Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж хэлэлцсэн. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдэхгүй бол цагаан сарын дараанаас УИХ-ыг тараах санаачлагыг гаргана гэж мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн хэлсэн энэхүү үгэнд эрх баригч намын бүлгийн дарга Д.Хаянхярваа ихэд бухимдаж "УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, олон удаа сонгогдсон гишүүд хамтдаа огцоръё. Хариуцлагаа хамтдаа үүрье. Бид 10 жилийн дотор үүнийг шийдэж чадах боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч хамаатай" гэж хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаа. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан. Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярилаа. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас салах цаг болсон. УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг. Үндэсний үйлдвэрлэгчид утааг арилгах арга замын талаар үзэсгэлэн гаргасан байхад тэнд ашиг хонжоо хайсан луйварчид байна гэж хэлээд гараад явлаа. Ингэж болохгүй. Юм хийх гээд оролдож байгаа бизнес эрхлэгчдийг ямар нүдээр хараад байгаа юм бэ. Эсвэл энэ хүнд хамааралтай. Энэ хүнд таалагдсан хүмүүс энэ төрлийн бизнесийг хийх ёстой болж байна уу. Би ерөнхийлөгчид энэ үгийг хандаж хэлж байна. Утаатай холбоотой асуудлаар улс төр, шоу хийдэг зүйл чинь хэрээс хэтэрлээ. Утаатай холбоотой асуудлаар хүмүүст хариуцлага үүрүүлэх ёстой гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, олон удаа сонгогдсон гишүүд хамтдаа огцоръё. Хариуцлагаа хамтдаа үүрье. Бид 10 жилийн дотор үүнийг шийдэж чадах боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч хамаатай. Олон түмэнд таалагдах гэж утааг арилгахгүй бол та бүхэнд арга хэмжээ авна гэж ярьж байгаад гонсгор байна" гэв.