Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит болгох шийдвэрийг гаргасан билээ. Уг шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпорацийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТУЗ-ЫН ГИШҮҮН М.МӨНХБААТАР: Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна
- Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямарваа нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Өнгөрсөн дөрөв дэхь өдөр Засгийн газар гэнэт хурал хийж шийдвэр гаргаж байгаа нь “Засгийн газрын 100 хоног”-той нь бас амлалттай холбоотой. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Нэг намын хоёр Засгийн газар өөр хоорондоо адилгүй шийдвэр гаргаж ирсэн. Энд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Компани бол Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авалт хийсэн. Тэр утгаараа УИХ-ын тогтоолтой санал нийлэхгүй гэдэг тайлбараа ч Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явагдаж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан. Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд шүүхийн шийдвэр гарч, ТУЗ-ын гишүүдийг эгүүлэн томилох нөхцөл бүрдсэн. Гэтэл УДШ-ийн шийдвэр гараад гурван долоо хоногийн дараа манай компанийн зүгээс Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байж л арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Оны дараа “Эрдэнэт”-ийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг шийдсэн. “Эрдэнэт”-ийн ТУЗ хуралдаад нэгч хоноогүй байхад УДШ-ийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болголоо. Цаашид Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн бусад гарц боломжийг хааж байна.
МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ПҮРЭВТҮВШИН: Улс төрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа энэ үйлдэл Монгол Улсад хортой тусна
-Өнгөрсөн хугацаанд УИХ-өөс өнгөрсөн онд хууль бус тогтоол гаргасан. Энэ маргаан жил гаруй үргэлжилсний эцэст Улсын дээд шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоосон. Улс төрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа энэ үйлдэл Монгол Улсад хортой тусна. Эцсийн дүндээ шийдвэр гаргагчид хохирлыг үүрдэггүй, ард түмэн үүрдэг. Цаашид ихээхэн хэмжээний хохирлын дүн яригдах байх.
МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИЙН ӨМГӨӨЛӨГЧ Д.БАТБАЯР: Компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно
- 51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшиг хувийн хэвшил хоёрын хоорон дахь бизнесийн эрх зүйн маргаантай асуудал явагдаж байна. Энэ асуудалд төр, хувийн хэвшил хоёулаа харилцан тэгш эрхтэй. Хувийн компанийн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Тийм учраас харилцагчийн зүгээс иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танай компанийн төлөөлөл Засгийн газрын төлөөлөлтэй хэдэн удаа уулзсан бэ?
-Хоёр гурван удаа уулзсан. Эхний уулзалт танилцуулах, дараагийн уулзалт бичиг баримт солилцсон. Өнөөдрийг хүртэл хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан.
-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөрсөн хугацаанд дотоодын шүүх энэ асуудлыг шийдсэн. Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Дахин дахин хууль зөрчиж байгаа эрх баригчдын үйлдэл олон улсын түвшинд яригдах нөхцөл бүрдсэн. Суутган тооцох замаар тооцоо хийнэ гэдгийг бид ойлгохгүй байна. Засгийн газрын гишүүд өөрсдөө ч сайн ойлгохгүй байсан. Энэ ойлгомжгүй асуудлыг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ.
-Ц.Пүрэвтүвшин захирал залуу хүн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах эх үүсвэрийг хэрхэн олсон бэ?
-Мөнгөний эх үүсвэрийг өмнө нь олон ярьсан. Шүүхийн шатанд ч тайлбарласан. Хэрэв хууль бусаар мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсэн гэж үзэж байсан юм бол Засгийн газар гомдол гаргаад явах эрхтэй шүү дээ.Засгийн газар олон нийтийн анхаарлыг татах гэсэн үйлдэл нь шат шатанд харагдаж байна.
-ОХУ-ын "Ростех"-тэй хийсэн наймаа зөрчигдсөн тохиолдолд буцаад ОХУ авахаар гэрээнд тусгагдсан гэж үнэн үү. Үүнийг яаж шийдэхээр гэрээ байгуулсан бэ?
-Манай гэрээ хэлцэл, "Эрдэнэт"-ийн 49 хувийг "Ростех" ээс худалдаж авсан асуудал бүгд Английн хуулиар явсан. Хэрэв гэрээ хэлцэл зөрчигдсөн тохиолдолд Олон улсын арбитрын шүүхээр явахаар заагдсан байгаа. Гэрээнд заасан нөхцөл зөрчигдөх юм бол эргээд Оросын өмч болно. Эцэст нь Монголын ард түмэн хохирно. Бид оны өмнө ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн, сургууль цэцэрлэг барихаар төлөвлөж байсан. Энэ бүх ажил зогссон гэж ойлгож болно.
-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа таван сая ам.долларын авлига өгсөн гэсэн яриа байсан. Энэ үнэн үү?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд 5 сая ам.долларын асуудал өчигдөр ярьсан байна лээ. Энэ бол дэнчин байсан. Дэнчин, авлига хоёр өөр. Гэрээ хэлцэл хийх явцад ОХУ, Казакстаны компаниуд өрсөлдөж байсан. Тэгэхээр энэ таван сая ам.доллар бол дэнчин байсан гэдгийг хэлье.