Өнөөдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж шатахууны үнийг нэмэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Уул уурхайн дэд сайд, Үнийн зөвлөлийн ахлагч Д.Загджавтай ярилцлаа.
- Өнөөдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдлаа. Ямар шийдвэр гаргасан бэ?
- Шатахууны үнийн талаар төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил хамтран хуралдаад ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Ажлын хэсэг энэ яриаг үнэн эсэхийг судална. Мөн Нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнийг судлах юм.
- Шатахуун импорлогчдын зүгээс бензинийн үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр нэмэх саналыг өнөөдрийн хуралдаанд оруулж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Үнэ нэмэх асуудлыг шатахуун импортлогчдын зүгээс яриагүй. Харин нефтийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын сүлжээний нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан.
- Зарим шатахуун импортлогч компаниуд АИ 95 бензиний үнээ нэмчихээд байгаа. Энэ нэмэгдлийг компаниудын зүгээс хэрхэн тайлбарлаж байгаа юм бол?
- Өнөөдөр үнэтэй холбоотой асуудлыг ярилцаагүй. Харин алдагдалтай ажиллаж байгаа тухайгаа ярьсан. Үүнийг нь судалж үзнэ. Нөгөөтэйгүүр нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татвар сэргээгдэж байгаатай холбогдуулаад нефть бүтээгдэхүүн татан авалт, хангамж, нөөцөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг компаниудын зүгээс хэлж байгаа. Энэ дагуу онцгой албан татварыг нэмэгдүүлэх хугацааг Засгийн газрын зөвлөлөөр ярилцаад хойшлуулсан. Засгийн газрын зүгээс үнэ тогтвортой байлгах саналыг тавьж байгаа.
- Ажлын хэсэг судалгаа хийж үзээд үнэ нэмэх шаардлагатай гэж үзвэл бензиний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх магадлалтай вэ?
- Ажлын хэсэгт холбогдох албадууд орно. Мөн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хорооноос хүмүүс орно. Нефть импортлогч компаниудын зүгээс ч мэргэжилтнүүд орж байгаа. Үүний дараа үнийн бодлогын зөвлөл хуралдаж асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор үнэ нэмэгдэх асуудал байхгүй. Ажлын хэсгийн шалгалтын дараа л үнийн асуудлыг ярилцана.
- Зарим шатахуун импортлогчид 30 мянган төгрөгөөс дээш мөнгөн дүнд бензин өгөхгүй байсан. Ингэж зохиомол хомсдол үүсгэсэн юм уу эсвэл нөөц бүрдүүлэлт муу байгаа юм уу?
- Ер нь янз бүрийн чирэгдэл үүсгэхгүй байхыг үнийн зөвлөлийн гишүүд аль, аль талаасаа анхаарч байгаа.
- Нефть импортлогч компаниуд онцгой албан татварын хуулийн хэрэгжилтийг хойшлуулж өгнө үү гэсэн санал тавьсан юм байна гэж ойлголоо. Зөв үү?
- Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэж буй. Тиймээс онцгой албан татварын хуулийг хойшлуулж өгөх саналыг гаргасан. Бид саналыг нь хүлээж аван хоёр ч удаа хойшлуулсан. Засгийн газраас үргэлж хүндэтгэлтэй хандаж байгаа. Үнэ тогтворжуулах ажлыг Засгийн газраас удаа дараа хийж ирсэн.
- Та Рио Тинто компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэж шүүмжилж байгаа. Тухайлбал, тодорхой ямар үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ?
- Рио Тинто компани хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал,монголчуудын тавьсан нүүрс тээврийн замаар Оюутолгой компанийн машин давуу эрхтэй явж байна. Мөн ачаа бараагаа тээвэрлэх замын асуудлаа шийдэх ёстой. Төмөр зам болон авто замаар тээвэр хийх боломжтой, гэтэл замын асуудлаа шийдэхгүй байна. Цахилгаан эрчим хүч импортлох станц байгуулах ёстой. Гэтэл жилд 140-150 сая доллараар гаднаас эрчим хүч импортоор авсаар байна. Энэ нөхдүүд зэс боловсруулах үйлдвэр байгуулж, Ханбогд сумыг хот болгох ёстой. Гэтэл энэ бүх үүргээ биелүүлэхгүй байна. Зэсийн үнэ өссөөр байна. Энэ өсөлтөөс монголчуудад юу ногдох вэ? энэ мэт олон асуудал байна.
Т.Хулан