Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар тус байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус байнгын хороонд иргэд хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар болонАгаарын бохирдол түүний хор уршигийн талаарх өргөдөл гомдлыг олноор ирүүлсэн байна.
Татвар нэмсэнийг эсэргүүцэн 1451 өргөдөл иржээ
Хувь хүний орлогын албан татвар тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зарим байгууллагуудын үйлдвэрчний эвлэлээс албан бичгээр болон urgudul.parliament.mn цахим хаягаар иргэдээс 1451 өргөдөл ирүүлжээ. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар 10, 15, 20, 25 хувийн албан татвар ногдуулахаар болсныг эсэргүүцэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүссэн байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Өргөдлийн байнгын хорооноос судалж байна.
Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурорт ханджээ
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой маш их гомдол, санал Өргөдлийн байнгын хороонд иржээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу судлан үзээд шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Т.Хулан