8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АТГ Г.Баасанг шүүхэд өгөхөө мэдэгдэж, Д.Загджав шатахууны үнэ нэмэхгүй гэдгээ онцолсон өдөр

2018-01-09 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн өдөр үргэлжилсээр. Өнөөдөр улс, нийгмийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.  

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа.

Г.Баасан: Х.Энхжаргал УИХ-ын даргын оролцоотой 60 тэрбумын гэмт хэргийг хаацайлж байна

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, АТГ-аас зарим нэг дуулиан дагуулсан хэрэгт хариуцлагагүй, хайнга хандаж байна гэдгийг Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан онцолсон юм. Ингээд хурлын үеэр хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Олон нийтийн зөвлөлд иргэдийн гаргасан гомдлоос АТГ-д оруулаагүй байгаа гомдол 23, Авлигын бус гомдол 13, Авлигатай тэмцэх газарт оруулсан гомдол - 43 ирсэн байна. Үүнээс хариу ирээгүй -17, Эрүү үүсгэсэн - 3.

-УБТЗ-ын Пунцаг, Оюунчимэг, Зоригт нарыг ажлаас халсан, Гаалийн татваргүй дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон, НД-аас талийгаачийн нэрээр тэтгэвэр авсан гэх хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн.

-АТГ-аас хэрэг бүртгэлт үүсгэхээс татгалзсан саналыг прокурорт гаргана, АТГ –аас хэрэг бүртгэлт үүсгэх санал гаргавал прокурор үндэслэлгүй болгох шийдвэр гаргах үйлдэл элбэг байна.

-ОНЗ-нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг солиогүй цагт  авлига, албан тушаалтны гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй нь илт байна. Тухайлбал доорх мэдээллийг АТГ-д уламжилбал 60 тэрбум шиг замхрах эрсдэлтэй.  

-ОНЗ-д ирсэн Жигжиднямаагийн хүү хар тамхи татдаг гэх  мэдээлэл ирсэн. 

-АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАЖ БАЙНА-

-Улаанбаатар Төмөр замын орлогч дарга Ганболд нарын албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны талаарх гомдолууд ирсэн.  

-ШУТИС-ын оюутаны төлбөрөөс 3-4 тэрбумаар нь завшсан  гомдол гэх мэт олон гомдлуудыг АТГ-д оруулаагүй байна.

- “Төрийн албад бүгд авлигын өндөр эрсдэлтэй” гэсэн Азийн сангийн 2016 оны судалгааны дүнд тэр анхаарлаа огт хандуулсангүй.

-Олны анхааралд байгаа бухимдал үүсгэсэн 60 тэрбумын хэрэг, оффшорын асуудал, утааны / сүүлийн 10 жилд 210 тэрбум/ асуудал, байгалийн баялгийн сүйрэл зэрэг хэргийг шийдвэрлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй.

-Х.Энхжаргал УИХ-ын даргын оролцоотой 60 тэрбумын гэмт хэргийг хаацайлж байна. УИХ дотор АТГ-т хувь заяагаа атгуулсан авлигач нар суудаг, надад хариуцлага тооцож чадахгүй,  хамгаалагдана гэж аархаж байна.

-Х.Энхжаргалыг сольж, шинэчлээгүй цагт хууль бус оффшорчдын асуудал үнэн шударгаар, шуурхай шийдэгдэхгүй. Харин ч саармагжуулах,  бултуулах, цаг хожих арга хэмжээ авна гэж хардаж байна.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж хэлсэн

-АТГ газар өнгөрсөн жил 9 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан ч үр дүнтэй ажил хийгээгүй.

-АТГ энэ жил 17 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан. Хууль бус Оффшорчдыг 2020 он хүртэл хамгаалж, дарагдуулж байх үүрэг авч, татвар нэмж хуримтлуулсан төсвөөс 17 тэрбумыг үрэх нь.  Энэ төсөв дээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлөрийн төсөв, Гүйцэтгэх ажлын нууц төсөв нэмэгдэнэ.

-ОНЗ нь 120 хоног АТГ-ын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсний үндсэн дээр УИХ-н 2016 оны 7 сарны 8 ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгож, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаж байна.

-Авлигын эсрэг хуульд АТГ- нь Олон нийтийн дэд зөвлөл байгуулах зохицуулалт байхгүй.

-Х.Энхжаргал хууль ёсны ОНЗ-ийн хяналтыг саармагжуулахын тулд сөргүүлээд ОН-ийн нэрийг барин Төрийн тусгай байгууллагын статустай атлаа өөрөө удирдан ОНДЗ байгуулж, цалинжуулж, гэрээ байгуулж Төрийн байгууллагуудыг, албан тушаалтнуудыг хянах, тэдний мэдээллийг цуглуулан дарамтлах ажлыг гардан зохион байгуулж, НАХЯ-ны 1990 онд тараасан мэдээлэгч нарын сүлжээг төсвийн мөнгөөр санхүүжүүлэн сэргээж байна.

Д.Загджав: Одоогоор бензиний үнэ нэмэх асуудал байхгүй

Өнөөдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж шатахууны үнийг нэмэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Уул уурхайн дэд сайд, Үнийн зөвлөлийн ахлагч Д.Загджавтай ярилцлаа

- Өнөөдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдлаа. Ямар шийдвэр гаргасан бэ?

- Шатахууны үнийн талаар төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил хамтран хуралдаад ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Ажлын хэсэг энэ яриаг үнэн эсэхийг судална. Мөн Нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнийг судлах юм.

- Шатахуун импорлогчдын зүгээс бензинийн үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр нэмэх саналыг өнөөдрийн хуралдаанд оруулж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

Үнэ нэмэх асуудлыг шатахуун импортлогчдын зүгээс яриагүй. Харин нефтийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын сүлжээний нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан.

- Зарим шатахуун импортлогч компаниуд АИ 95 бензиний үнээ нэмчихээд байгаа. Энэ нэмэгдлийг компаниудын зүгээс хэрхэн тайлбарлаж байгаа юм бол?

- Өнөөдөр үнэтэй холбоотой асуудлыг ярилцаагүй. Харин алдагдалтай ажиллаж байгаа тухайгаа ярьсан. Үүнийг нь судалж үзнэ. Нөгөөтэйгүүр нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татвар сэргээгдэж байгаатай холбогдуулаад нефть бүтээгдэхүүн татан авалт, хангамж, нөөцөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг компаниудын зүгээс хэлж байгаа. Энэ дагуу онцгой албан татварыг нэмэгдүүлэх хугацааг Засгийн газрын зөвлөлөөр ярилцаад хойшлуулсан. Засгийн газрын зүгээс үнэ тогтвортой байлгах саналыг тавьж байгаа.

- Ажлын хэсэг судалгаа хийж үзээд үнэ нэмэх шаардлагатай гэж үзвэл бензиний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх магадлалтай вэ?

- Ажлын хэсэгт холбогдох албадууд орно. Мөн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хорооноос хүмүүс орно. Нефть импортлогч компаниудын зүгээс ч мэргэжилтнүүд орж байгаа. Үүний дараа үнийн бодлогын зөвлөл хуралдаж асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор үнэ нэмэгдэх асуудал байхгүй. Ажлын хэсгийн шалгалтын дараа л үнийн асуудлыг ярилцана.

- Зарим шатахуун импортлогчид 30 мянган төгрөгөөс дээш мөнгөн дүнд бензин өгөхгүй байсан. Ингэж зохиомол хомсдол үүсгэсэн юм уу эсвэл нөөц бүрдүүлэлт муу байгаа юм уу?

- Ер нь янз бүрийн чирэгдэл үүсгэхгүй байхыг үнийн зөвлөлийн гишүүд аль, аль талаасаа анхаарч байгаа.

- Нефть импортлогч компаниуд онцгой албан татварын хуулийн хэрэгжилтийг хойшлуулж өгнө үү гэсэн санал тавьсан юм байна гэж ойлголоо. Зөв үү?

- Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэж буй. Тиймээс онцгой албан татварын хуулийг хойшлуулж өгөх саналыг гаргасан. Бид саналыг нь хүлээж аван хоёр ч удаа хойшлуулсан. Засгийн газраас үргэлж хүндэтгэлтэй хандаж байгаа. Үнэ тогтворжуулах ажлыг Засгийн газраас удаа дараа хийж ирсэн.

- Та Рио Тинто компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэж шүүмжилж байгаа. Тухайлбал, тодорхой ямар үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ?

- Рио Тинто компани хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал,монголчуудын тавьсан нүүрс тээврийн замаар Оюутолгой компанийн машин давуу эрхтэй явж байна. Мөн ачаа бараагаа тээвэрлэх замын асуудлаа шийдэх ёстой. Төмөр зам болон авто замаар тээвэр хийх боломжтой, гэтэл замын асуудлаа шийдэхгүй байна. Цахилгаан эрчим хүч импортлох станц байгуулах ёстой. Гэтэл жилд 140-150 сая доллараар гаднаас эрчим хүч импортоор авсаар байна. Энэ нөхдүүд зэс боловсруулах үйлдвэр байгуулж, Ханбогд сумыг хот болгох ёстой. Гэтэл энэ бүх үүргээ биелүүлэхгүй байна. Зэсийн үнэ өссөөр байна. Энэ өсөлтөөс монголчуудад юу ногдох вэ? энэ мэт олон асуудал байна. 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи татсан уу

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон шуугиан дагуулсан хэргүүдэд АТГ хэрхэн ажилласан талаар тайлан мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд хэд хэдэн хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн талаар онцолсон юм.  Тодруулбал, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи татдаг гэсэн мэдээлэл ирсэн гэв.  

14 хоног шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд тохиролцов

Өнөөдөр Уул уурхайн яаман дээр шатахууны үнийг нэмэх үү эсвэл өөр арга хэмжээ авах уу гэж Шатанхууны үнийн зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн хурлаар шатахуун импортлогчдыг шалгах, үнийн тал дээр бодит судалгаа хийх шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийн нэмэгдлийн талаарх судалгааг явуулж, Үнийн зөвлөлд танилцуулах үүрэг хүлээсэн байна. 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан тохиролцжээ.

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.

LIVE: АТГ: Г.Баасанг шүүхэд өгнө

АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан АТГ-аас яг одоо мэдээлэл хийж байна. Live энд дарж үзнэ үү. 

Г.Номуундарь болсон хэргийн талаар мэдүүлэг өгнө

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь эрх бүхий албан тушаалтны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ болон хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Г.Номуундарийг энэ долоо хоногт дуудаж мэдүүлэг авахаар болсон байна. Хэргийг  Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгаж байгаа аж.

"Очир төв" зочид буудалд амиа алдсан охины хэргийг шүүхэд шилжүүлжээ 

Өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн 21-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Уг хэрэгт холбогдуулан 19-20 насны Д.Жавхлан, Э.Амарболд нарыг саатуулан шалгасан бөгөөд  тэдэнд хүчиндэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Цогцост хийсэн задлан шинжилгээгээр охины биеэс эр бэлгийн эс илэрсэн, архины цочмог хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарчээ. Харин эл дүгнэлтийг талийгаач охины ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй, дахин задлан шинжилгээ хийлгэж, хэргийг нь мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл