8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Эрдэнэт"-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Г.Номуундарь охины өмгөөлөгчид хэргийн талаар мэдээлэл өгсөн өдөр

2018-01-10 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Ж.Баттөр: Элчин сайд нараа томилж чадахгүй байгаа нь гадаад харилцаанд гажиг үүссэнийг илтгэж байна

Гадаад харилцааны салбар дахь зарим асуудлаар МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн багш, дэд профессор, доктор Ж.Баттөртэй ярилцлаа.  

- Канад, АНУ, Япон зэрэг оронд суух Элчин сайдын томилгоо Ерөнхийлөгчийн түвшинд гацчихаад байна. Элчин сайд нараа томилж чадахгүй гацааж буй нь эдгээр оронтой харилцах манай улсын гадаад бодлогод ямар сөрөг нөлөөтэй вэ.  Тус улсууд бидний энэ байдлыг хэрхэн харж байгаа бол?

- Ганц Ерөнхийлөгчөөс эсвэл Засгийн газар, УИХ-аас болсон асуудал гэж харахгүй байгаа. Гадаад харилцааны яаманд улс төрчдийг ажиллуулдаг болсны ГАЙ гарч ирж байна. Аливаа улс дипломат албандаа маш анхаарал, болгоомжтой ханддаг. Тухайлбал, гадаад харилцааг маш сайн мэдэх хоёр улсын харилцааг яаж ийж байгаад хөгжүүлж өндөр түвшинд хүргэж чадах  хүнээ дипломат албандаа ажиллуулдаг. Цаашлаад хэлний чадавх, ажлын туршлага гэх мэт олон шалгуурыг хангасан хүнээ ажиллуулдаг юм. Жинхэнэ төр улс, ард түмнийхээ төлөө зүтгэдэг хүнээ дипломат албандаа ажиллуулдаг. Дээрх бүгдээс хамгийн чухал чанар нь өөрийгөө харуулж чадах өндөр чадвар. Боловсрол, биеэ авч явах байдал, хүмүүстэй харилцах харилцааны хувьд маш өндөр түвшинд боловсрогдсон хүн ажиллах ёстой тусгай, онцгой салбар бол гадаад харилцааны  салбар юм. Харамсалтай нь манай  УИХ-д улс төрчдийн хүүхдүүд болон ойр дотны хүмүүс нь гишгэх зайгүй чигжсэн байна. Гадаад харилцааны яаманд ч ялгаагүй улс төрчдийн хүүхдүүд л орж ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Элчин сайдаар томилогдож буй хүмүүсийн ихэнх нь УИХ-ын гишүүдийн хамаатан садан, ойр дотны хүмүүс гэдгийг бид мэднэ. Нөгөөтэйгүүр Элчин сайдад нэр дэвшиж буй зарим хүний нас хэт залуу байна.  Залуу хүнийг Элчин сайдаар томилохгүй гэх хуульгүй ч энэ нь ямар нэгэн шат дамжлагыг алгасаж байна гэсэн үг юм. Дипломат алба гэдэг бол цэргийн цолтой л ижил зүйл юм. Өөрөөр хэлбэл, сургуулиа дөнгөж төгссөн хүнийг генерал цолтон болгодоггүй биз дээ. Дипломат алба ч үүнтэй ижил.

Тодорхой хэмжээнд нас,  мэдлэг, зүрх сэтгэл нь тогтсон хүн л энэ албанд очих ёстой юм. Маш их ухаан, билэг авъяасаар төрийн хар хайрцагны бодлогыг авч явна. Чингис хаан төрийн алтан аргамж гэж хэлсэн байдаг. Тэгэхээр дипломат ажил бол маш ухаантай хүний хийх ажил юм. Гэтэл манай улсад энэ чанар алдагдчихсан. Харин нам, бүлэглэл өөрийн хүнээ энэ албанд томилуулдаг болсон байна. Сонгуульд ялсан намынхан найз нөхөд, хамаатан садан, ах дүүгээ гадаад яаманд ажиллуулдаг болсон байна. Шулуухан хэлэхэд, Гадаад харилцааны яам Монгол улсын төлөө зүтгэдэг байгууллага биш болсон. Шилдаг ажилтнууд бус аль нэг нам, бүлэг фракцын арын хаалганы мөнгөний томилгооны хүмүүс л ажилладаг болсон. Үүнийг бид засах ёстой. Элчин сайдаар суух гэж буй хүмүүсээ Засгийн газрын хуралдаанаар шууд болиулж оронд нь УИХ-ын гишүүдийн хамаатнуудыг томилсон жишээ  өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан шүү дээ. Хэн арын хаалгатай, мөнгөтэй, эрх мэдэлтэй хбайна тэр хүн Элчин сайд болдог болсон байна.  Элчин сайдын яамд нь улсаас цалин аваад амарч байдаг амралтын газар болж хувирсан. Ийм гажигүүд бий болчихжээ. Энэ гажигууд маань өнөөдөр янз бүрийн хэлбэрээр илэрч буйн жишээ нь энэ юм. Өнөөдөр үүсээд буй Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудал нь гуравхан хүний асуудал биш ээ. Ер нь энэ байгууллагад маш том өөрчлөлт хийх шаардлага бий болсныг харуулж байна. Хэрвээ энэ ужиг даамжирсаар байвал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрнэ гэж санаа зовдог.

- Таны хэлсэн энэ гажигууд үндэсний аюулгүй байдалд хэрхэн сөргөөр нөлөөлнө гэж харж байна вэ?

- Аль нэг орны олон жил ажилласан маш чадвартай хүмүүстэй Монголоос очсон залуухан хүү хамтарч ажиллахад туршлага, мэдлэг дутна. Тэр залуу үндэсний эрх ашгаа хамгаалж чадах уу. Ийм л байдал руу бид орчихоод засч чадахгүй байна. Гадаад харилцааны салбарыг улс төрчдөөс холдуулахгүй бол байдал улам л дордоно. Энэ салбарыг нь бие даалгаад ном журмынх нь дагуу ажиллуулж, хөгжүүлэх ёстой. 

Гэмт хэрэгт нэр холбогдсон эсвэл арын хаалганы нөхдүүд энэ салбар руу дайрсаар байвал гадаад харилцааны салбар мөхөж байна гэж ойлгох хэрэгтэй.

Монгол шиг хоёр хөрштэй, цөөн хүн амтай жижиг улсад гадаад харилцаа маш чухал учраас Чингис хаан төрийн алтан аргамжаа гэж хэлсэн. Энэ салбарт үүсэн олон гажиг нь илэрч гарч ирээд байна. Яг л өвчний шинж тэмдэг шиг. Тэгэхээр гадаад харилцааны салбараас улс төрчдийг яаралтай холдуулах ёстой.  Мэргэжлийн хүмүүсийг л ажиллуулах хэрэгтэй. Хэн нэгэн эрх мэдэлтний тусламжтайгаар албан тушаалд очиж буй хүмүүст энэ салбар их гоё бас амархан харагдаад байгаа юм.

- Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харахад Ерөнхийлөгч нь эсэргүүцээд байгаа хүмүүсийг Засгийн газар нь зүтгүүлсэн дүр төрхтэй л байна. Нэгэнт Ерөнхийлөгч тэдгээр хүмүүсийг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн юм бол Засгийн газраас яаралтай дараагийн хүнээ санал болгоод ажиллах ёстой юм биш үү. Нэг нь зүтгүүлж нөгөө нь гэдийсэн байдалтай байж болно гэж үү?.

- Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь гадаад харилцаанд үүсээд буй гажигийг засах боломж байж мэдэх юм. Гадаад харилцааны салбар бол хуйвалдаад, тохиролцоод явдаг газар биш. Намын ажил биш төрийн ажил. Төрийн ажил дотроо онцгой салбар шүү дээ. Энэ бол үндэсний эрх ашгийг дээд зэрэгт тавьдаг түүнийхээ төлөө ажилладаг хүний ажиллах ёстой газар.

- Гэтэл Ерөнхийлөгч энэ онцгой салбараа улс төржүүлээд байна гэх шүүмжлэлийг олон нийт хэлж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч болсныхоо дараа Англи улсад Элчин сайдаар сууж байсан С.Баярыг эгүүлэн татлаа. Одоо хэд, хэдэн оронд Элчин сайдаар суух хүний томилгооны асуудлыг гацаагаад байна?

- Энэ бол маш хэл амтай сэдэв. С.Баяр нь оффшорт хөрөнгөтэй, АНУ-д их хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх зэрэг мэдээлэлд нэр холбогдсон.  Гэхдээ С.Баяр өөрөө энэ бүх мэдээллийг үгүйсгэдэг. Тэгэхээр С.Баяр өөрийгөө буруугүй гэдгээ нотлох л хэрэгтэй юм. Ерөнхийлөгчийн шийдвэрийг би ярих хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал Монголын гадаад харилцаанд үүссэн гажиг л юм. Тэгэхээр бид холбогдох хууль журмаа маш тодорхой болгох ёстой. Элчин сайдад ямар хүн явах ёстой гэдэг шалгуураа тодорхой болгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд гадаад бодлогодоо томоохон алдаа гаргасны уршиг нь энэ. Мөн улс төрчдийн талцал гадаад харилцаанд нөлөөлөөд байна шүү дээ.

МАНАЙХ ШИГ ХӨГЖИЖ БУЙ ЖИЖИГ УЛС НЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНДАА ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ЗАЙЛШГҮЙ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ 

- Тэгвэл Элчин сайдад ямар мэргэжил, мэдлэг боловсролтой,  хэдэн настай, ажлын ямар туршлагатай хүн томилох ёстой юм бэ. Ямар шалгуур тавих ёстой юм бол?

- АНУ-д бүх иргэн нь дипломатжуулахад нээлттэй байдаг. Тавьсан шалгуур, шалгалтад тэнцсэн хүн Элчин сайдаар ажиллах боломжтой гэсэн үг. Заавал гадаад харилцааны мэргэжилтэй байх ёстой гэж хатуу заадаггүй. Тэр хүн ажлаа сайн хийвэл ахиж дэвших боломжтой. Энэ бол АНУ-ын хувилбар. Харин Хятад, Оросын хувьд гадаад харилцааны яаманд ажиллаад мэргэшсэн хүнийг ажиллуулахыг илүүд үздэг.

Нэг улс, бүсээр мэргэшсэн хүнийг томилдог. Өөрөөр хэлбэл нэг чиглэл рүү анхааруулдаг гэсэн үг. Шалгуур өндөртэй. Харин манай улс АНУ-аас тэс өөр байгаа юм. Японы хувьд Элчин сайдуудаа нэг улсаар мэргэшүүлдэг. Японоос Монголд суух Элчин сайд болон ажилтнууд нь Монгол хэлтэй. Монголын түүх, улс төр, урлаг соёлыг нэвт шувт мэддэг. Тэр битгий хэл зарим нь дээрх чиглэлүүдээр эрдмийн зэрэг цол хамгаалчихсан байдаг. Харин манай улсын хувьд маш ойлгомжгүй хувилбартай. Богд хаант Монгол улсаас 1990 оны хувьсгал хүртэлх тогтсон арга хэлбэрээ халсан. Тодруулбал, хэдэн үеэрээ улс орныхоо төлөө зүтгэж ирсэн мэргэжлийн хүмүүсийн үр хүүхдүүдийг ихэвчлэн Элчин сайдаар томилдог байсныг болиулсан. Түүний оронд МАНАН-д нөлөөтэй хүн  Элчин сайдаар ажилладаг болсон. Тэгэхээр бид одоо Япон эсвэл АНУ-ын хувилбарыг нэвтрүүлэх хэрэгтэй. Эсвэл бүр уламжлалт хувилбараа сэргээх ёстой юм. Миний бодлоор манай уламжлалт хувилбар хамгийн сайн нь.

- Бас нэгэн хүндрэлтэй зүйл байна. Тухайлбал, өнөөдөр аль улсад хэн гэдэг Элчин сайд ажиллаж буй  нь мэдэгддэггүй болсон байна. Тэр хүн тэнд юу хийгээд байгаа нь ч ойлгомжгүй байх жишээтэй. Хамгийн энгийн ажил болох вэб сайтынхаа мэдээллийг гурван жил шинэчлээгүй Элчин сайдын яам байна шүү дээ. Ер нь Элчин сайд хүн аль нэгэн оронд очоод ямар үүрэг хариуцлагатайгаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Эх орноо гэх чин сэтгэлтэй хүний хийх ажил бол Элчин сайд. Манайх шиг хөгжиж буй жижиг улс нь Элчин сайдын яамандаа технологийн мэргэжилтнийг зайлшгүй ажилуулах ёстой гэж би боддог. Тухайн улсаас  Монголд тохирсон технологийг нэвтрүүлэх хэрэгтэй шүү дээ. Харин Элчин сайд нь тус улсаас өөрийн улс руу хөрөнгө оруулалтыг татах ёстой.Хятад улс энэ шаардлагыг тавьдаг. Элчин сайд нь хөрөнгө оруулалт татаж чадахгүй бол маш хурдан эгүүлэн татдаг. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж чадахгүй байна гэж үздэг юм. Харин манайхан энэ чиглэлийн ажлыг хийдэггүй. Хөрөнгө оруулалт татсан маш цөөн тохиолдолд гарч байсан санагдаж байна.

Бид энд гадаад бодлогыг хэрхэн явуулах талаар заагаад л байдаг. Гэтэл тэнд улс төрчид гадаад бодлогын талаар энгийн мэдлэггүй байна шүү дээ.

- Манайх зарим улс дахь Элчин сайдын яамдаа татан буулгасан. Үүнийг зарим хүн эдийн засагт нэмэр болно гэж ярьж байсан ч удаатай. Элчин сайдын яамдаа татан буулгах нь зөв үү?

- Ядаж нэг хүнтэй төлөөлөгчийн газартай байх ёстой. Ганц хүний цалинг Монгол улс өгч чадна биз дээ. Аль болох өргөн хүрээнд хамтын ажиллагаа явуулах ёстой. Ялангуяа хөгжил хурдантай оронтой хамтын сайн ажиллагаатай байх ёстой юм. Монгол хүн олноор амьдарч байгаа газрыг илүү сайн баримжаалах ёстой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо эхний хэдэн жилд Өмнөд Солонгост айлчлаагүй. Өмнөд Солонгост 40 мянган Монгол иргэн амьдарч байхад тийшээ анхаарлаа хандуулахгүй байсан. Уг нь тэнд очиж иргэдийнхээ үгийг сонсох ёстой. Харин монголчууд цөөн байдаг улсуудад айлчилж байсан. Тэр бүү хэл 10 хүрэхгүй монгол иргэн амьдардаг Хойд Солонгост айлчилсан. Би гайхсан. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАРААС УЛС ТӨРЧДИЙГ ЯАРАЛТАЙ ХОЛДУУЛАХ ЁСТОЙ 

- Одоо бид гадаад харилцааны салбараа өөд нь татахын тулд нэн тэргүүнд ямар ажлыг хийх ёстой юм бэ?

- Аливаа улсууд гурван зүйлд анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээрт, манай улс шиг  парламентын гишүүддээ хэт их эрх, ямба өгдөг орон байдаггүй юм байна. Учир нь энэ их аюултай зүйл юм. Өндөр хөгжилтэй орнууд парламентын гишүүнээ эгүүлэн татдаг. Албан тушаалаас нь огцруулдаг. Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон, авлигатай холбоотой хэрэгт нэр холбогдсон, албан тушаалаа урвуулан ашиглаж тодорхой ажилд шууд ба шууд бусаар замаар нөлөөлсөн бол албан тушаалаас нь хөөдөг. Мөн жигшүүртэй үйлдэл хийсэн бол хөөгдөнө. Эр эмийн ёс бус харилцаанд нэр холбогдсон бол хөөнө гэсэн үг. Өмнөх парламентад ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Зоригт бараг л порно зураг олон нийтийн сүлжээнд тарааж байсан шүү дээ. Иймэрхүү нөхдүүдийг хөөдөг. Мөн худал амлалт өгч иргэдийг залилан мэхэлсэн бол дээрх арга хэмжээг авдаг. Үүнийг л бид хуулиндаа хуульчилах хэрэгтэй юм. Зарим улсад парламентын гишүүний эрх ямба гэж байдаггүй. Гишүүд нь жирийн иргэдтэйгээ адил эрх эдэлдэг. Харин зарим нь парламентын хуралдааны үеэр эрх ямба эдлүүлээд бусад цагт нь жирийн иргэний нэгэн адил болгодог. Тэгэхээр манайх гадны улс орнуудын энэ системийг нэвтрүүлэх ёстой. Манай улс бол дөрвөн жилээр эрх ямбатай байлгаж байна.Тийм болохоор УИХ-ын гишүүд дөрвөн жилийн хугацаанд гэмт хэргээ нуух, дарагдуулах аюултай байгаад байна. Үүнийг засах ёстой. Хамгийн гол нь гадаад харилцааны салбараас улс төрчдийг холдуулах ёстой. 

- Энэ их улс төржилт гадны орнуудаас хөрөнгө оруулалт татах томоохон бүтээн байгуулалтын ажлыг өөр улсуудтай хамтарч явуулахад ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж та харж байна вэ?.

- Жижиг төслүүд компани хоорондын түвшинд явагдчихдаг. Харин мега төслүүд огт урагшлахгүй байна.  

Тавдугаар цахилгаан станц, төмөр зам гээд том төслүүд өнөөдөр ажил болж чадсангүй. Энэ бол Монголд шийдвэр гаргаад түүнийгээ хэрэгжүүлж чадах эрх мэдэл бүхий сүбьект байхгүйтэй холбоотой.

Хятад, Орос улс том бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай явуулаад буйн цаад учир нь шийдвэр гаргадаг хүн нь тодорхой байгаатай холбоотой. Ерөнхийлөгч нар нь шийдвэр гаргавал хэрэгжүүлээд явах үүрэгтэй учраас ажил нь сайн урагшилдаг. Ганц Ерөнхийлөгчөө сонгох шүүлтүүр нь их нарийн байдаг. Харин манайд нэг хүний эхлүүлсэн ажлыг дараагийнх нь гарч ирээд зогсоодог. Энэ байдлаар бид хэзээ ч хөгжихгүй. Орос, Хятад манайхыг тойруулаад зам тавиад байна. Энэ улсуудын судлаачид “Танай улсад ажил хийхэд найдваргүй. Ажил нэг л өдөр зогсож мэднэ” гэж ярьдаг. Тэгэхээр бид тодорхой эзэнтэй бас төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой. Тодорхой эзэнгүй улсууд сөнөж байна. Африкийн улсууд болон Сири энэ байдлын золиос болсон. Азиас Тажикстан, Киргиз, Узбек сүүлийн үед Монголын нэр нэмэгдээд байна. Энэ гажигийг л засах ёстой юм. 

Т.Баярхүү: Г.Баасангийн мэдээлэл АТГ-тай хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлэх вий

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар илт худал ташаа мэдээлэл тараасантай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүтэй ярилцлаа.

-Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан мэдээлэл хийхдээ АТГ зохион байгууллалтайгаар шуугиант хэргүүдэд саад учруулах, цаг хожих гэж арга саам хэрэглэж байна гэсэн мэдээлэл өгсөн. Үүнд ямар тайлбар хийх вэ. АТГ ийм үйлдэж гаргадаг гэсэн ойлголт олн нийтийн дунд бий боллоо?

-Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс өнөөдөр /өчигдөр/ байгууллагын үйл ажиллагаа илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэн. Худал ташаа мэдээлэл нийгэмд тарааж байна гэж АТГ-ын зүгээс үзэж байна. Яагаад гэвэл Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг.

Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна.

Г.Баасангийн хийсэн мэдээлэл АТГ хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлэх вий. АТГ-ын үлй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Манай байгууллагын зүгээс Г.Баасан гуайн хэлсэн шиг оффшор, авлига болон өөр бусад дуулиан, шуугиан дагуулсан хэргийг удаашруулах гэсэн үндэслэл, оролдлого байхгүй. АТГ өөрөө үүнийг таслан зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ ор үндэслэлгүй мэдээлэл. Харин зарим нэг хэргүүдэд мөрдөн байцаах, шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг удаашруулсан, удаашруулж байна гэх мэтээр нийгэм ойлгуулж байгаа нь харамсалтай. Г.Баасан ямар зорилготойгоор ажиллаж байгааг шалгуулна. Г.Баасан болон нэр бүхий хүмүүсийг шүүхэд өгнө. 

-Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас Г.Баасан асуухад “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэсэн гэж мэдээлэлдээ дурдсан. Энэ хэрэг яг ямар шатандаа яваа бэ?

-2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзсан. Уулзахдаа ганцаарчилж уулзъя гээд уулзсан байсан.

Тухайн үед Х.Энхжаргал дарга Г.Баасанд “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж хэлсэн байсан. Үүнийг нотлох баримт, нотолгоо бий.

-Ямар?

-Тухайн уулзалтын үеэр юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа.

-Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг АТГ-ын нэгдүгээр давхраас дээш гаргадаггүй. Орж гарахдаа байнга бичиг баримтаа шалгуулж, хяналтын дор ажилладаг, бидэнд хаалттай гэсэн. Олон нийтийн зөвлөл байгуулагдаад 4 сар гаруй болж байхад Х.Энхжаргал даргатай бараг уулзаагүй гэсэн агууллагатай зүйлийг Г.Баасан хэлсэн? 

- Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай. Үүний дагуу мэдээллээ олон нийтэд тодорхой цаг хугацааны давтамжтай хүргэдэг. Олон нийтийн зөвлөлд ч мэдээлэл өгч байгаа. АТГ-ын бүх давхар, булан тохой бүрт хяналтын камер ажиллаж байгаа. Энэ нь АТГ-ын аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулсан. 

-АТГ болон олон нийтийн зөвлөл хоёрын хамтарч ажиллах гэрээ, заалт гэж юу бий?

-Хамтарч ажиллах гэрээ гэж байхгүй.Хуульд заасны дагуу олон нийтийн зөвлөл ерөнхийлөгчийн зарилгаар томилогдсон. Ажиллах журмыг нь Монгол Улсын ерөнхийлөгч хангуулж ажлуулдаг.

-Хууль бусаар Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн  хяналтын дэд зөвлөлийн байгуулсан гэсэн. Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл хоёрын ялгаа, үндсэн чиг үүрэг юу вэ?

-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл бол тэс 2 өөр ойлголт. Үүнийг ялгаж, салгаж ойлгох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хангалттай мэдээлэл өгсөн.  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7.4-т, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.44.15-д тусгасан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил.  Г.Баасан даргын тэргүүлдэг Олон нийтийн дэд зөвлөлийг Ерөнхийлөгч сонгосон. 

-Олон нийтийн хяналтын дэд зөвлөлд ямар ямар хүмүүс багтаж байгаа вэ. Ямар шаардлагаар сонгож авсан вэ?

-Бид нар яамд дээр ажиллаж байхдаа олон нийтэд ил тод тендер зарлаж сонгож шалгаруулж авсан. Ямар нэг улс төрийн харьяалалгүй, нам бус эрх зүйч, төсөв санхүү, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийг сонгож авсан.

-Ярилцсанд баярлалаа.

С.Эрдэнэ: Засгийн газрыг огцруулж, УИХ-ын тараана

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүрх нарт өнөөдөр татварын нэмэгдэл, агаарын бохирдол, Үндсэн хуулийн асуудлаар ШААРДЛАГА хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцохдоо таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж амласан. Гэвч өнөөдрийг хүртэл амласан бүхнийхээ эсрэг бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдээ татварын дарамт, инфляци, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэнтэй адилтгаж болох үйлдэл юм” гэлээ.

МАН ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрийдлээр татвар нэмж байгаа учраас зарим татвараа эргэж харах хугацаатай буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой хариу өгөх тухай шаардлагад тусгажээ. Хэрэв Ардчилсан намынхны шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, жагсаал цуглаан зохион байгуулна гэж тэд мэдэгдэв. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ын тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлнэ гэдгээ мөн энэ үеэр мэдэгдлээ. 

Тэдний шаардлагыг хүргэе. 

1. Татварын асуудлаар:

“Бид чадна” хэмээн амлаж байсан МАН-ын Засгийн газар Олон Улсын Валютын Сангаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг Ардчилсан нам шаардаж байна.

 "Мэргэжлийн", "Ардын" гэх нэршилтэй Засгийн газрууд манай улсын эдийн засаг сэргэж, экспортын орлого нэмэгдлээ гэж удаа дараа мэдэгдсэн атлаа  аж ахуй нэгжийн үйл ажиллагааг боомилсон, иргэдийн бүсийг чангалсан шийдвэрүүдийг удаа дараа гаргалаа.

Эрх баригчид өөрсдийн тансаг зардлаа хумихын оронд хялбар зам сонгон, олон төрлийн татвараар дамжуулан ард иргэдийн халаасыг ухах харгис бодлого хэрэгжүүлснээр дараах хүндрэлүүд үүсч эхэллээ.

Үүнд:

 а/ Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.

б/ Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.

в/ Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

г/ Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.

д/ Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,

Ардчилсан нам эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд ард түмний нуруунд ачааны хүндийг үүрүүлэх бус, албан тушаалтнуудынхаа зардлыг танах, бонд босгож ажлын байрыг нэмэгдүүлж ажилласныг Монголын ард түмэн мартаагүй.

 2. Агаарын бохирдлын асуудлаар:

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар МАН-ын удирдлага “бид дорвитой ажил хийж чадахгүй”, Танай Засгийн газрын гишүүн "утаа ихэссэн нь үнэн ч хортой нөлөө нь багассан” зэргээр мэдэгдэж, ард түмнийг илтэд доромжилж байна.

Агаарын бохирдлын улмаас нэмэгдэж буй өвчлөлүүд, жирэмсний хүндрэлүүд, амьгүй ураг, өндөр настан, хүүхдийн өвчлөлүүд иргэдийг улам туйлдуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс та бүхэнд анхааруулж, “онц байдал” зарлахыг уриалсан. Гэвч эрх баригчид өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдийсээр байна.

Иймээс дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Үүнд:

  а/ Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,

 б/ Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.

 в/ Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,

 г/ Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

 д/Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар агаарын бохирдлын улмаас зөвхөн Улаанбаатар хотод жилд 3700 хүн амь насаа алдаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон чанарын үзүүлэлтээс 25 дахин их байгаа нь хүн амьдрах боломжгүй гэдгийг нотолж байна.

Агаарын бохирдол, утааг багасгах нэрийдлээр үр дүнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нэрээр их хэмжээний мөнгө халаасалсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцохыг бас давхар анхааруулъя.

3.Үндсэн хуулийн асуудлаар:

 Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг билээ.

 Харамсалтай нь МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгааг доорх шалтгаануудын улмаас эсэргүүцэж байна.

а/ 60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.

б/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.

в/ Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,

г/ Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “ард нийтийн санал асуулга”-ыг явуулан хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ.

Улсын Их Хурлын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, Улсын Их Хурлыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ард түмнийхээ халаасыг гөвж Төр нь “амь зууна” гэдэг гутамшиг. Ардчилсан нам үндэсний болоод ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ард түмний оролцоотойгоор хяналтаа хэрэгжүүлнэ.

С.Жавхлан: Төрийн ордон гадагшаа ч юм гаргадаггүй, гаднаас ч юм оруулдаггүй хар хорхойнуудын үүр болчихжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш, нөгөөдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байсан ч түүнд хэлэлцүүлгээ явуулах заал танхим гаргаж өгөөгүй байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийв.

Тэрбээр “Улсын их хурал уу, Улсын их задрал уу” гэх нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулах танхимын туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн албан бичиг надад иржээ. УИХ-ын Тамгын газрын дүрмийг бид судаллаа. Гишүүдийн санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй гэж байна. С.Жавхлангийн хувьд ийм айхтар хаалт, боолтонд амьдарч байна. Хэлэлцүүлэгтээ урьсан хүмүүсийн дунд Ерөнхий сайд асан С.Бямбасүрэн гуай, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров, намуудын төлөөлөл, судлаачид, "Эрдэнэт үйлдвэр"-ийн цалингийн татвартай холбоотой мэдэгдэл хийсэн хүмүүс байгаа юм. 

Саяхан Б.Хурцын асуудалтай холбоотойгоор Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж болоод л байсан шүү дээ. Тиймээс УИХ-ын Тамгын газар гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд явуулж байгаа хэлэлцүүлгийг хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэсэн албан бичгийг сэтгүүлчид та бүхний өмнө гарын үсгээ зураад хүргүүлж байна” гэв.

Мөн тэрбээр “Төрийн ордон гадагшаа ч юм гаргадаггүй, гаднаас ч юм оруулдаггүй хар хорхойнуудын үүр болчихжээ. Маш гоё гэрэл гэгээтэй залуусыг урихаар энэ хүмүүсийг ордон руу оруулахгүй гэж байна. Энэ задарсан гишүүдийн талаар үнэлэлт дүгнэлт өгч, Төрийн ордонд яагаад хэлэлцүүлэг зохион байгуулж болдоггүй юм бэ" гэж байв.

ШУУРХАЙ: "Эрдэнэт"-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх тадаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийх аж.  Үндсэндээ 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Дараа нь энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэх юм байна.

LIVE: Г.Номуундарийн өмгөөлөгчид мэдээлэл хийж байна

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь эрх бүхий албан тушаалтны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ болон хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл гарсан билээ.Тэгвэл яг одоо Г.Номуундарийн өмгөөлөгч нар мэдээлэл хийж байна. Бичлэгийг энд дарж үзнэ үү.  

Б.Хурцтай холбоотой гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлжээ

Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар тус байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус байнгын хороонд иргэд хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар болонАгаарын бохирдол түүний хор уршигийн талаарх өргөдөл гомдлыг олноор ирүүлсэн байна. 

Татвар нэмсэнийг эсэргүүцэн 1451 өргөдөл иржээ 

Хувь хүний орлогын албан татвар тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зарим байгууллагуудын үйлдвэрчний эвлэлээс албан бичгээр болон urgudul.parliament.mn цахим хаягаар иргэдээс 1451 өргөдөл ирүүлжээ. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар 10, 15, 20, 25 хувийн албан татвар ногдуулахаар болсныг эсэргүүцэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүссэн байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Өргөдлийн байнгын хорооноос судалж байна. 

Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурорт ханджээ 

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой маш их гомдол, санал Өргөдлийн байнгын хороонд иржээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу судлан үзээд шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл