8o
Улаанбаатар хот
mobile menu

Бензиний үнэ нэмэгдэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

2018-01-09 10:38:29

Өчигдөр шөнийн 23.00 цагийн үед Баянзүрх болон Сүхбаатар, Баянгол дүүргийн шатахуун түгээх станцууд шатахуун худалдаалахгүй байв. Учир явдлыг асуухад тодорхой хариулт өгсөнгүй. 

Тэгвэл өнөөдөр шатахууны үнэ 20-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Шунхлай, Магнай трейд нар Аи-95 шатахууны үнээ нэмжээ 

Тухайлбал, “Шунхлай” ШТС Аи 95-ийг 1970 төгрөгөөр зарж байна. Тус шатахуун түгээх станц гурав хоногийн өмнөөс 150 төгрөгөөр үнээ нэмсэн нь энэ аж. 

Мөн “Магнай трейд” ШТС-ын борлуулж байгаа Аи 92 шатахууныг 1630 төгрөгөөр, Аи 95 бензинийг 1900 төгрөгөөр зарж байна. Эндээс харвал Аи 95-ыг 80 төгрөгөөр нэмжээ.

Харин “Сод Монгол” ШТС-ын борлуулж байгаа Аи 92 бензин 1630, Аи 95 нь 1810 төгрөгийн үнэтэй байна. "Тэс петролиум'' ШТС-ын Аи 92  нь 1650, дизель түлш  нь 1750 төгрөгийн үнэтэй байна. Мөн Петровис компани одоогоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй байна. 

Шатахууны үнэ нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ 

Ийнхүү зарим шатахуун түгээх станцууд үнээ нэмжээ. Угтаа бол Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдаж байж үнэ нэмэх шийдвэрийг гаргана. Гэтэл зарим шатахуун түгээх станцууд үнээ нэмсэн байна. Тус зөвлөлийн хурлаар шатахуун импортлогч компаниуд цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэх болон төр ямар арга хэмжээ авах талаар ярилцах юм.  Сануулахад, Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газраас шатахууны үнийг гурван сар хүчээр барьсан. Одоо барьж дийлэхгүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн. Үүнтэй уялдуулан манайд шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байгаа. Шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж эхэлсэн" гэж мэдэгдсэн билээ. Үүнээс үзвэл өнөөдрийн Шатахууны үнийн зөвлөлөөс шатахууны үнийг нэмэхийг дэмжиж магадгүй байна. 

Харин өчигдөр /2018.01.08/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийхдээ “Үнэхээр бензин шатахууны хомсдол үүсэж, нийлүүлэлт багасаагүй. Тиймээс аж ахуй нэгж байгууллага дураараа үнэ нэмэх, нөөцлөх асуудал байх ёсгүй” гэсэн юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment