8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Баттөр: Элчин сайд нараа томилж чадахгүй байгаа нь гадаад харилцаанд гажиг үүссэнийг илтгэж байна

Сэтгүүлч Т.Хулан
2018-01-10 09:35:00

Гадаад харилцааны яам нь Монголын төлөө ажилладаг байгууллага биш болсон 

Гадаад харилцааны салбар дахь зарим асуудлаар МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн багш, дэд профессор, доктор Ж.Баттөртэй ярилцлаа.  

- Канад, АНУ, Япон зэрэг оронд суух Элчин сайдын томилгоо Ерөнхийлөгчийн түвшинд гацчихаад байна. Элчин сайд нараа томилж чадахгүй гацааж буй нь эдгээр оронтой харилцах манай улсын гадаад бодлогод ямар сөрөг нөлөөтэй вэ.  Тус улсууд бидний энэ байдлыг хэрхэн харж байгаа бол?

- Ганц Ерөнхийлөгчөөс эсвэл Засгийн газар, УИХ-аас болсон асуудал гэж харахгүй байгаа. Гадаад харилцааны яаманд улс төрчдийг ажиллуулдаг болсны ГАЙ гарч ирж байна. Аливаа улс дипломат албандаа маш анхаарал, болгоомжтой ханддаг. Тухайлбал, гадаад харилцааг маш сайн мэдэх хоёр улсын харилцааг яаж ийж байгаад хөгжүүлж өндөр түвшинд хүргэж чадах  хүнээ дипломат албандаа ажиллуулдаг. Цаашлаад хэлний чадавх, ажлын туршлага гэх мэт олон шалгуурыг хангасан хүнээ ажиллуулдаг юм. Жинхэнэ төр улс, ард түмнийхээ төлөө зүтгэдэг хүнээ дипломат албандаа ажиллуулдаг. Дээрх бүгдээс хамгийн чухал чанар нь өөрийгөө харуулж чадах өндөр чадвар. Боловсрол, биеэ авч явах байдал, хүмүүстэй харилцах харилцааны хувьд маш өндөр түвшинд боловсрогдсон хүн ажиллах ёстой тусгай, онцгой салбар бол гадаад харилцааны  салбар юм.Харамсалтай нь манай  УИХ-д улс төрчдийн хүүхдүүд болон ойр дотны хүмүүс нь гишгэх зайгүй чигжсэн байна. Гадаад харилцааны яаманд ч ялгаагүй улс төрчдийн хүүхдүүд л орж ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Элчин сайдаар томилогдож буй хүмүүсийн ихэнх нь УИХ-ын гишүүдийн хамаатан садан, ойр дотны хүмүүс гэдгийг бид мэднэ. Нөгөөтэйгүүр Элчин сайдад нэр дэвшиж буй зарим хүний нас хэт залуу байна.  Залуу хүнийг Элчин сайдаар томилохгүй гэх хуульгүй ч энэ нь ямар нэгэн шат дамжлагыг алгасаж байна гэсэн үг юм. Дипломат алба гэдэг бол цэргийн цолтой л ижил зүйл юм. Өөрөөр хэлбэл, сургуулиа дөнгөж төгссөн хүнийг генерал цолтон болгодоггүй биз дээ. Дипломат алба ч үүнтэй ижил.

Тодорхой хэмжээнд нас,  мэдлэг, зүрх сэтгэл нь тогтсон хүн л энэ албанд очих ёстой юм. Маш их ухаан, билэг авъяасаар төрийн хар хайрцагны бодлогыг авч явна. Чингис хаан төрийн алтан аргамж гэж хэлсэн байдаг. Тэгэхээр дипломат ажил бол маш ухаантай хүний хийх ажил юм. Гэтэл манай улсад энэ чанар алдагдчихсан. Харин нам, бүлэглэл өөрийн хүнээ энэ албанд томилуулдаг болсон байна. Сонгуульд ялсан намынхан найз нөхөд, хамаатан садан, ах дүүгээ гадаад яаманд ажиллуулдаг болсон байна. Шулуухан хэлэхэд, Гадаад харилцааны яам Монгол улсын төлөө зүтгэдэг байгууллага биш болсон. Шилдаг ажилтнууд бус аль нэг нам, бүлэг фракцын арын хаалганы мөнгөний томилгооны хүмүүс л ажилладаг болсон. Үүнийг бид засах ёстой. Элчин сайдаар суух гэж буй хүмүүсээ Засгийн газрын хуралдаанаар шууд болиулж оронд нь УИХ-ын гишүүдийн хамаатнуудыг томилсон жишээ  өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан шүү дээ. Хэн арын хаалгатай, мөнгөтэй, эрх мэдэлтэй хбайна тэр хүн Элчин сайд болдог болсон байна.  Элчин сайдын яамд нь улсаас цалин аваад амарч байдаг амралтын газар болж хувирсан. Ийм гажигүүд бий болчихжээ. Энэ гажигууд маань өнөөдөр янз бүрийн хэлбэрээр илэрч буйн жишээ нь энэ юм. Өнөөдөр үүсээд буй Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудал нь гуравхан хүний асуудал биш ээ. Ер нь энэ байгууллагад маш том өөрчлөлт хийх шаардлага бий болсныг харуулж байна. Хэрвээ энэ ужиг даамжирсаар байвал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрнэ гэж санаа зовдог.

- Таны хэлсэн энэ гажигууд үндэсний аюулгүй байдалд хэрхэн сөргөөр нөлөөлнө гэж харж байна вэ?

- Аль нэг орны олон жил ажилласан маш чадвартай хүмүүстэй Монголоос очсон залуухан хүү хамтарч ажиллахад туршлага, мэдлэг дутна. Тэр залуу үндэсний эрх ашгаа хамгаалж чадах уу. Ийм л байдал руу бид орчихоод засч чадахгүй байна. Гадаад харилцааны салбарыг улс төрчдөөс холдуулахгүй бол байдал улам л дордоно. Энэ салбарыг нь бие даалгаад ном журмынх нь дагуу ажиллуулж, хөгжүүлэх ёстой.

Гэмт хэрэгт нэр холбогдсон эсвэл арын хаалганы нөхдүүд энэ салбар руу дайрсаар байвал гадаад харилцааны салбар мөхөж байна гэж ойлгох хэрэгтэй.

Монгол шиг хоёр хөрштэй, цөөн хүн амтай жижиг улсад гадаад харилцаа маш чухал учраас Чингис хаан төрийн алтан аргамжаа гэж хэлсэн. Энэ салбарт үүсэн олон гажиг нь илэрч гарч ирээд байна. Яг л өвчний шинж тэмдэг шиг. Тэгэхээр гадаад харилцааны салбараас улс төрчдийг яаралтай холдуулах ёстой.  Мэргэжлийн хүмүүсийг л ажиллуулах хэрэгтэй. Хэн нэгэн эрх мэдэлтний тусламжтайгаар албан тушаалд очиж буй хүмүүст энэ салбар их гоё бас амархан харагдаад байгаа юм.

- Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харахад Ерөнхийлөгч нь эсэргүүцээд байгаа хүмүүсийг Засгийн газар нь зүтгүүлсэн дүр төрхтэй л байна. Нэгэнт Ерөнхийлөгч тэдгээр хүмүүсийг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн юм бол Засгийн газраас яаралтай дараагийн хүнээ санал болгоод ажиллах ёстой юм биш үү. Нэг нь зүтгүүлж нөгөө нь гэдийсэн байдалтай байж болно гэж үү?.

- Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь гадаад харилцаанд үүсээд буй гажигийг засах боломж байж мэдэх юм. Гадаад харилцааны салбар бол хуйвалдаад, тохиролцоод явдаг газар биш. Намын ажил биш төрийн ажил. Төрийн ажил дотроо онцгой салбар шүү дээ. Энэ бол үндэсний эрх ашгийг дээд зэрэгт тавьдаг түүнийхээ төлөө ажилладаг хүний ажиллах ёстой газар.

- Гэтэл Ерөнхийлөгч энэ онцгой салбараа улс төржүүлээд байна гэх шүүмжлэлийг олон нийт хэлж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч болсныхоо дараа Англи улсад Элчин сайдаар сууж байсан С.Баярыг эгүүлэн татлаа. Одоо хэд, хэдэн оронд Элчин сайдаар суух хүний томилгооны асуудлыг гацаагаад байна?

- Энэ бол маш хэл амтай сэдэв. С.Баяр нь оффшорт хөрөнгөтэй, АНУ-д их хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх зэрэг мэдээлэлд нэр холбогдсон.  Гэхдээ С.Баяр өөрөө энэ бүх мэдээллийг үгүйсгэдэг. Тэгэхээр С.Баяр өөрийгөө буруугүй гэдгээ нотлох л хэрэгтэй юм. Ерөнхийлөгчийн шийдвэрийг би ярих хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал Монголын гадаад харилцаанд үүссэн гажиг л юм. Тэгэхээр бид холбогдох хууль журмаа маш тодорхой болгох ёстой. Элчин сайдад ямар хүн явах ёстой гэдэг шалгуураа тодорхой болгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд гадаад бодлогодоо томоохон алдаа гаргасны уршиг нь энэ. Мөн улс төрчдийн талцал гадаад харилцаанд нөлөөлөөд байна шүү дээ.

Манайх шиг хөгжиж буй жижиг улс нь Элчин сайдын яамандаа технологийн мэргэжилтнийг зайлшгүй ажиллуулах ёстой 

- Тэгвэл Элчин сайдад ямар мэргэжил, мэдлэг боловсролтой,  хэдэн настай, ажлын ямар туршлагатай хүн томилох ёстой юм бэ. Ямар шалгуур тавих ёстой юм бол?

- АНУ-д бүх иргэн нь дипломатжуулахад нээлттэй байдаг.Тавьсан шалгуур, шалгалтад тэнцсэн хүн Элчин сайдаар ажиллах боломжтой гэсэн үг. Заавал гадаад харилцааны мэргэжилтэй байх ёстой гэж хатуу заадаггүй. Тэр хүн ажлаа сайн хийвэл ахиж дэвших боломжтой. Энэ бол АНУ-ын хувилбар. Харин Хятад, Оросын хувьд гадаад харилцааны яаманд ажиллаад мэргэшсэн хүнийг ажиллуулахыг илүүд үздэг.

Нэг улс, бүсээр мэргэшсэн хүнийг томилдог. Өөрөөр хэлбэл нэг чиглэл рүү анхааруулдаг гэсэн үг. Шалгуур өндөртэй. Харин манай улс АНУ-аас тэс өөр байгаа юм. Японы хувьд Элчин сайдуудаа нэг улсаар мэргэшүүлдэг. Японоос Монголд суух Элчин сайд болон ажилтнууд нь Монгол хэлтэй. Монголын түүх, улс төр, урлаг соёлыг нэвт шувт мэддэг. Тэр битгий хэл зарим нь дээрх чиглэлүүдээр эрдмийн зэрэг цол хамгаалчихсан байдаг. Харин манай улсын хувьд маш ойлгомжгүй хувилбартай. Богд хаант Монгол улсаас 1990 оны хувьсгал хүртэлх тогтсон арга хэлбэрээ халсан. Тодруулбал, хэдэн үеэрээ улс орныхоо төлөө зүтгэж ирсэн мэргэжлийн хүмүүсийн үр хүүхдүүдийг ихэвчлэн Элчин сайдаар томилдог байсныг болиулсан. Түүний оронд МАНАН-д нөлөөтэй хүн  Элчин сайдаар ажилладаг болсон. Тэгэхээр бид одоо Япон эсвэл АНУ-ын хувилбарыг нэвтрүүлэх хэрэгтэй. Эсвэл бүр уламжлалт хувилбараа сэргээх ёстой юм. Миний бодлоор манай уламжлалт хувилбар хамгийн сайн нь.

- Бас нэгэн хүндрэлтэй зүйл байна. Тухайлбал, өнөөдөр аль улсад хэн гэдэг Элчин сайд ажиллаж буй  нь мэдэгддэггүй болсон байна. Тэр хүн тэнд юу хийгээд байгаа нь ч ойлгомжгүй байх жишээтэй. Хамгийн энгийн ажил болох вэб сайтынхаа мэдээллийг гурван жил шинэчлээгүй Элчин сайдын яам байна шүү дээ. Ер нь Элчин сайд хүн аль нэгэн оронд очоод ямар үүрэг хариуцлагатайгаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Эх орноо гэх чин сэтгэлтэй хүний хийх ажил бол Элчин сайд. Манайх шиг хөгжиж буй жижиг улс нь Элчин сайдын яамандаа технологийн мэргэжилтнийг зайлшгүй ажилуулах ёстой гэж би боддог. Тухайн улсаас  Монголд тохирсон технологийг нэвтрүүлэх хэрэгтэй шүү дээ. Харин Элчин сайд нь тус улсаас өөрийн улс руу хөрөнгө оруулалтыг татах ёстой.Хятад улс энэ шаардлагыг тавьдаг. Элчин сайд нь хөрөнгө оруулалт татаж чадахгүй бол маш хурдан эгүүлэн татдаг. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж чадахгүй байна гэж үздэг юм. Харин манайхан энэ чиглэлийн ажлыг хийдэггүй. Хөрөнгө оруулалт татсан маш цөөн тохиолдолд гарч байсан санагдаж байна.

Бид энд гадаад бодлогыг хэрхэн явуулах талаар заагаад л байдаг. Гэтэл тэнд улс төрчид гадаад бодлогын талаар энгийн мэдлэггүй байна шүү дээ.

- Манайх зарим улс дахь Элчин сайдын яамдаа татан буулгасан. Үүнийг зарим хүн эдийн засагт нэмэр болно гэж ярьж байсан ч удаатай. Элчин сайдын яамдаа татан буулгах нь зөв үү?

- Ядаж нэг хүнтэй төлөөлөгчийн газартай байх ёстой. Ганц хүний цалинг Монгол улс өгч чадна биз дээ. Аль болох өргөн хүрээнд хамтын ажиллагаа явуулах ёстой. Ялангуяа хөгжил хурдантай оронтой хамтын сайн ажиллагаатай байх ёстой юм. Монгол хүн олноор амьдарч байгаа газрыг илүү сайн баримжаалах ёстой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо эхний хэдэн жилд Өмнөд Солонгост айлчлаагүй. Өмнөд Солонгост 40 мянган Монгол иргэн амьдарч байхад тийшээ анхаарлаа хандуулахгүй байсан. Уг нь тэнд очиж иргэдийнхээ үгийг сонсох ёстой. Харин монголчууд цөөн байдаг улсуудад айлчилж байсан. Тэр бүү хэл 10 хүрэхгүй монгол иргэн амьдардаг Хойд Солонгост айлчилсан. Би гайхсан. 

Гадаад харилцааны салбараас улс төрчдийг яаралтай холдуулах ёстой 

- Одоо бид гадаад харилцааны салбараа өөд нь татахын тулд нэн тэргүүнд ямар ажлыг хийх ёстой юм бэ?

- Аливаа улсууд гурван зүйлд анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээрт, манай улс шиг  парламентын гишүүддээ хэт их эрх, ямба өгдөг орон байдаггүй юм байна. Учир нь энэ их аюултай зүйл юм. Өндөр хөгжилтэй орнууд парламентын гишүүнээ эгүүлэн татдаг. Албан тушаалаас нь огцруулдаг. Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон, авлигатай холбоотой хэрэгт нэр холбогдсон, албан тушаалаа урвуулан ашиглаж тодорхой ажилд шууд ба шууд бусаар замаар нөлөөлсөн бол албан тушаалаас нь хөөдөг. Мөн жигшүүртэй үйлдэл хийсэн бол хөөгдөнө. Эр эмийн ёс бус харилцаанд нэр холбогдсон бол хөөнө гэсэн үг. Өмнөх парламентад ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Зоригт бараг л порно зураг олон нийтийн сүлжээнд тарааж байсан шүү дээ. Иймэрхүү нөхдүүдийг хөөдөг. Мөн худал амлалт өгч иргэдийг залилан мэхэлсэн бол дээрх арга хэмжээг авдаг. Үүнийг л бид хуулиндаа хуульчилах хэрэгтэй юм. Зарим улсад парламентын гишүүний эрх ямба гэж байдаггүй. Гишүүд нь жирийн иргэдтэйгээ адил эрх эдэлдэг. Харин зарим нь парламентын хуралдааны үеэр эрх ямба эдлүүлээд бусад цагт нь жирийн иргэний нэгэн адил болгодог. Тэгэхээр манайх гадны улс орнуудын энэ системийг нэвтрүүлэх ёстой. Манай улс бол дөрвөн жилээр эрх ямбатай байлгаж байна. Тийм болохоор УИХ-ын гишүүд дөрвөн жилийн хугацаанд гэмт хэргээ нуух, дарагдуулах аюултай байгаад байна. Үүнийг засах ёстой. Хамгийн гол нь гадаад харилцааны салбараас улс төрчдийг холдуулах ёстой. 

- Энэ их улс төржилт гадны орнуудаас хөрөнгө оруулалт татах томоохон бүтээн байгуулалтын ажлыг өөр улсуудтай хамтарч явуулахад ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж та харж байна вэ?.

- Жижиг төслүүд компани хоорондын түвшинд явагдчихдаг. Харин мега төслүүд огт урагшлахгүй байна.  

Тавдугаар цахилгаан станц, төмөр зам гээд том төслүүд өнөөдөр ажил болж чадсангүй. Энэ бол Монголд шийдвэр гаргаад түүнийгээ хэрэгжүүлж чадах эрх мэдэл бүхий сүбьект байхгүйтэй холбоотой.

Хятад, Орос улс том бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай явуулаад буйн цаад учир нь шийдвэр гаргадаг хүн нь тодорхой байгаатай холбоотой. Ерөнхийлөгч нар нь шийдвэр гаргавал хэрэгжүүлээд явах үүрэгтэй учраас ажил нь сайн урагшилдаг. Ганц Ерөнхийлөгчөө сонгох шүүлтүүр нь их нарийн байдаг. Харин манайд нэг хүний эхлүүлсэн ажлыг дараагийнх нь гарч ирээд зогсоодог. Энэ байдлаар бид хэзээ ч хөгжихгүй. Орос, Хятад манайхыг тойруулаад зам тавиад байна. Энэ улсуудын судлаачид “Танай улсад ажил хийхэд найдваргүй. Ажил нэг л өдөр зогсож мэднэ” гэж ярьдаг. Тэгэхээр бид тодорхой эзэнтэй бас төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой. Тодорхой эзэнгүй улсууд сөнөж байна. Африкийн улсууд болон Сири энэ байдлын золиос болсон. Азиас Тажикстан, Киргиз, Узбек сүүлийн үед Монголын нэр нэмэгдээд байна. Энэ гажигийг л засах ёстой юм. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Маш тодорхой тайлбарлажээ.цэрэгт яваагүй байж генарал болох гээд нэрээ татах ухамсар алгуу???
2018/01/10 103.229.123.194
Иргэн
Тэгэхээр улсынхаа төлөө чин сэтгэлээр зүтгэдэг гол шалгуурыг харах ёстой юм. Өөрөөр хэлбэл ҮЕР киноны хэл устай Молом занги бус Болд өвгөн шиг л хүн баймаар юм.
2018/01/10 202.9.42.213
өөөө
Мундаг ярьжээ улс төрчид нь энэ ярилцлагыг уншаасай
2018/01/10 103.9.90.53
Үнэн хэлжээ
Юун төлөө ОУХДС гэж байлаа, ГХЯ нд маш сайн гадаад хэлүүдтэй мэргэжлийн дипломат хүн ажиллах ёстой бтал арын хаалгаар юу ч мэдкү банди нар консул хийж бн ичгэвтэр. Хэн дуртай нь сайд болоол ичмээр!!!
2018/01/10 202.9.43.238