-26o
Улаанбаатар хот
mobile menu

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэм

2018-01-10 17:35:00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудал хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн танилцуулав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт олгох газрын хилийн зааг, талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд уг газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй болохыг дэд сайд танилцуулгадаа дурдлаа. Мөн Улсын Их Хурлаас уг тогтоолын төслийг баталсны дараа Засгийн газар Газрын тухай хууль тогтоомжид заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газартай газар ашиглуулах гэрээ байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэллээ.

Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй.

Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 6 нь буюу 60 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment