НДШ, Тэтгэврийн нас нэмэх хэлэлцээр хийж хууль батлуулсан гэж тухайн үеийн Сангийн сайд бидэнд мэдэгдсэн. Түүнээс хойш бид олон удаагийн санал шаардлага тэмцэл хийсэн. Өнгөрсөн жил оны эхэнд болон сүүлд Засгийн газрын тэргүүн ерөнхий сайдтай уулзаж асуудлыг тавьсан. Гаргасан шийдвэрүүдийг эргэж авч үзэхийг санал болгосон. Нэмэлт хэлэлцээрээр ч зарим асуудлуудыг судалж УИХ-д тавихаар тохирсон. Өнөөдөр манай гишүүдийн тавьж буй санал шаардлагыг нэгтгэн УИХ, ЗГ гаргасан зарим шийдвэрүүдээ ялангуяа хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилчдын тэтгэврийн насыг сонголттой болгох өмнөх хэмжээнд хүргэх, ХАОАТ-ын нэмэгдэх босго, хувь хэмжээг өөрчлөх, НДШ-ийн өсөлтийг эргэн авч үзэх санал шаардлагаа тавьлаа.
- Угтаа бол ОУВС-аас татвараа нэмэх бус зардал танах чиглэл өгсөн гэж байгаа. Гэтэл Засгийн газар татвар нэмж буйг юу гэж харж байгаа вэ?
- Зарим төрлийн татвар нэмсэнийг буруутгахгүй. Лицензийн наймаа, өндөр үл хөдлөхийн худалдааг бэлэглэл гэж татвараас зугтдаг байдалд татвар ногдуулж засах нь зөв. Харин Хүн амын орлогын татвар дээр арай өөр байр суурьтай байна. Татвар шатлалтай байх нь зарчмын хувьд олон улсын жишиг байдаг. Тэгвэл эргээд хөнгөлдөг олон нөхцөлүүд байдгийг яагаад хэрэглэхгүй байна вэ. Бас 1,5 сая төгрөгийг зарим салбарын ажилчид маань илүү цагаар, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэндээ зольж ар гэрээ тэжээж байна. Тэгэхээр ХХДХ 10 дахин өсгөсөн хэмжээнээс дээш л орлогоос татвар авах ч байдаг юм уу эсвэл гэр бүлийн гишүүдэд нь хуваагаад нэг хүнд ногдох нь 1,5 саяас дээш бол татвар ногдуулах гээд олон хувилбар байна.
- Татварыг нэмснээр орлого олохоос илүү хар зах зээлийг хумихаас эхлээд олон сөрөг үр дагавар гарна гэж эдийн засагчид хэлж байна. Харин танай холбооноос энэ байдал даамжирвал нийгэм, иргэдийн дунд бухимдал нэмэгдэж тогтворгүй байдал үүсч болзошгүй гэсэн. Тогтворгүй байдал гэдгийг та тодорхой тайлбарлаж болох уу?
- Тогтворгүй байдал хэнд ч хэрэггүй. Асуудалд хэт улс төржиж хандаж болохгүй. Өмнө засаг барьж байсан, хамтарч байсан албан тушаал хуваалцаж байсан бүх шийдвэр гаргагч нарт шууд болон шууд бусаар хамаатай асуудал шүү. Тийм учраас алдаатай шийдвэр байгаа бол засаад явъя л гэж байгаа юм.
- Хэрвээ 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажилчдын цалингаас суутгах татварын хэмжээ нэмэгдсэнээр ямар сөрөг үр дагаврууд үүснэ гэж танай байгууллага харж байгаа вэ? Ажилчдын амьдралд шууд нөлөөлөх сөрөг нөлөө нь юу байх вэ?
- Байлгүй яахав. Бүх цалингаа тооцоод зээл авсан, ойрын жилүүдийн амьдралаа төлөвлөсөн байгаа шүү дээ. Гэхдээ бид олон улсын дундаж цалин орлогод хүрсэн өндөр цалин орлоготой хүмүүс илүү татвар төлөх нь олон улсын жишиг.Гэр бүлтэй, гэр бүлгүй хүмүүс ялгаатай татвар төлдөг аргыг хэрэглэх хэрэгтэй. Наанаа 3 саяын цалинтай ч цаанаа 5 ам бүл тэжээж байгаа айл олон байна.
- У.Хүрэлсүхийн Засгийн газар Монголын ажилчдыг дэмжих тал дээр хэр идэвх зүтгэлтэй ажиллаж байна гэж та харж байгаа вэ?
- Засгийн газар зарим төрлийн тэтгэмж, халамжийг олгож байгааг дэмжиж байгаа амьдрал хүнд хэсэгт өгөх л хэрэгтэй. Гэхдээ хавтгайруулж болохгүй. Хөдөлмөрчдийн төлөө олон нааштай зүйлийг хийж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс түргэн гараасай л гэж хүсч байна. Гэхдээ үүнийг Засаг дангаараа хийх боломжгүй учир түншлэгч талууд илүү хамтран ажиллах ёстой. Алдаатай шийдвэрүүдийг засаад л явах ёстой.
- Мөн тэтгэвэрт гарах насыг нэмэх шийдвэр гарлаа. Үүнийг хэр судалгаатай гаргасан шийдвэр гэж танай байгууллагаас харж байгаа вэ?
- Судалгаа муутай хийсэн гэж бодож байгаа. Өмнө ч удаа дараа ярьдаг л байсан. Уг нь зарчмын хувьд илүү сайн хэлэлцэж шийдэх ёстой байсан юм. Гэхдээ үүнийг Засгийн газар, УИХ удахгүй засч шийдвэрлэх байр сууриа илэрхийлсэн байгаа.
- Тухайлбал, Монголчуудын дундаж наслалт бусад улсуудынхтай харьцуулбал харьцангуй бага байдаг. Гэтэл тэтгэвэрт гарах насыг нь нэмчихээр хүн насаараа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Энэ талаар?
- Тэтгэврийн даатгалын тогтолцоо үндсэндээ хуучин тогтолцоогоор илүү төлж байгаа нь хохирдог, шудрага бус хэвээр л байна. Нэг жишээ төмөр зам, агаарын тээвэр, уул уурхайн хүнд хортой хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилчдын нас дунджаар 62 хавьцаа байна. Гэтэл тэтгэвэрт гарах насыг нь 60-65 болгочихоор тэр хүн хамгийн их татвар шимтгэл төлчөөд үр шимийг нь дунджаар 2 жил эдэлнэ гэхээр шудрага тогтолцоо мөн үү. Хэвийн бус нөхцөлд ажилладаг сард 2 сая төгрөг нойр хоолгүй гэрээсээ хол хээрийн нөхцөлд жилийн хагаст нь ажилладаг хүнээр жишээ авахад 2018 оны 1 сараас 3 том дарамт ирж байна. Тэтгэврийн насыг нь 55 байсныг 60 болгочихлоо, цалингаас нь суутгадаг татварыг нь 10 хувиар нэмчихлээ, НДШ-ийг нь дахиад 1 хувиар нэмчихлээ. Тэгэхээр манай гишүүдээс хамгийн их бухимдалтай байгаа хэсэг бол дээрх хүн шиг олон мянган хүн байна. Үүнийг бид төр засагт хүргэх нь бидний үүрэг. Иймд улсын хэлэлцээрээр уг асуудлыг дахин авч үзэж уян хатан шийдэх хэрэгтэй байна.
Т.Хулан