ТОДРУУЛГА
УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б гэх бүсгүйн хувийн чат руу өөрийн нүцгэн зургийг явуулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан бөгөөд эсэргүүцэхэд нь ёс бусаар доромжилж бэлэг эрхтнийхээ зургийг явуулсан гэх мэдээлэл дуулиан тариад буй. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Казакстанд урьж тэнд бүсгүй бэлэглэн зугаацуулсан гэх ч мэдээлэл гараад байгаа юм. Бид энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр, суурийг сонслоо.
- УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой дуулиан дэгдсэн. Уг мэдээлэлд таны нэр давхар яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат таныг хоёр найзын тань хамтаар Казакстанд урьж тэнд бүсгүй бэлэглэн зугаацуулсан гэх мэдээлэл яригдлаа. Энэ үнэн үү?
- Би ийм хөгийн асуудлыг Төрийн ордонд ярих хэрэггүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Казакстан явсан. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд УИХ даргыг Үндсэн хуулийн цэцэд өгнө бас Ерөнхий сайдыг асуух асуултгүй болтол нь асуулт асуусаны төлөө ингэж гүтгэж байна. Чиний болон ах дүүгийн чинь хармаанаас татвар нэмж авдаг боллоо. Нийт 70 мянган иргэний хармаанаас татвар авч байна. Хөгшчүүдийн тэтгэвэрт гарах насыг нэмчихлээ. Шатахууны үнэ өсчихлөө. Энэ бүхэн иргэдийн амьдралд нөлөөлөөд ирэнгүүт хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү хандуулахын тулд ямар ч хэрэггүй мэдээллийг зориудаар тарааж байна.
- Худал мэдээлэл гэж хэлэх гээд байна уу?
- Мэдээж. Энэ зэргийн мэдээлэл улс төрчдийг дайраад өнгөрнө шүү дээ.
- УИХ-ын гишүүд нэгэндээ бүсгүй хүртэл бэлэглэж зугаацдаг гэх мэдээлэл анх удаа л гарч байх шиг байна. Тэр дуулианы эзэн нь та болчихлоо?
- Явсан. Надтай цуг маш олон хэвлэлийнхэн явсан. Тэд нараас намайг яаж явсныг асуу. Надад хүүхэндэж явах зав байхгүй. Гэхдээ тэнд очоод тэгэж явна гэж байхгүй шүү дээ. 100 долларын бүсгүй бэлэглэсэн гээд зураг хөрөг нь хүртэл гарсан байна лээ. Тийм зүйл болоогүй.Тиймэрхүү байдлаар Ерөнхийлөгчийн шагнал шийдэгддэггүй юм.
Т.Хулан