8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын 100 хоног айсуй

2018-01-09 10:10:00

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлыг гуйж биш гуядаж аваад 100 хонох гэж байна. Энэ 100 хоногийг иргэд олон нийт түүний ажиллах арга барил, цаашдын хандлагатай танилцаж өнгөрөөлөө. Харин одоо эдийн засгийг хэрхэн сэргээхийг, ард түмний амьдралд нөлөөлөхүйц бодит бүтээн байгуулалт өрнүүлэхийг хүлээж байна. Энэ ч үүднээс У.Хүрэлсүхийн цаг 100 хоногийн өмнөөс бус одооноос эхэлж байна гэлтэй. У.Хүрэлсүх сайд Засгийн газартаа “Ардын Засгийн газар” гэх нэр өгсөн.  Ардын Засгийн газрын ард түмнийхээ төлөө ямар ажил хийснийг эргэн санацгаая.

Төв цэвэрлэх байгууламж

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Төв цэвэрлэх байгуулжийн асуудлыг шийднэ”  гэж мэдэгдсэн. Олон жил нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлсэн хүнд асуудлыг шийднэ гэж эрс шийдэмгий дуугарсан нь иргэдийн талархлыг хүлээгээд буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд багтаан олон улсын тендерийг дахин зарлах, 2018 оны хаварт багтаан бүтээн байгуулалтыг эхлүүлэх, 2020 оны сонгуулиас өмнө ашиглалтад оруулахыг даалгасан. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг урагшлуулж чадаагүй компаниудаас татгалзаж Мянганы сорилтын сантай хамтарч ажиллана гэдгээ тэрбээр мэдэгдээд байгаа билээ.

Агаарын бохирдолтой тэмцэв

Өмнөх Засгийн газрууд утааг бууруулах ажлыг ингэж зоригтой барьж авч байсангүй. Энэ жил олон нийт өмнөх жилүүдийнхээс илүү утаанд анхаарал хандуулж төр засгийн түвшинд агаарын бохирдолтой тэмцэхийг шаардаж байсантай холбоотой юу ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ чиглэлд бодитой ажил хийхээр төлөвлөөд байна. Монголчуудын толгойны өвчин болсон утааг бууруулах асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газар 113 уурын зуухыг буулгаж, айлуудыг төвлөрсөн дулаанд холбох, 17.5 тэрбум төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах 20 мянган айлыг эрчим хүчээр холбож, бүх сургуульд агаар цэвэршүүлэгч тавих ажлуудыг хийлээ. Мөн дахин төлөвлөлт, дагуул хот байгуулах, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт ажлуудыг ч зохион байгуулах болсон талаараа Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд танилцуулсан. Энэх үрээнд 2020 он хүртэл хөдөөнөөс хот руу шилжиж ирэхийг хориглоод байна.

Оффшороос хөрөнгөө татах хугацаа тодорхой болов

Төрийн албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг оффшор бүсэд хөрөнгөтэй байхыг хориглосон хуультай. Уг хуулийн хэрэгжилтэд Ерөнхий сайд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Оффшорт хөрөнгөтэй төрийн албан хаагчид АТГ-ын хяналтад орж хөрөнгөө татах ажлаа эхлүүлээд байна. Энэ ажлын хүрэээнд 450 сая ам,доллар оффшор бүсээс Монгол руу орж ирээд байгаа билээ.

Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болно

Энэтхэгийн Засгийн газрын тэрбум долларын зээлээр Монгол Улс 2018 онд газрын тосны үйлдвэртэй болох мэдээ саяхан мэдээлэгдсэн ч утааны асуудалд дарагдчих шиг болов.  Энэ талаар гадны хэвлэлүүд ч онцолж байлаа. Жилд 1.5 тонн нефть боловсруулж, үүнээсээ 560 мянган тонн бензин, 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель, 107 мянган тонн шингэрүүлсэн хий нэрэх үйлдвэртэй болбол Монгол Улс бензин, шатахуунаараа Оросоос хамааралтай байхаа болино. Үүнээс гадна ипотекийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, дахин төлөвлөлт инженерийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр БНХАУ-ын Засгийн газар зээл олгосон. Энэ онд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг үлэмж нэмэгдүүлнэ гэж буй. Мөн Алтанбулаг-Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргааад байгаа юм.

Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авав

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед  49 хувь нь хувийн компанид очсон “Эрдэнэт” үйлдвэрийг 100 төрийн мэдэлд авах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргаад байна. Харин 49 хувийн эзэд Засгийн газрыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж арбитрын шүүх болон Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм. Тэд Засгийн газрыг 100 хоногтоо хийсэн ажилтай харагдах гэж ийм шийдвэр гаргасан гэж буй. Ямартай ч Засгийн газрын зүгээс Худалдаа хөгжлийн банкны Хөгжлийнбанк, Монголбанкнаас авсан зээлэнд нь суутгаж, төрөөс бараг л хөрөнгө гаргуулахгүй Эрдэнэтийн 49 хувийг буцаан авсан гэдгээ мэдэгдээд буй.

Эерэг ба сөрөг: Татвар, тэтгэврийн нэмэгдэл болон халамж

У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оныг долоон төрлийн татварын нэмэгдлээр эхлүүлсэн. Үүнээс хамгийн их шүүмжлэл дагуулж буй нь хүн амын орлогын албан татвар. Гэхдээ уг татварын нэмэгдлийн талаар ОУВС-тай дахин ярилцана гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа хүлээсэн үүргийнхээ хүрээнд татвар нэмсэн гэж байгаа юм.  Мөн тэтгэврийн насыг нэмсэн нь ч маргаан шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй нь олон нийтийн реакциас харагдана. Гэхдээ сайн мэдээ бас бий. “Цалинтай ээж” хөтөлбөр, алдар цолтой ахмадуудад нэмэгдэл өгөх, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэж буй.

Сайн жишиг

Анзаарвал У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш элдэв, янзын халаа, сэлгээг хийсэнгүй. Шинэ Засгийн газар байгуулагдаад л маргааш нь сандал, ширээ зөөх ажил эхэлдэг бол энэ Засгийн газрын төрийн албаны бүтцээр оролдсонгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн онцлох томоохон ажлууд ийм байна. Түүний танхимын сайд нар энэ 100 хоногт ямар ажил хийснээ удахгүй олон нийтэд мэдээлнэ гэсэн. 

Т.ХУЛАН

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл