8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ШӨХТГ-аас шатахууны үнийг нэмүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, “Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудын бүртгэл эхэлсэн өдөр

2018-01-08 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн өдөр үргэлжилсээр. Өнөөдөр улс, нийгмийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.  

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа.

Ерөнхийлөгчийн санхүүжүүлсэн "НОЁН БИКИ" утаагүй түлш утааг бууруулж чадсан уу

- УИХ-ын даргатай зөвшилцөнө, эсвэл өөр нэг үндэслэл болох УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйтэй нь парламентыг тараах өргөн зөвшилцөл явуулах нь гэж ойлгогдож байна- 

Өнгөрсөн долоо хоногт УИХ утааны асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн. УИХ-аас агаарын бохирдолтой тэмцэх ажлын хэсгийг байгуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүртэл чуулганы индэр дээрээс утаатай тэмцэх асуудалд ямар байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жил Их тэнгэрийн аманд утаа хүрч байж, сая нэг төрийн өндөрлөгүүд утааны асуудлыг анхаарч эхэллээ гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн мэдэгдэл бас л хоосон шоу юм биш үү гэх хардлагыг төрүүлж орхив. Ноён Ерөнхийлөгч маань “Утаатай тэмцэж чадахгүй бол УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү. Даруйхан тэмц, тэгэхгүй бол цагаан сарын дараа эрхэм гишүүдийг "төрхөмд нь буцаана" гэх утгатай мэдэгдэл хийж, улс төрийн хүрээнд бас нэгэн яригдах сэдэвтэй болж хувираад байна.  

Ерөнхийлөгчийн “УИХ-ыг тараана шүү” гэх үг нь хэд, хэдэн утга санааг агуулж мэдэх юм. Хамгийн тодорхой нь Ерөнхийлөгч цагаан сарын дараа УИХ-ыг тараах санаачлагыг гаргах юм байна. Ингэхдээ УИХ-ын даргатай зөвшилцөнө, эсвэл өөр нэг үндэслэл болох УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйтэй нь парламентыг тараах өргөн зөвшилцөл явуулах нь гэж ойлгогдож байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгч дангаараа УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрх мэдэлгүй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд УИХ-ын бүрэн эрх ямар нөхцөлд хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухайг зохицуулсан байдаг. Энэ зүйлд заагдсан үндэслэлийн нэг Ерөнхийлөгчид хамаарч байгаа боловч “УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн” хэмээсэн байдаг.

Утаа энэ жилдээ арилахгүй. УИХ-аас утааг бууруулах аргаа хайж ядаж, энэ мэтчилэн сүрдүүлэг хийж байх зуур хавар болно. Үргэлжлүүлээд зун, намар. Ингээд л ирэх өвөлтэй золгож өнөөдрийнхөө хэрүүлийг яриад суух бий вий. Ерөнхийлөгч цагаан сарын дараа санаачилга гаргаж, УИХ-ыг тараавал дахин сонгууль болж АН ялалт байгуулж мэднэ гэх таамаглал ч зарим ажиглагчдын дунд гараад амжиж. Гэхдээ ийм зүйл болохгүй л болов уу. Учир нь УИХ-д 65 суудалтай эрх баригч МАН-ынхан тийм ч амар ажилгүй болчихгүй нь мэдээж.

Тиймээс үйл явдлын төгсгөл тодорхой харагдаж байхад Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж мэдэгдэн олон нийтийн санаа бодлыг үймүүлэх шаардлага байна уу гэх асуулт гарч байна.

- 2009 онд “Ноён Бики” гэх утаагүй түлшийг үйлдвэрлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүгийн болон олон талын дэмжлэг үзүүлсэн гэдэг- 

УИХ-ыг тараана хэмээн мэдэгдээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг цахим орчинд иргэд ихээхэн шүүмжилсэн байна билээ. Түүнийг өмнө нь өөрөө гишүүн байхдаа, мөн сайд байхдаа утаатай тэмцсэн томоохон ямар ажил хийж байсан юм бэ.

Х.Баттулгын утаатай тэмцсэн түүх гээд нэрлэчихээр ажил дуулдаагүй шүү дээ, сүржин улстөрөөсөө салмаар юм аа гэх зэргээр шүүмжилсэн байсан. Үнэхээр ч Ерөнхийлөгч та, "Ноён Бики" гэх утаагүй түлшийг үйлдвэрлэхэд санхүүгээр дэмжиж, улмаар чамгүй мөнгө босгосноо мартсан юм биш биз.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2009 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа утаагүй түлш үйлдвэрлэнэ гэх нэрээр “Ноён Бики” хэмээх өвөрмөц нэртэй брэнд гаргаж байв. Та бүхний зураг дээрээс харж буй энэхүү утаагүй түлшийг илэрхийлсэн хүүхэлдэйг хийлгэж ирээд л, тууз хайчлан, ингээд утаанаас салах нь гэж мөн чиг сүржин түлш гаргаж, утаатай тэмцэх ажлыг утааруулж байлаа.

Ноён Бики” нь Х.Баттулгын санхүүжилтээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд тухайн үед  "Баянгол" зочид буудалд нь оффислож байсан гэдэг. Гэтэл тэдний хийсэн утаагүй түлш яг үнэндээ ямар ч үр дүн авчраагүй, үргүй зардал болоод замхарсан байдаг.

 2009 оны өвөл Сонгинохайрхан, Чингэлтэй, Сvхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 10 цэгээр, 2800 төгрөгөөр хуралдаалагдаад, нээлтэд нь очсон хүмүүст урамшуулал гэж 1000 төгрөгөөр зарагдаад, тэгсхийгээд замхарч байсан ийм л төслийг та сайд байхдаа санхүүжүүлсэн байдаг. Зах зээл дэх үнийн судалгаа муу, иргэдийн хэрэглээг хангаж чадаагүй гэх шалтгаанаар үйлдвэрлэл бүтэлгүйтсэн гэх. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга та, өнөөдөр “Утаагүй түлш, зуух гэх мэт хуурмаг төслүүд мөнгө цөлмөж байна. Утаанд зарцуулсан хөрөнгөний 147 тэрбум төгрөг, 100 орчим сая ам.долларыг “утааны зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэл” завшсан гэж хээвнэг хэлээд сууж байгаа нь зөв үү. 

Ерөнхийлөгч өө, нөгөөтэйгүүр утааг бууруулах асуудалд идэвх, санаачилгагүй ажилласан гэх шалтгаанаар хэн нэгэн хариуцлага хүлээх шаардлагатай бол түүнд нь та ч багтана. Танд ч бас утааны зовлон дээр бизнес хийсэн түүх байгааг сануулъя. Улаанбаатар утаандаа умбаж, иргэд угаартаж ухаан алдаж унах хэмжээн хүрээд байгаа ч таны утааны зовлон дээр төсөл хэрэгжүүлж мөнгө завшсан түүхийг мартаагүй байна. Энэ нийгэмд ой санамж гэж байдаг юм шүү. 

Б.Пүрэвдорж: Надтай цуг маш олон хэвлэлийнхэн явсан. Тэд нараас намайг яаж явсныг асуу 

 

УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б гэх бүсгүйн хувийн чат руу өөрийн нүцгэн зургийг явуулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан бөгөөд эсэргүүцэхэд нь ёс бусаар доромжилж бэлэг эрхтнийхээ зургийг явуулсан гэх мэдээлэл дуулиан тариад буй. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Казакстанд урьж тэнд бүсгүй бэлэглэн зугаацуулсан гэх ч мэдээлэл гараад байгаа юм. Бид энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр, суурийг сонслоо.  

- УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой дуулиан дэгдсэн. Уг мэдээлэлд таны нэр давхар яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат таныг хоёр найзын тань хамтаар Казакстанд урьж тэнд бүсгүй бэлэглэн зугаацуулсан гэх мэдээлэл яригдлаа. Энэ үнэн үү?

- Би ийм хөгийн асуудлыг Төрийн ордонд ярих хэрэггүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Казакстан явсан. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд УИХ даргыг Үндсэн хуулийн цэцэд өгнө бас Ерөнхий сайдыг асуух асуултгүй болтол нь асуулт асуусаны төлөө ингэж гүтгэж байна. Чиний болон ах дүүгийн чинь хармаанаас татвар нэмж авдаг боллоо. Нийт 70 мянган иргэний хармаанаас татвар авч байна. Хөгшчүүдийн тэтгэвэрт гарах насыг нэмчихлээ. Шатахууны үнэ өсчихлөө. Энэ бүхэн иргэдийн амьдралд нөлөөлөөд ирэнгүүт хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү хандуулахын тулд ямар ч хэрэггүй мэдээллийг зориудаар тарааж байна.

- Худал мэдээлэл гэж хэлэх гээд байна уу?

- Мэдээж. Энэ зэргийн мэдээлэл улс төрчдийг дайраад өнгөрнө шүү дээ.

- УИХ-ын гишүүд нэгэндээ бүсгүй хүртэл бэлэглэж зугаацдаг гэх мэдээлэл анх удаа л гарч байх шиг байна. Тэр дуулианы эзэн нь та болчихлоо?

- Явсан. Надтай цуг маш олон хэвлэлийнхэн явсан. Тэд нараас намайг яаж явсныг асуу. Надад хүүхэндэж явах зав байхгүй. Гэхдээ тэнд очоод тэгэж явна гэж байхгүй шүү дээ. 100 долларын бүсгүй бэлэглэсэн гээд зураг хөрөг нь хүртэл гарсан байна лээ. Тийм зүйл болоогүй.Тиймэрхүү байдлаар Ерөнхийлөгчийн шагнал шийдэгддэггүй юм. 

Н.Цэрэнбат: Зарим хэсэгт нь зуух тараахаас өөр аргагүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, 2018, 2019 онд Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх гол ажлууд болон агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Хурлаар хэлэлцсэн эдгээр асуудлуудаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан асуудлыг хэлэлцсэн байна. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэдэд хувьчлах, ашгийг нь ард түмэнд хүртээх эсэх асуудлыг хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэхээр болжээ. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Бид үлдсэн нэг сарын хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ. " хэмээн онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн "Засгийн газар үлдсэн 900 хоногт гурван тулгуурт өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн ойрын хугацаанд ямар том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа шийднэ. Харин агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэг том цогц арга хэмжээг авч ажиллахаар болж, Ажлын хэсгийг томиллоо. Ерөнхий сайд ч утааны асуудлаар тодорхой цогц санал оруулж ирэхээр боллоо. Гэвч хөрөнгө мөнгө их шаардлагатай болно. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг буруулах чиглэлээр тодорхой олон төслүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултад хариуллаа. 

-Ерөнхий сайд болон Сангийн сайд татварын асуудлыг эргэн харъя гэдэг зүйлийг хэлсэн. Бүлэг дээр энэ асуудал яригдсан уу? 

-Татвартай холбоотой асуудал яригдсан. 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татварыг нь нэмэхээр хууль баталсан. Гэтэл нийгэмд буруу ойлголт яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой зарим иргэдийн хувьд ажил мэргэжлийнх нь онцлог  байдаг юм байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой гэж бүлгийн гишүүд хэлсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар асуудлыг танилцуулна. Хамгийн зөв шийдэж болох судалгааг мөн хийж байна гэдэг мэдээллийг өгсөн.

-Япон, Канад, АНУ-д суух Элчин сайд нарын асуудлыг шийдэлгүй долоо сар боллоо. Үүнийг ярьсан уу? 

-Элчин сайд нарын асуудал болон гадаад харилцаатай холбоотой асуудлыг нэлээн ярьсан. АНУ, Канад, Япон гэсэн гурван гүрэнд Элчин сайдаа томилох асуудлыг өмнөх Ерөнхийлөгч шийдээд, тухайн орон нь Элчин сайдаар авъя гэдэг зөвшөөрөл нь ирчихсэн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга шаардлага хангахгүй хүмүүс гэдгээр хойшлуулаад хүлээлгэж байгааг ойлгохгүй байгаа, үнэндээ.

УИХ, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргачихсан юм шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигийг албан бичгээр үгүйсгэж болохгүй.  Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгоё гэвэл зарлигаар хүчингүй болгох ёстой болохоос биш Засгийн газар луу албан бичиг шидчихээд суугаад байх асуудал биш. Ерөнхийлөгч ойрын үед анхараал хандуулж, гурван Элчинг томилно гэж найдаж байна.  

Б.Лхагва: Шатахууны үнийг нэмүүлэхгүй

ШӨХТГ-ын даргыг Засгийн газраас биш УИХ-аас томилогддог байгууллага байхаар өрсөлдөөний тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Учир нь өнгөрсөн хугацаанд тус газрын дарга нар удаа дараа өөрчлөгдсөөр ирсэн юм. 

Мөн шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй. Өнгөрсөн долоо хоногт хомсдол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна. Шатахууны хомсдол үүсгэж байгаа ААН-үүдэд шалгалт хийнэ. Хомсдол үүсгэхгүй байхыг төрийн болон хувийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Харин ШӨХТГ-ынхан энэ асуудалд ШӨХТГ-ынхан "Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан. Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой" гэв. 

Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн гишүүнээр өргөмжлөгдлөө 

Монгол эмч дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академуудын нэг болох Францын мэс заслын академийн гишүүнээр өргөмжлөгджээ. ХСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн өнөө өглөө гэр бүлийхнийхээ хамт Франц улсын нийслэл Парис хотыг зорьсон байна.

Тэрбээр он солигдохын өмнөхөн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн бөгөөд энэхүү нэр хүндтэй академийн хүндэт гишүүний батламж гэрчилгээг энэ сард болох Францын мэс заслын академичдын ээлжит хуралдааны үеэр гардуулах аж. 

Ц.Цолмон: УИХ-ын гишүүний гар утасны хэрэглээнд нэг ч төгрөг зарцуулдаггүй

УИХ-ын гишүүдийн утасны зардалд жилд 34 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэд хоног гарсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолтонтой уулзаж, дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын гишүүдийн утасны зардалд жилд 34 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэд хоног яригдлаа. Энэ талаар танаас тайлбар  авах гэсэн юм?

-Худал мэдээлэл байна. 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд гишүүдийн утасны зардалд төсвөөс мөнгө олгоогүй. Мөн 2018 онд ч төсөвлөөгүй. Уг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүдийн холбооны зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд  гишүүдийн гар утасны зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлдэг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас  гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа.

-34 тэрбум төгрөг гэдэг нь хаанаас гарсан тоо юм бол?

-76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх юм бэ. Нэг гишүүнд  жилд 447.0 сая төгрөг ногдох нь. Сард 37.0 сая төгрөгөөр утсаар ярьдаг хүн гэж яаж ч бодсон байхгүй. УИХ-ын гишүүд ийм их мөнгөөр утсаар ярьдаг юм байна шүү гэж худал цуурхал зохион байгуулалттай тарааж байна гэж ойлгож байна. УИХ-ын бүтэн жилийн төсөв, өөрөөр хэлбэл гишүүд, тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан юм.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа хүн давхар цалин авдаг юм шиг, бас аль нэгээс нь татгалзах тухай яриа гараад байсан. Яаж шийддэг вэ?

-Бас л худлаа мэдээлэл. УИХ-ын гишүүн сайдаар ажиллах болбол цалинг нь Засгийн газар хариуцдаг. УИХ-аас цалин огт авдаггүй.

-Ямар зорилгоор ийм мэдээлэл гарч байна гэж та үзэж байна?

-Мэдээж иймэрхүү мэдээллийг тодорхой зорилготой л тарааж байгаа. Үүний цаана зорилготой, зохион байгуулалттай, санхүүжилттэй хэсэг бүлэг хүн ажиллаж байгаа гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг харлуулах, эдийн засаг хүнд үед иргэдийг бухимдуулах, хагалан бутаргах, талцуулах, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох зорилгоор л ийм үйл ажиллагаа явуулаад байна даа гэж харж байна. Хэрэв ийм маягийн мэдээлэл тараахаа зогсоохгүй бол хуулийн дагуу холбогдох хүмүүстэй хариуцлагын асуудал ярих болно.

-Танд баярлалаа. 

Г.Бямбасүрэн: МАХН нэг хүний, Н.Энхбаярын нам биш

МАХН-ын гишүүд мэдээлэл хийв. Тус намын Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “МАХН нэг хүний, Н.Энхбаярын нам биш. МАХН  өнөөдөр нэг хүний гараар хөдлөдөг нам болсон. Манай намыг нэг гишүүн УИХ-д төлөөлдөг. Бид дуудаж уулзаж, намын дотоод асуудлаа ярилцаж байсан. Нам доторх асуудлаа шийдвэрлэх, ялзарсан байдал, дотооддын зөрчлөө өөрчлөх  хэрэгтэй гэдгийг хэлсэн. Гэтэл биднийг  намын хурлаас нохой шиг хөөж гаргасан. Хамтарч Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Бид МАХН-ыг салгах гээгүй. УИХ-д суудалтай ганцхан гишүүнээ намраас хойш оролдож эхэлсэн. Хөөнө, тууна гэж ярьсаар ирсэн. Энэ асуудлыг ганцхан хүн шийдээд хөөчихдөг юм биш. Бага чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй" гэв. 

Д.Батбаярын хэргийг шалгахад их хэмжээний хахууль авсан нь илэрчээ 

Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийж, тодорхой хэмжээний мөнгийг хураан авч, тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг баривчилсан билээ. Тэгвэл АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Түүнийг нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа нь энэ юм. Хэргийн талаар  мөрдөн байцаалтын Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрсэн байна.   Тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан байжээ. 

“Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудын бүртгэл эхэллээ

Өнгөрсөн жилээс олгож эхэлсэн “Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэллээ.  "Насны хишиг"-т хамрагдах хүмүүс 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн байх шаардлагатай аж. Харин өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна. 

“Насны хишиг” авах ахмадуудын насыг ангилж, ангилал дагуу хишгийг нь тогтоосон байдаг. Үүнд:

-65-69 настай ахмад настан 50 мянга,
-70-79 настай ахмад настан 80 мянга,
-80-89 настай ахмад настан 150 мянга,
-90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгодог.

“Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм юм байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл