УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр товлоод байсан ч хойшлууллаа. Учир нь Н.Энхбаяр өчигдөр Улсын дээд шүүхэд өнөөдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргахын зэрэгцээ нэмэлт материалыг өгчээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд Н.Энхбаярын гаргасан нэмэлт материалтай танилцах шаардлагатай болсон учир өнөөдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мөн гаргасан байна. Ийнхүү хоёр талаас хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан учир хуралдааныг хойшлуулаад байна.
МАХН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн өнөөдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээлгэн өгөхөөр Улсын дээд шүүхэд ирэхэд нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэсэг хүмүүстэй ирж маргаан, зодоон үүсгэсэн байна. Тодруулбал, тэрбээр Г.Бямбасүрэн рүү өндөг шидэж мөн зодож танхайрчээ. Г.Бямбасүрэн энэ талаар "Миний толгойн тус газар нь хэд, хэдэн удаа цохисон. Маргаан болох ямар ч үндэслэл байгаагүй. Э.Эрдэнэжамъяан хүмүүстэйгээ ирээд шууд өндөг шидэж үргэлжлүүлэн цохиж зодсон" гэв. Ингээд маргаан удаан үргэлжилсэн учир цагдаагийнхан ирж Э.Эрдэнэжамъяаныг хүмүүсийнх нь хамтаар явуулжээ.
Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү 800 гаруй гишүүнийг цуглуулж МАХН-ын Их хурлыг зохион байгуулж өөрөө намын даргаар сонгогдсон. Харин Н.Энхбаяр үүнийг хууль бус хэмээн үзэж байгаа билээ. Тиймээс О.Баасанхүү өөрийгөө МАХН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргасан юм. Түүнийг намын даргаар бүртгэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан ч ийнхүү хойшлууллаа.
Т.Энхэлээ